Араатны хаан арслан Муффасо гэж нэг ухаантай хааны тухай гардаг хүүхэлдэйн кино байдаг. Араатан хэдий ч ХААН л юм болохоор өөрийн гэсэн эзэмшил газар нутагтай, тогтоосон хууль журамтай. Мөн өөрсдийн гэсэн улс төртэй. Тэнд нь эрх мэдэлд шунасан атгаг санаатнаас бүрдсэн “Сорвит” гэдэг фракц байдаг. Энэ фракцийнхан хөөрхий нялх гэнэн Симбаг ашиглаж аавыг нь хорлож газар нутаг, эрх мэдлийг гартаа хийж авдаг. Мэдээж үлгэр юм болохоор сайхан төгсгөлтэй. Муу талын баатрууд ялагдаж Симба алдсан бүхнээ авч амар сайхандаа жаргадаг. Энэ хүүхэлдэйн киноны баатрын нэрээр зайрмаг хүртэл гаргаж овоо мөнгө хийсэн мэдрэмжтэй бизнесмэн ч манайд байгаа. “Симба Батаа” гэвэл томчууд бид олон Батын дундаас төвөггүй ялгаж таньдаг.
1
Өөр монгол үлгэрийн баатраар нэршчихсэн олонд танигдсан улстөрч, бизнесмэн зэрэг хүмүүс тийм их байхгүй. Улстөрчид болон нэрт хүмүүс бидний мэдэх монгол үлгэрүүдийн баатруудаар авгайлагдах бол хэцүүхэн дуудагдана. Атгаалжин мангас ....., Болдоггүй бор өвгөн .....тэр гуай, Царцаа намжил .... хэн гишүүн, Алтангургалдай .... хэн сайд, Хулагч гүү ... хэн хатагтай гэх нь тийм наалдацтай сонсогдохгүй.
Хэн бүхний мэдэх болсон “Араатны хаан Арслан” хүүхэлдэйн киног даваад гараад ирэх үндэсний гээд хэлчих эх орон, эрх чөлөө шударга ёс, тусгаар тогтнолын утга санаа өгүүлэмж бүхий үлгэрүүд минь хаачив.
1
“Монгол үлгэр цуврал-Сонсох ном”-д хүүхдийн хамгийн их сонсох болов уу гэж сонгосон байж болох үлгэрүүдийн жагсаалтыг харья.
Далай ноёны даанч тэнэг хүү, Морь наймаалсан нь, Долоон бор оготно, Бадарчин авгай хоёр, Үнэг ба хэрээ, Зуудаг ваар, Могжоохон даагатай Жогжоохон хүү, Үлгэр ярьсан нь, Онгироо ухна ба чоно, Хоолон дээрээ хөглөсөн нь, Долоон хожгор нэг можгор, Зусаг хонь гэх мэт үлгэрүүд байна. Эдгээрийн бүгдийнх нь агуулгыг мэдэхгүй ч нэрнээс харахад эх орон газар шорооны сэдэвтэй сургамжит үлгэр байгаа гэхэд эргэлзээтэй. Бүгд мэддэг хүүхэд бүр дурлан үздэг газар шороог сүйтгэдэг Сорвит, түүнийг зогсоож хөөн явуулдаг Симба шиг монгол үлгэр, хүүхэлдэйн кино үгүйлэгдээд байна. Газар шороогоо сэндийчихгүй байх тухайд хэзээ ч тархинаас нь үл арчигдах санамж болж суух тийм үлгэрийн тухай энд ярьж байна. Газар шороо бол миний гэр, миний ээж, миний аав шиг эрхэм зүйл гэсэн эх оронч үзэл санааг тээгч Үндэсний хэмжээний хүүхэлдэйн киноны баатрын талаар ярьж байна.
1
Дээр өгүүлсэн “Lion King” шиг холливуудын хийц зохиомжтой, газар шороогоо булаалгаж эрх чөлөөгөө алдахын цагт тохиох хар зурвасыг харуулсан, эх оронч үзэл санаа тээсэн бүхний мэдэх болсон монгол хүүхэлдэйн кино байна уу. Ийм монгол хүүхэлдэйн кино, жүжгийн баатар түүгээр нь нэрлэсэн зайрмаг чихэр амттан ядаж байна уу. “Симба” зайрмаг, “Тэмка” шокаладыг бол энд тооцохгүй.
1
Хар нялхаараа компьютер эзэмшиж, андриод ухаалаг утсанд дээр жоохон гараараа чөлөөтэй ажиллах хүүхдээрээ бид бахархаж л сууна. Харин хүүхдийн минь дуртайяа нухаж зугаацан суух ухаалаг утсан дээр татсан контентууд юу байдаг билээ. Элдвийн юм байх л даа. Хүүхдээ үзэг хараг гэж татсан байгаа нь их сайндаа “Миша Маша”-гийн адал явдал. Энэ цувралыг үзсэн хүүхэд асар зөрүүд, ойгүй сахилгагүй, ойр орчин, гэр орноо буулгагч зөрүүд Маша охиныг дуурайхаас, ажилсаг хөдөлмөрч өгөөмөр сэтгэлт Миша баавгайг тусгаж харахгүй юм. Миша бол Машагийн дүрсгүйтлийг тодотгосон байнга хэлмэгдэж байдаг өгөөмөр асрагч л юм. Машаг гэрээ нурааж Мишад хүндрэл учруулж дэггүйтэх бүр үзэж буй хүүхэд инээн хөгжиж баясана. Мэдээж дараа нь дуурайх гэнэ. Харин Симба бол өөр л дөө. Тэр аавтайгаа эх орон уудам нутгийн үнэ цэнэ, сайн муугийн тухай олон зүйлийг ярилцаж тэрийг нь багачууд бараг цээжилчихсэн байдаг. Ухаан орсон ихэнх хүүхэд Симбаг өөрийнхөөрөө үнэлж түүний эерэг талаас бяцхан оюундаа нэгийг авч үлдэж байгаа. Үүнийг арай том болсон хүүхэд ойлгох талтай гэж магадгүй.
1
Тэгвэл “Хорхой цоохондой хоёр” гэж байна даа. “Хорхой цоохондой хоёр”-ыг үзсэн хүүхэд бол тэр дороо амандаа хүлхэх чихрээс татгалзаж мэднэ. Аман дотроо тэр муухай хоёрыг оруулж цагаан шүдээ лоом жоотуугаар ухуулж идүүлэх гэх хүүхэд гарахгүй. Чихэр идэхээс шууд л татгалзана. Энэ хоёр баатрын шинэ анги гарч газар шороог, цэцэгт ногоон талбайг ухаж сэндийчин мод ургамлын үндсийг тасчин идэж үүнээс гол мөрөн, ой мод хэрхэн устахыг харуулдаг бол хүүхэд маань хадаас бариад газар ухах гээд гүйгээд байхгүй. Цэцэг таслаж тоглохдоо ч эмзэглэнэ. Тэд гоё цэцэгс, ой модыг сүйтгэгч “хорхой цоохондой” болохыг хэзээ ч хүсэхгүй юм. Энэ санамжаа тэд бараг насан туршдаа хадгалж магадгүй. Хожим хүүхдүүд минь төр барилцаж улс гэрээ авч явна. Магадгүй түүхийн эргэлгээр хэн нэгний шахаанд эх орноо, газар шороогоо харьд өгөх гэрээнд гарын үсэг зурах эсэхээ шийдэх эгшинд чихэнд нь “хорхой цоохондой” хоёрын “Сүүн шүдийг нь ухаж идье” гэсэн хахир дуу сонсогдож ч магадгүй. Ядуу өлөн зөлмөн байлаа ч эх байгальтай тогтоосон хүйн холбооны мэдрэмж, газар шороогоо сүйтгэх “хорхой цоохондой” болохгүй байх нялх багын санамж нь тийм амар арилахгүй.
1
Харамсалтай нь яг ийм идеал тээсэн үлгэр, хүүхэлдэйн кино бидний хүүхдэд алга. Сүүн шүдийг ухаж идэх “хорхой цоохондой хоёр” шиг хар санаатнууд газар шороо, эх нутгийг минь ингээд бас ухаад байж болохыг ойлгуулсан ганц сайхан дуу, хүүхэлдэйн кинотой болж тэрийг бүгдээрээ гар утас компьютертэй суулгаж хүүхэддээ хар нялхаас заавал үзүүлж байх хэрэгтэй байгаа юм. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Үүнтэй адил газар шороо бүтэн бол эх орон чинь бүтэн. Чихэр идэж тэднээр шүдээ ухуулахгүй бас өөрсдөө хорхой цоохондой болж газар шороогоо хүрз царилаар сэндийчихгүй. Энэ санамж л үр хүүхдүүдийн минь тархинд бат суудаг байх ёстой. Тэгэхээр бидэнд газар шороогоо гэдэг орчин цагийн “Алтан Өргөө” хүүхэлдэй кино хэрэгтэй байна.
1
Өнөөгийн төрд газар нутгаа сэндийчих, бусдад ухуулчих гээд байдаг олон “хорхой цоохондой” бий болсон талаар томчууд бид одоо шаагилдаж байна. Тэд өсөх насандаа “маамуу нааш ир” дууг дуулж сурсан байж таарна. Эх орон, тусгаар тогтнолын тухай түүх нийгмийн хичээл үзсэн байж таарна. Түүнийгээ цээжилж онц дүн авдаг байсан байж таарна. Эцэг өвгөд нь газар бүү сэндийч гэж зандардаг байсан дурсамж ч байгаа байх. Гэхдээ энэ бүхнээс олсон хүмүүжлийг нь өнгө мөнгөний эрх ашиг дор нь баллуурдаж чадаж байна.
1
Гэртээ хоёр телевизортой л биш бол хүүхдүүд өдөр бүр шахуу уул уурхай, газар шороогоо ухаж алт мөнгө олж байгаа талаар болон ам.доллар даллах гэж байгаа талаар мэдээ мэдээллийг шууд ба шууд бусаар байнга авч байгаа. Товчдоо маш олон “хорхой цоохондой” царил жоотуугаа барьчихсан яваад байгаа талаар харж сонсож байгаа юм. Гэхдээ тэд сүүн шүд ухахтай адил газар шороо сэндийчдэг “Хорхой Цоохондой” байдаг тухай үлгэр сонсож өсөөгүй болохоор энэ мэдээний ард байх аюул, сэрэмж дохиог тайлж ойлгохгүй өсөх юм.
1
Бас ийн газар сэндийчиж гол ус ширгээдэг “Хорхой Цоохондой” хоёрыг ямар сэтгэл тээсэн, эр зоригтой, эх оронч “Симба” хүү ялж, яаж хөөж явуулах учиртай үлгэрийн төгсгөлийг бас мэдэхгүй өсч байна. Тэд өөрсдийгөө эх орон, Монгол газар шорооныхоо эзэн “Хаан Муффасо” гэдгээ тийм ч сайн ухаарах завгүй андриод утсаар “Маша Миша”-гаа үзэн завгүй байна. Эх орон газар шорооны эзэд нь хэн нэг Хаан биш, Засгийн газар, Ерөнхийлөгч биш, дарга захирлууд биш, Засаг дарга бол бүүр биш. Харин нялх үр чи, чиний аав ээж, гэр бүл чинь бүхэлдээ ард түмэн БИД юм гэдгийг үр хүүхдүүдэд минь мартагдахааргүй ойлгуулах, том жижиггүй татагдан үзэж суух нэг сайхан үлгэрийн кино хиймээр. Түүгээр дамжин үе үеийнхний оюун санаанд нь орших “эх оронч” сэтгэлгээг баяжуулах хэрэгтэй байна.
Газар шорооны эзэд ирээдүй үе маань гар утас РС тоглоод завгүй, өөр юм харах сонсох сөхөөгүй л яваад байна.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/