Гар утасны ченж нарын гаарсан үйлдэл
2014-06-20

Гаалиар оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буруу мэдээлж, бага татвар төлөх цаашлаад татвараас зайлсхийсэн тохиолдол цөөнөөр тоологдохгүй. Ашиг олохын төлөөх энэ үйлдэл гаалиар тогтмол орж, гардаг наймаачдын хувьд мэргэшсэн ажил нь гэж хэлж болно. Тэр дундаа гар утас, түүний дагалдах хэрэгсэл зардаг ченж нараас байнга илэрдэг "но". Тиймдээ ч өнөөдөр гар утасны хоёр ч ченж гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шалгагдаж байна. "Теди" худалдааны төвийн гар утасны ченж А, Э нар 10 хайрцаг бүхий 1300 гаруй гар утас болон дагалдах хэрэгслийг нь Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхдээ гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн нь илэрч, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж байгаа.

7

Улаанбаатар хотын гар утасны худалдаанд зах замбараа байхгүй. Теди, Монтел худалдааны төвүүдэд лангуу түрээслэгчид байхад тэднийг дагасан гар дээрээс худалдаа хийгчид ч бий. Утас авна, зарна хэмээн холхих тэднээс чанартай бараа авна гэсэн итгэл төрөхгүй. Тиймээс ч иргэд Теди худалдааны төвийг зорьдог, тэндээс гар утас, дагалдах хэрэгслийг нь авдаг. Харин Теди-гийнхнийг энэ чиглэлийн монополь эрхийг эдлэгчид гэж хэлж болно. Тус худалдааны төвийн лангуу бүгд хувийн эзэмшил. Гэсэн ч Теди худалдааны төвд байрлаж байгаа гэдэг үүднээсээ сарын 400-800 мянган төгрөгийн түрээсийг Мобикомд төлдөг. Байрлал, лангууны хэмжээ зэргээс хамаараад түрээсийн төлбөр харилцан адилгүй. Зарим лангууг эзэд нь өөрсдөө ашигладаг байхад нөгөө хэсэг нь бусдад түрээслүүлнэ. Энэ мэтээр түрээсийн сүлжээ цааш үргэлжилнэ. Гар утасны ченж нараас гарч байгаа бас нэг зарлага нь худалдагчийн цалин. Сард дундажаар 600 мянган төгрөгөөр худалдагчаа цалинжуулна. Харин тэдний олж байгаа ашгийг тооцоход томоохон тоо гарна. Зөвхөн утасны дагалдах хэрэгсэл зэрэг жижиг зүйлс зардаг лангуу л гэхэд өдрийн сая төгрөгийн орлоготой. Орох гарах үүдний ойролцоо байрладаг бол бүр илүү, өдрийн сая төгрөгийн орлого энүүхний асуудал. Тэнд утасны гэр 5000-25000, цэнэглэгч 5000-30000, наалт 5000-10000 гэсэн үнэтэй байх. Харин энэ нь бодит үнээс 50 хувь давсан үнэлгээ. Бээжин, Хонгконгоос эдгээр зүйлийг 50 хувь хямд үнээр авдаг. Бөөндөж байгаа учраас үүнээс ч хямдаар үнэлэгдэнэ. Наалт л гэхэд 100 төгрөгийн үнэтэй байдаг гэх яриа ч бий. Харин бид хамгийн мууг нь 5000 төгрөгөөр наалгана. Нэгэнт буян үйлдэгч биш учраас ашиг харах нь зүйн хэрэг.

6

Гэвч тэр ашгийнхаа багахан хэсгээр татвар төлчихөд тэд хоосорчихгүй. Тээвэрлэлтийн зардлаа татвар хэмээн мэдэн будилж, татвар төлөхгүйгээр нэвтрэхийг хүсэгчид олон байдгийг гаалийнхан хэлж байна. Гаалийн ерөнхий газраас авсан мэдээллээр энэ төрлийн бүтээгдэхүүнээс 15 хувийн татвар авдаг гэнэ. Барааны үнэ, тээврийн зардлын хэмжээнээс хамаарч, хүн бүрийн халааснаас харилцан адилгүй татвар гарах ч үнэн бодитоор төлөгдөж байсан тохиолдол тун бага гэнэ. Учир нь бага татвар төлөхийн тулд наймаачид барааны хэмжээ, үнийн дүнгээ худлаа мэдүүлдэг. Хаанаас, ямар үнэтэй бараа авснаа баталгаажуулсан бичиг баримттай байх нь ховорхон тохиолдол аж. Ихэнх нь "надаас их татвар авах гэлээ, хууль дүрэм чинь хамаагүй" хэмээн аашлагчид байдаг гэнэ.

7

Монголын хилээр нэвтэрч, энэ газар нутагт ажиллаж амьдарч, эндээс мөнгө олдог бол хууль дүрмийг дагах нь хэн бүхний үүрэг. Хуулийн гадуур гишгэх гэсэн бүхэн зохих хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. Хятадаас, Солонгосоос авсан бараа бүтээгдэхүүнээ хэд дахин өндөр үнээр зарж, хөлжихийг иргэд дуугүй харж болох ч татвараас зайлсхийхийг төр зүгээр орхих ёсгүй.

6

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
гэрлээ:
за маш сонин юм болсон байна
2014-11-27