Хойд хөрш Сочигийн өвлийн олимпийг 51 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтаар хийсэн. Олимпийн түүхэн дэх хамгийн их зардал. Сочигоос хоёр дахин том олимпийн хотхон бий болжээ. Олимпийн дараа яаж хэрхэн ашиглахаа өнөөг хүртэл шийдсэнгүй. Их Орост энэ зэргийн хөрөнгө оруулалт бол юу ч биш. НАСА-гийн Ангараг гариг дээрх судалгааны зардлын өртгөөс гурав дахин өндөр энэ үзүүлэлт 2012 оны Канадын Ванкуверийн олимп 8.7, 2008 оны Бээжингийн олимпийн зардал 40 тэрбум доллар гээд бодохоор толгой эргэм тоо байгаа биз. Оросууд олимпоо хийчихээд Сочигийн бүтээн байгуулалтыг бараг тоосонгүй. Хаа нэгхэн олон улсын уралдаан тэмцээн зохиогдоно. Тэрбумтангууд нь ганц хоёр байгууламж түрээслэхчээн болж байна. Энэ олимп Оросын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөр өргөсөн. Хуучны хүчирхэг байсан орос хилийн чинад дахь орос хэлтнүүдээ цуглуулах бодлогыг эрчимтэй авч эхэлсэн. Миний орос цус ийм хүчирхэг гэж омогшсон нөхдүүд газар сайгүй эх болсон Орос орон руугаа тэмцсэн. Гэхдээ нүүдэллэсэнгүй, оршин байгаа газар нутаг, юу байгаатайгаа Оростой нэгдэхийг хүслээ. Укрианы зүүн хэсэг тэр чигээрээ Оросын ашиг сонирхолд нэгдэв. Кримээс эхлүүлээд ээлжлэн дагаар орж эхэллээ. Украин юу ч хийж чадсангүй. Оросын нэр хүндийг асар өндөрт өргөсөн олимп зардал ихтэйдээ бус түүнээс илүү ашиг хонжоог улс үндэстэндээ авчирсан. Сочигийн уугуул оршин суугчид уулынхан өвгөдийнх нь ясаа тавьсан газар нутаг дээр олимпын цанын зам, цогцолбор барьж эхлэхээр ихэд уурссан ч тэр дор нь өвдөглөөд хэвтүүлчихсэн. Уулынхан хэчнээн омголон цустай билээ. Тэр дундаа өвгөд нь ясаа тавьсан ариун дагшин газрыг ингэж сэглэх нь бүү хэл ойртож очиход л удмын цусан өшөө нэхдэг хэцүү хүмүүс. Харин оросын хоёр толгойт бүргэд элбэгхэн тоншиж орхисон.
6
Геополитикийн бодлого ийм айхтар. Украины баруун хэсэг дэх хүн амын олонхи болсон орос хэлтнүүд улсаас тусгаар болж автономит муж улмаар Орос руу орохын тулд зүгээр л санал асуулга явуулаад л шийдэж байна. Хуурай газар дахь хамгийн том газар нутагтай Орос дэлхийн геополитикийн хүчтэй тоглогч болоход Сочигийн олимп ингэж тусласан юм.
5
Орост үр өгөөжөө өгсөн өндөр зардал Бразилд тусаа өгсөнгүй. Тэд өнөөдөр мундраа хутгаж сууна. Дэлхийн хамгийн их шүтэн бишрэгчтэй хөлбөмбөгийн дэлхий аваргыг зохион байгуулах гэж 11 тэрбум ам.доллар зарцууллаа. Хүн болгон нь хөлбөмбөгчин шахуу үндэснийх нь спортын ДАШТ-ийг зохион байгуулахад уг нь дүргүйцмээргүйсэн. Өмнөд Африкт зохион байгуулсан ДАШТ-д гэхэд гуравхан тэрбумыг зарцуулж байсан шүү дээ. Бразил зохион байгуулалтынхаа зардалд дахиад нэг тэрбумыг зарцуулах шаардлагатай гэж тооцоолоод байгаа. Харин гудамжинд хөлбөмбөгийн фанатуудын биш ДАШТ-ийг эсэргүүцсэн олон түмнийх нь үймээн самуун газар авлаа.
4
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд гуравхан долоо хоногийн хугацаа үлдээд байхад цэнгэлдэх хүрээлэнгүүд нь ашиглалтад ороогүй, бразилийн ниймгийн асуудлууд нь барагдахгүй байгаа нь энэ тэмцээнийг үзэхээр ирэх хэдэн сая жуулчныг хүлээн авахад бэлэн биш байна гэсэн үг хэмээн домогт хөлбөмбөгчин Пеле ч мэдэгдэж байсан. Аргагүй шүү дээ. Хэдий үндэснийх нь спорт шахуу ч гэлээ өдөр тутмынх нь таваг хоолноос илүү үнэ цэнтэй зүйл гэж юу байхав дээ. Нөгөө талаар Бразилийн эдийн засгийн уналт үргэлжилж ард иргэдийнх нь амьжиргаа доройтоод байхад юун ДАШТ зохион байгуулах билээ. Эхний ээлжинд 180 мянган тасалбар борлуулахаар болсны дийлэнхийг гадныхан болон Бразилийн баячууд худалдан авна. Энгийн иргэд хоосон халаасаа шавхаад ч тасалбар нэг бүрийн үнэ болох 90-1250 ам.долларт хүрэхгүй. Тэдний дундаж цалин 1250 ам.доллар шүү дээ. Ганц тоглолт үзчихээд юугаараа орон гэрээ тэжээх билээ. Үймээн самуунаас болж гадаадаас ирэх жуулчдын тоо 25 хувиар буурсан гэж ДАШТ-ийг зохион байгуулах хорооны гишүүн Пеле мэдэгдэж байгаагаас харахад тэмцээний дараа Бразилд гал ноцсон үйл явдал болох нь. Африкт өрнөсөн өнгөт хувьсгал латин Америкт ч өрнөх юм бил үү. Бразилийн эдийн засаг ДАШТ явуулахад зарцуулсан хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад ихэд эвгүйцнэ. Мэдээж ард олных нь тэмцэл гал дээр тос нэмнэ. Аливаа тэмцэл үймээнд хатуухан тооцдог халуун цустай испани хэлтнүүдийн засаг төр хийгээд иргэдийн тэмцэл гаарна. Мэдээж хаа ч байсан адил юм хойно улс төрийн ашиг хонжоо хайгсад толхилцооныг дээд хязгаарт аваачна. Бразил бол тивдээ толгой цохидог улс. Улс төр эдийн засгийн нөлөөлөл нь оройлох үүрэгтэй. Дагаад Венесуэл нэмэгдэнэ. Тэртэй тэргүй тэд эвгүй байгаа шүү дээ.
4
Энэ тоглоомд АНУ оролцож энхийг сахиулах нэрээр өөрийн дэг журмыг тогтоохыг эрмэлзэнэ. Эхлээд мэдээж ядарсан эдийн засагт нь тусламжийн гараа сунгана. Одоохондоо Оростой хийж байгаа тоглоомдоо тэд ялагдаж зүүн Европыг хяналтнаасаа алдаад байгаа болохоор гол түншлэгч Европын холбоотой түншилж таарна. Латин Америк бол тэдний хамгийн ойрын гол нөлөөллөө тогтоох гэж чармайдаг хязгаар. Эгзэгтэй боломжийг тэд яавч алдахгүй. Муу ёрлож байгаа юм биш. Сүүлийн үед дэлхийд тогтоод байгаа геополитикийн шатар ийм л дүрэм хэв маягтайгаар тавигдаад байгаа шүү дээ. Олимп, ДАШТ-үүд хүчирхэг гүрнүүдийн нөлөөллөө тогтоох гэсэн тоглоомын гол хөзөр болоод байна даа.
4
Н.Бадамжав
Уншиж байна |