Бразил явсан бол баривчилна
2014-06-20

Туйлшрах хийгээд улс төржихийг ч бид нэг үзүүлж өгч байна даа. Энэ сарын 12-22-ны өдрүүдэд Бразил, Куба улсын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах тогтоол өвөртлөн сэм замд гарсан хөлбөмбөгийн фанат, төсвийн мөнгө үрэгч ИТХ-ын төлөөлөгчид илчлэгдэж  энэ цагийн хамгийн элэг буруу хүмүүс болох шахаад байна. Үүнтэй зэрэг “Бразил яваагүй нь гараа өргө” гэж хэн ч асуугаагүй байхад “би яваагүй шүү” гэж гараа гозгонуулж байгаа онцчууд бас байна.

1

НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн хөлбөмбөгийн ДАШТ болж буй орон руу туршлага судлахаар яваагүй гэдгээ ард түмэндээ мэдээллээ. Монголын "Бразилийн 18" хэмээн нэрлэгдээд байсан томилолтын багт орох 100 хувийн боломж байсан ч МАН-ын бүлгийн таван гишүүн ухамсартайгаар татгалзжээ. Тэд "эдийн засаг хүндэрч, урсгал зардлаа хэмнэх УИХ-ын тогтоол гарсан байхад Бразил руу хөлбөмбөг үзэхээр явах нь зохимжгүй. Тиймээс үргүй зардлаа хэмнэхийн тулд яваагүй" хэмээн эх орончоо илэрхийлэв. Гэхдээ АН-ын 18-ийг үрэлгэн зардлаар явахыг нь бас эсэргүүцээгүй, дуугүй л гар бариад явуулчихсан бололтой юм. Хэрвээ !!!. Нийслэлийн ИТХ-ын “Бразил-18” багийнхан  МАН-ын таван төлөөлөгчөө чирээд явчихсан бол энэ баг хэзээ ч илчлэгдэхгүй байсан байх. Улс төрийн “санаа” дутаж дээ.

1

Гэхдээ үлдсэн таван төлөөлөгч нөхөд цаг үеэ мэдэрч ПиАр хийгээд ч байгаа биш бололтой. "НИТХ-ынхан төсвийн мөнгөөр хөлбөмбөгийн тэмцээн үзэх нь" гэх сенсаациас бүүр өмнө нь Бразил явахгүй гэдгээ хэлж, нэрээ татаад авчихсан байсан юм байна. “Гүүд”. Ийм л байх хэрэгтэй. Одоо төрийнхөн ямар ч томилолтын мөнгийг өөрөөсөө гаргадаг хууль батлах хэрэгтэй. Туйлширвал туйлширсан шиг туйлшрах хэрэгтэй.

1

Бразил яваагүй баатруудтай бараг зэрэгцээд цочирдож гомдсон  Б.Гарамгайбаатар гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний нэр хүндэд халдсан, амь насанд нь заналхийлсэн дарамт шахалт ирж байгаа бөгөөд Газрын тухай хуультай холбоотойгоор гишүүнийг "ална, амь насыг нь хөнөөнө" гэх мэтээр дарамталж байна гэв. Энэ бас Гүүд санаа. Газрын тухай хууль Но-той байгаа явдалд энэ хуулийн талаар  хамгийн их ярьж тайлбарлаж зурагтаар гараад байгаа Б.Гарамгайбаатар гэдэг “Неро” буруутай. АН-ын ИТХ-ын нөхдийг “Бразил” явснаар нь ичээсэн, одоо газрын хууль батлалцах гээд байгаа муу гишүүдийг нэр цохон айлгая. Туйлшраад байцгаанаа. Тэгэхээр одоо газрын тухай хуулийн төслийг нээж ч үзээгүй гишүүд байвал гараа гозгонуулах хэрэгтэй. Та нар бол “Гүүд”. Жинхэнэ эх орончид мөн.

“УИХ-ын гишүүний тангараг өргөсөн хүний хувьд Монгол Улсад халгаатай хууль батлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэе. Өнөөдрийн өргөн баригдсан хууль нь өмнөх хоёр ч парламентын үед боловсруулагдсан хууль бөгөөд энэ хуулийг засч, залруулах ажлыг Ажлын хэсэг хийдэг" хэмээн Б.Гарамгайбаатар гишүүн учирласныг туйлшрагчид тоож сонсох ч үгүй байх. Туйлшрал бол туйлшрал. Энд бодох дүгнэх, эргэцүүлэх гэх хэрэггүй. Туйлшралыг тултал хийж байж гажиг болж, тэр нь олны анхаарлыг татна.

1

Энэ зун хэн нэг Их хурлын гишүүн, төрийн түшээ тэгш ойтой наадам хийж байгаа аймаг сумдын ойролцоо замаар давхиж харагдвал зогсоож шалгах хэрэгтэй. Тэд мэдээж төсвийн мөнгөөр бензин хийж наадам хэсэж байж таарна. Үүгээр АН-аас гарсан дарга нар яаж үрэлгэн загнаж төсвийн мөнгөөр гадаад дотоодод зугаалж байдгийг олонд дахин батлан илчлэх хэрэгтэй. Мэдээж МАН-ынхныг цуг явья гэсэн. Тэгэхэд нь “үгүй” гээд үлдэж өөр өөрийнхөө эдийн засгийн хэмнэлттэй “Прусс” машиндаа сууцгаасан байж таарна. Тэд эх орондоо хайртай болж буй тул хувийн бензинээрээ наадамласан. Энэ бол туйлшрал биш. Эх оронч чиг хандлагатай болж байгаа улстөрч хүний гаргах шийдвэр. Гүүд.

1

Ер нь бол улсын наадмаар их мөнгөөр наадаж болохгүй. Юун 2 тэрбум төгрөг. Ийм шийдвэр гаргасан эх орондоо хайргүй шадар сайд болон баяр наадмын комиссийн нөхдийг “эдийн засгийн хямралыг өдөөгчид, дэмжин хөгжөөгчид” гэж зарлах хэрэгтэй юм. Туйлшралыг туйлшруулж улс төр хийх нь “кайф”-тай. Туйлшрахгүй бол наадмын сүрд дарагдаад улс төр уйтгартай болох гээд байна.

1

Цаашид туйлшрах нь. Нийслэлийн төсөвт гадаад томилолтын арга хэмжээнд зарцуулахаар төсөвлөсөн 1.4 тэрбум төгрөгийг бүр юу ч үгүй хасуулж хотын захиргааныхныг гадаад харилцааны ажлаа фэйсбүүк, чатаар явуулж байх санаачлага гаргая. Мөн өнгөрсөн тавдугаар сар болон энэ сард Бразил явсан төрийн албан хаагч байвал бүгдийг нь илчилж баривчлах аян өрнүүлье. Яг хөл бөмбөг үзсэн нь тогтоогдвол эх орондоо орох эрхийг нь хассан ч яахав. Одоо явсан ИТХ-ын төлөөлөгчдийн зардлыг нь цалингаас нь төлүүлээд өнгөрүүлэх нь кайф-гүй байна. Татах асуудлыг ч тавья. Туйлширч байхад хууль хамаагүй, шууд татчихья. Мөн Бразилд хөл бөмбөгийн туршлага судлахаар яваагүй сайн дураараа үлдсэн тухайгаа зарласан нэр бүхий эх оронч төлөөлөгчдөд дараагийн сонгуульд ИТХ-д шууд ялсан батламжийг нь гардуулах ёслол зохион байгуулья.

1

Монголын “Бразил 18” багийг өмөөрсөн хүмүүсийг эдийн засгийн хямралыг өөгшүүлэгч, эх орондоо хайргүй “оны хүн” гэж мөн зарлая. Туйлширвал туйлширсан шиг туйлширцгаая.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин