Ордны салхивчнаас сумдад хүрэх “утаа”
2014-06-19

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нар  мэргэжилтний 20-ын автобусны буудлаас Төв шуудан хүртэл уралдахаар болсон зар гарч байлаа. Уралдаан өглөөний ид түгжрэлийн үе буюу 08:30 цагт эхлэх бөгөөд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг машинаар явах бол Г.Баярсайхан гишүүн явган алхаж, хэн нь түрүүлж “барианд орох”-оо үзэх тухай “сенсааци” дэгдсэн. Гэхдээ энэ халз уралдаан болоогүй байх. Тэр энэ түрүүллээ гэх юм уу, Г.Баярсайхан гишүүний амьсгаадсан зураг, тансаг “бенз”-ний өмнө ялсан байртай зогсох Л.Эрдэнэчимэг гишүүний инээмсэглэлтэй фото сурвалжлага харагдаагүй.

1

Одоо Л. Эрдэнэчимэг гишүүнийг нэг шинэ төрлийн уралдаанд шүүгчээр оролцохыг урьж болохоор байна. Хаа нэг газарт хуулинд заасан хориглосон бүсээс /тамхи худалдаалахыг хориглосон газар/ хэн хамгийн хурдан, хамгийн олон тамхи олж ирж чадах вэ гэдэг уралдаан хийлээ гэхэд сайндаа л 10 минутын дотор түрүү магнай тодорно. Мөн адил хэн хамгийн олон хууль зөрчин тамхи татаж байгаа нөхдийг “барих вэ” гэсэн уралдаан зарлах бол хотын төвийн дүүргийн захын нэг “пааб”-ны үүдэнд цугларахад л болох юм. Энд шүүгчдийн бүрэлдэхүүнд хяналтынхан хамт явж гудамж талбайд зөвшөөрөлгүй хогийн цэг бий болгож тамхины ишээр овоо босгож байгаа нөхдийг торгож улсад багагүй орлого олж бас болно. Парламентын сурвалжлагч нар ч баг болон уралдаанд оролцож ордонд нууцаар тамхи татдаг гишүүдийг “барьж” баярын бичиг авч болно. Уралдаандаа найдвартай амжилт гаргая гэвэл “Төрийн ордонд ч, яам тамгын газарт ч өрөөндөө тамхи татаж байгаа хүн олон бий” гэж хэлсэн Д.Сумьяабазар гишүүнээс тусламж авч болохыг зөвлөе. Хэдий сонирхолтой ч ийм уралдаан хийх нь арай ч дээ болох байх л даа. Гэхдээ тамхины хуулийн тухай асуудал яриа байсаар байгааг хэлэх гэсэн юм.

1

Монголд маань “Тамхины орчин” ямар байгаа талаар тоо баримтыг сөрөг муу жишээг нуршин өгүүлэх гэсэнгүй. 250 нь хорт хавдар үүсгэх чадалтай 4800 гаруй нэр төрлийн химийн бодис агуулсан утаат тамхийг өмөөрөх хүн байхгүй. Урт насалж эрүүл явья л гэвэл “против показания” шүү гэж хар багаас нь эмч нар хатуу сануулж ирсэн тул үзэл суртал шиг тархинд суусан тамхийг жигшигчид нийгэмд олонх болох байх. Тамхины никотинд донтож эрүүл мэндээ хөнөөгөөд байгаа хүмүүсийн өөртөө болоод өрөөлд учруулж байгаа хорыг хазаарлахын тулд “Тамхины хяналтын тухай” хууль батлаж мөрдүүлээд 2 жил болж байна. Тамхи татдаггүй олонхид таалагдсан, нийгэмд ашиг тустай хууль санаачилсан ч нөгөө талд тамхитай тангаргаар барилдсан мэт анд бололцсон тамхичдийн эсэргүүцэлтэй Л.Эрдэнэчимэг гишүүн тулгарсан. Тамхи татдаг цөөнхийн эсэргүүцлийг няцаах олон шалтгаан бий боловч хуулиндаа хуудуутай хандсаныг эргэн харахад бууж өгсөн болохгүй. Тамхи татаж болохгүй талаар хуулинд заахдаа хаана татаж болох талаар заагаагүй. Энэ нь тамхийг нэг мөр шахах хуулийн санаа байж болох ч хуулийг дээдлэхийн тулд төр иргэн хоёр харилцан хариуцлага хүлээх, хэн боловч хууль ёсыг чандлан сахих зэрэг хуулийн засаглалын үзэл санааг өдөр бүр жижиг боловч зөрчлөөр гажуулдуулах нөхцөл бий болгоод байгааг хараагүй мэт гүрийгээд байж болмооргүй. Баар уушийн газрууд дотроо тамхины утаагүй ч үүд орчим нийтийн эзэмшил талбай нь тамхины хууль бус хогийн цэг болсон. Сургууль цэцэрлэгээс 500 метр зайд гэдэг заалт нь тамхины лангуун доорх худалдааг цэцэглүүлсэн. Мэдээж энэ бүхэн бол наад захын, олон хүний л хэлж байгаа үглэл. Хөдөө сумдад бол хэрэгжилт нь үнэндээ тэг заасан буюу цаг тутамд зөрчигдөж байдаг хууль бол Тамхины хяналтын тухай хууль гэж болно.

1

Хаана татаж болохыг хуулиндаа зааж өгөөгүй тул тамхи татах нь алхам бүртээ хууль зүйн үр дагавар бий болгож эхэлсэн тул хэн нэгний эрх, ашиг сонирхолд их ч бай бага ч бай нөлөөлж эхлэх юм. Хэрэглээгээ хязгаарлуулсан “тамхичид” нууц байдалд буюу хуучны архины шагчдын арга хэлбэрээр ажиллах болсон явуулын /нийтийн болон хүүхдийн тоглоомын талбайгаар салхилж зардаг/, суурин /байр орон сууцны ойр орчим дэлгүүр ТҮЦ-үүд/ тамхи борлуулагч нараас яаж ямар дохио зангаагаар харьцаж, хаана хаанаас саадгүй тамхиа олж авах зэрэгт өнөөдөр бүгд гаршсан. Нууц байдалд орсныхоо хэрээр тамхи үнэтэй болсон тухайд бол харин яриа байхгүй. Өөрөө сайн дураараа хордож байгаа тул “хохь нь” гэж болно.

1

АН-ын бүлгийн дарга, гишүүн Д.Эрдэнэбат эр хүн шиг өөрийгөө илчилж ордон дотор хаалгаа түгжээд хууль зөрчдөгөө хэлээд МХЕГ-т шалгуулахаар болсон. Хяналтынхан ийм ээдрээтэй хэргээс бултаж “УИХ-ын тухай хуулийн дагуу гишүүн гэмт хэрэг хийснээс бусад тохиолдолд чуулганы танхимд хэлсэн үг хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй” учраас хариуцлага тооцох боломжгүй гэж мэдэгджээ. Тэгэхээр нь хууль зөрчигчийг Ёс зүйн дэд хороонд өгөв. Энэ нь бас их явсангүй. Тамхи татах нь хүний хэрэглээний асуудал болохоос ёс зүйтэй хамаагүй гэж Д.Эрдэнэбат гишүүн тайлбар өгөв. Ингээд ерөнхийдөө тамхичин гишүүнтэй  ганцаарчлан хийсэн Л.Эрдэнэчимэг гишүүний тэмцэл мухардсан. Энэ нь нэг талдаа сайн сайхан хийгээд нийгэмд хэрэгтэй хууль санаачлаад түүнийгээ хамгаалах гэж ядаж яваа нэгэн эмэгтэй гишүүний ганцаардал юм шиг харагдана. Гэхдээ энэ бол зарим талаар хууль амьдралд нийцээгүй, эргэж харах учир начир байгааг хамар доороос нь ойлгуулах гэсэн нэг гишүүнийх нь мөчөөрхөл юм. Энэ нь тамхийг үздэггүй, тамхи татдаг гэсэн хоёр гишүүний үл ойлголцол биш Тамхины хяналтын хуулийг хянаж хэрэгжүүлэх нь амьдрал дээр боломжгүй болохыг дээд түвшиндээ харуулсан хэрэг явдал.

1

Хуулиас бий болсон аливаа гажуудал сөрөг зүйлийг буцааж хууль батлах юм уу, түүнд өөрчлөлт оруулах замаар шийдэж болно. Хүн л болсон хойно сурсан хэрэглээндээ дөрлүүлж хууль зөрчөөд байгаадаа эмзэглэсэн зарим гишүүн өөрийгөө ч, өрөөлийг ч боджээ. Тэд тамхи татах цэгтэй болох хуулийн төсөл өргөн барьсан боловч байнгын хорооны хуралдаан дээр унав. Хэвлэлд бичсэнээр бол эл төслийг унагаахад Л.Эрдэнэчимэг гишүүн эмэгтэй хүний инээмсэглэл болоод ёс зүйн шахалтыг бусаддаа сайн үзүүлж, бүлгийнхээ хэдэн харчуудаа сайн бүлтэгнүүлсэн сурагтай.

1

Бид өөрсдөө сайн мэдэхгүй эргэлзээ төрүүлсэн асуудлыг шийдэхдээ “гадаадынхан яадаг вэ” гэж асуудаг. Хэдийгээр тамхичидтай хол хөндий, хүйтэн харьцаатай байдаг ч Л.Эрдэнэчимэг гишүүн хилийн чанадад олонтаа зорчихдоо тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгааг хараагүй гэвэл ёстой худлаа болно. Тамхины эсрэг хуультай л бол тамхи татах зөвшөөрөгдсөн цэгтэй байгаа. Санаачилсан хуулийг нь хэрэгжүүлэх нь амьдрал дээр үл нийцэл болж өдөр бүр зөрчигдөөд байгааг мэдсээр байж хууль хэрэгжүүлэх механизмийг нь бий болгох саналуудыг бүхий л чармайлтаар унагаад байгааг нь үнэндээ ойлгохгүй байна. Тамхины хуулийн хэрэгжилтийг хангах санаа бүхий хоёр ч удаагийн санал ийнхүү унаж байна. Эрхэм гишүүний энэхүү хуулиа цээжээрээ хамгаалах нь сайхан боловч сүүлдээ хувь хүний  хэт явцуурсан улайрал юм уу даа гэж ойлгогдохоор болж ирж байна.

1

Одоо мөрдөж буй “Тамхины хяналтын хууль” нь хуулийг зөрчиж болдог гэсэн сэтгэлгээг нийгэмд нутагшуулаад байгааг нийгэмд тустай тул гэх цагаатгалаар зөвтгөх эрхгүй. Хууль батлах дээд байгууллагын хүн хууль зөрчигдөж байгаа зөрчлийг засахын төлөө санаачилж батлуулсан хуулиа эргэн харахад буруудаж, ухралт хийсэн болохгүй. Хуулийг дээдлэхийн тулд төр иргэн хоёр харилцан хариуцлага хүлээх учиртай. Иргэн хүн хуулийг сахих үүргээ биелүүлэхийн тулд тийм нөхцөл бололцоон дунд байх ёстой байх. Тамхи татах цэг байхгүй болохоор хуулийг мөрдөж хаана ч татахгүй байх л ганц замтай. Гэтэл хаа сайгүй л тамхи зарж байна. Хаана татаж болж байна. Товчдоо тамхины хяналтын хуулийг хаа ч зөрчиж болж байна. Энэ зөрчлүүдийг халахын тулд тамхи татах цэг байгуулчихад л эхний удаа хангалттай байсан.

1

Хууль зөрчсөн зөрчил нийгэмд муу муухай зүйл болон харагддаг. Нөгөө талаас  байнга зөрчигдөөд байвал хууль зөрчиж болдог гэдгийг иргэдийн тархинд суулгаж, жишиг тогтоож байгаа нь бүхнээс илүү сөрөг үр дагавартай. Одоо мөрдөж буй “Тамхины хяналтын хууль” нь хуулийг зөрчиж болдог гэсэн сэтгэлгээг нийгэмд нутагшуулаад байгааг нийгэмд тустай гэх цагаатгалаар зөвтгөх эрхгүй. Хууль батлах дээд байгууллагын хүн хууль зөрчигдөж байгаа зөрчлийг засахын төлөө эрх зүйн зохицуулалтаа эргэн харахад буу өгсөн болохгүй гэдгийг дахин давтан хэлмээр.

1

Тамхи татах цэг байгуулах замаар ч юм уу ямар нэг байдлаар Тамхины хяналтын хуулийг амьдралд хэрэгждэг болгох зохицуулалт хийж, өөрчлөлт оруулах тухай асуудал дахин тавигдах ёстой. Энэ хэвээр амьдралд нийцэхгүй байгаа хууль зөрчигдсөөр байвал Д.Эрдэнэбат даргын хаалгаа түгжиж байгаад уушигласан тамхины утаа сумын сургуулийн танхимд  ч хүрч магад.

1

Таван хорын нэг тамхийг хязгаарлахыг олон хүн дэмжиж Л.Эрдэнэчимэг гишүүнд хотынхны 70 хувь “лайк” дарсан байж болно. Гэхдээ өдөр болгон хууль зөрчигдөөд байдаг жишгийг тогтоож болохгүй гэдэг дээр ардчилсан Монголын бүх иргэн 100 хувь гараа өргөнө.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин