“Гэртээ хариад амарч бай” гэх үгийг захирал даргаасаа сонссон хэн нэгэн баярлах л ёстой байх. Харин одоо бол уурлана. Амрах гэдэг нь цалингүй царай алдаж сууна гэсэн үг. Ингэж ажилчдаа ойр ойрхон амраана гэж уурыг нь хүргэдэг компани олон болжээ. Энэ нь цаанаа манай хүнийг найзтай нь хамт амраачихаад үлдсэн нэгээр нь 3 хүний ажлыг хийлгэчихэж байгаа юм. Захирал хөөрхий өөр аргагүй дээ л энэ шийдвэрийг гаргаж байгаа хэрэг. Зээлтэй, валютын ханшийн зөрүүнээс алдагдалтай, татварын дарамттай компаниудын үйл ажиллагаа суларч байгаа нь ажлын байр багасах иргэдийн орлого буурахад зохих нөлөөтэй. ААН-үүд бизнесүүд орлогынхоо 40 хувийг татварт татуулж байгаа гэдэг. Манай татварын орчныг таатай таагүй гэж маргалддагч өнөөгийн татварын орчин ААН-үүдийн бодит байдалд наалдахгүй байгаа дээр талууд санал нийлдэг.
.
Тэгэхээр татварын өндөр хувь хэмжээг бууруулж, бүгд жигд татвар төлдөг болж суурь баазыг нь томсгох ёстой гэдэг зарчмын санал дээр бизнесийнхэн ч улстөрчид ч нэгдмэл болох хандлага ажиглагддаг. Хоног хоногоор сураг нь наашилж байсан аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өчигдрийн чуулганаар хэлэлцэгдсэн ч буцлаа.
.
Ерөнхий сайд буцаагаад хавтаслаад гарсан энэ хуулийн төслийн гол өөрчлөлт нь юу байв. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуй нэгжид төсөвт төлсөн аж ахуй нэгжийн татварын 90 хувийг буцаан олгох мөн НӨАТ-ын босго 10 сая байгааг 50 сая болгох заалт байлаа. Хууль яагаад уначихав. Дахиад л намууд улс төр хийсэн хэрэг явдал болов уу. Энэ хуулийн өөрчлөлтийн төслүүд чуулганаар дэмжигдээгүйн шалтгааныг эрх баригчдын зүгээс МАН дээр хаяглаж байна. Зөрүүлээд МАН-ын бүлэг яагаад дэмжээгүй талаараа нэг хариулт өргөн барина. Үүнийг нь жоохон засварлаад МАН-ыг ард түмэндээ хайргүй нам гэж нэрлэнэ. Ингээд гараанаасаа улс төржсөн хууль нэг бол эргэж чуулганд орж ирэхгүй нэг бол элдэв эрх ашгийн тохиролцоон дунд эмтлүүлсээр танигдахын аргагүй засагдсан тал хууль болж гарч ирэх биз.
.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор дээрх хуулиудад өөрчлөлт оруулахаар болсон гэдэг. Гэхдээ энэ хуулийн өөрчлөлтөд сөрөг хүчин чимхээд авах төдийгүй жирийн бизнесменүүд эргэлзэж хургах асуултууд байгаа харагдана. Татварынхаа 90 хувийг буцаан авахын тулд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбумд хүрэх босготой байна. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбумд хүрдэг ААН нийт татвар төлөгчдийн хэдэн хувь байна. Ойрхны нэг судалгаагаар 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой ААН нийт татвар төлөгчдийн 86.3 хувийг эзэлж байсан. Харин 100 саяас 1 тэрбум хүртэл борлуулалттай нь 7.3, 2 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой ААН 0.9 хувь буюу ердөө л 400 орчим аж ахуйн нэгж байх юм. Тэгэхээр буцдаг хуулийн төслөөр 90 хувиа буцаан авах заалт нь толгой болж томорсон 400 орчим компанид үйлчлэх нь харагдаж байна.
.
Харин бизнес эрхлэгчид татварын орчны огт өөр, суурь өөрчлөлтийг хүсч байгаа. НӨАТ албан татварын хувьд босгыг бүр /10 сая/ байхгүй болгож бүгд жигд төлдөг болгох шаардлагатай байгааг олон удаа төрд хэлж байгаа. МҮХАҮТ-аас дэвшүүлж буй саналаар бол татварын өндөр хувийг багасгаж нэг жишиг болгож татварын суурь баазаа томсгох ёстой гэж үзсэн. Харин чуулганаас буцдаг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслөөр бол дээрх зарчмын шинжтэй өөрчлөлт тусгагдсангүй. НӨАТ-ын босго 10 сая нь 50 сая болж орж ирсэн. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум хүртэлх гэж босго хийж өгснөөр ААН-үүдийн 0.9 хувь буюу ердөө л 400 орчим аж ахуйн нэгжид тусах төсөөлөл бууж байна. Эндээс аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төсөл нь цөөн компанид хөнгөлөлттэй байх төсөл болжээ гэж хэлж болохоор. Шинэ хуулиар 90 хувиа буцаан авах боломж нээгдэх 400 гаруй компанийн нэрийг гаргаад жагсаавал зарим нэг улстөрчдөд хамаарах ашиг сонирхлын зөрчил харагдаж, жирийн бизнес эрхлэгчийн нэг ч компани хамрагдахгүй хамраараа таслуулж байж магадгүй. Үгүй ч байж болно.
.
Багагүй хугацаанд яригдаж нийгэмд хүлээлт үүсгээд байсан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээс буцлаа. Эндээс хуулийг төслөө сайн базаж эргэн харж усыг нь шавхах шаардлага байгаа нь харагдана. ААНОАТ-ыг бууруулж төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох зорилго дээр улс төржих нь утгагүй тул намууд цаашид үг саналаа амархан нэгтгэх байх гэж найдья. Ингэх өөр шалтгаан ч бий. Одоогийн манай парламентын гишүүдийн бараг 90 хувь нь ардаа том бизнестэй татвартай шууд бус холбогдох бизнесүүд юм. Тэгэхээр энэхүү татварын хуулийн өөрчлөлт дээр улаан цэнхэр намуудын болоод нийт бизнес эрхлэгчдийн эрх ашгийн нийцэл байгаа гэж болно.
.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |