“Хүргэн бэр”-үүд газраа өмчилнө
2014-06-17

Монгол Улс 2002 онд анх удаа Газрын тухай хуультай болсноос хойш нэгэн үе буюу 12 жил өнгөрчээ. Энэхүү хууль гарснаас хойш тусгаар тогтнолын баталгаа болсон газар шорооны тухай ойлголт энэ цагт эдийн засгийн агуулгаар баяжсаар байгаа. Бас асар их улс төржилтөөр баяжиж байна гэж эрх баригчид тодотгож байна. Энэ нь үнэн ч байх.

.

Газрын тухай хуулийн төслийн эргэн тойронд гарч буй мэдээлэл, хардлага няцаалтыг харахад энэхүү улс төржилт нь хоёр талтай. Ерөөсөө энэ хуулийн төслийн тухай ойлголт мэдээлэл олон нийтэд хангалттай биш байсаар ирлээ. Мэдээлэл хаалттай байх тусмаа л хардлага төрүүлж үүн дээр нь хэн нэгэн улс төржсөн тоглолт хийх гэх нь тодорхой. Жирийн иргэд 0,07 га газраа өмчилнө гэдгээс өөр бусад газар эзэмших, түрээслэх, ашиглах талаар ямар заалт яваад байгааг үнэндээ мэдэхгүй байгаа юм. Хэвлэл мэдээллийнхэн үүнийг нь тайлбарлаад таниулаад өгөх гэсэн ч хуулийн төслийг олж авч чадахгүй байна гэх юм. Тэгэхээр эрх баригчид хууль санаачлагчдын битүү хатуу хэлээд байгаа тайлбар дээр таамаг дэвшүүлж өгүүлбэрт нь задаргаа хийх мэт ядарсан аргаар энэ хуулийг төсөөлөх болоод байна. АН-ын бүлгийн даргын хэлснээр өчигдөр мэдэгдсэн газраар дамжуулж иргэдийнхээ зээлжих, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг баталгаажуулах гэж байгаа эрхэм санааг нь ойлгож байвч өмчлөх, эзэмших, ашиглах, түрээслэх эрх гэдэг дөрвөн өөр ухагдахууныг хуулинд яг яаж буулгаж байгааг иргэд таах төдий л мэдээлэлтэй байна.

.

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгыг тээсэн хуулийн төсөл ийм хардлагатай хаалттай явах хэрэггүй юм. Иргэдийн сонирхоод байгаа гол гол заалт зохицуулалтуудыг хэвлэлийнхэнд нээлттэй хэлж тайлбарлаж үүгээрээ иргэдэд эх сурвалжтай элдэв мушгиа хувиргалтгүй мэдээллийг өгөх хэрэгтэй. Газрын тухай хуулинд идэвхтэй байгаа анхаарал тавьж буй хэсэг бол малчид. Жалга довны бэлчээрийн маргаан хэрүүлээс залхаж байгаа малчид энэ хуулиар төрөөс зохицуулалт ирж магадгүй гэсэн хүлээлт бий. АН-ын бүлгийн  дарга Д.Эрдэнэбатын хэлж буйгаар бол энэ хуулиар бэлчээрийн асуудал хөндөгдөхгүй юм шиг байна. “Газрын тухай хуульд бэлчээр ямар ч холбоогүй болсон. Бэлчээрийг хувьчлахгүй. Уламжлалт ойлголт хэвээрээ байна. Бэлчээр бол монголын ард түмний уламжлалт ёс заншил, нүүдэлчин соёлыг хадгалж байгаа гол зүйл. Тиймээс бэлчээрийг хувьчлах тухай ойлголт байж болохгүй” гэж бүлгийн дарга нь хатуу мэдэгдлээ. Юу үнэн энэ үнэн байх. Үүнийг хэн нэгэн жиргэж хэлээгүй. Эрх баригч намын бүлгийн дарга хэвлэл мэдээллийнхэнд батлан хэлж байна шүү дээ.

.

Ё.Отгонбаяр гишүүн цахим хуудсандаа Газрын тухай хуулийн төслийн талаар “Газрын тухай шинэчилсэн хуулийн найруулгын дагуу Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Гэр бүлийн хамтын хэрэгцээнд газар өмчлүүлнэ” гэсэн заалт орсон байна гэж жиргэсэн. Үүний дараа харин хуулийн төсөл боловсруулагчид дуу орж Газрын тухай хуулийн талаарх зарим нэг төсөөлөл энгийн иргэдэд бууж эхэллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын 44 дүгээр зүйлд гадаадын иргэнд газар ашиглуулах тухай асуудлыг тодорхой зааж өгсөн байгаа юм байна. Яг хуучин хуулинд байснаараа байгаа. Газрыг дуудлага худалдаагаар борлуулахад анхны үнийг зарласан байна гэсэн ганцхан тодотгол нэмэгдсэн. Үүнийг орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэнэ гэсэн хуучин заалт нь хэвээрээ байгаа. Өөр ямар ч өөрчлөлт ороогүй байгаа гэж хууль санаачлагчид хэлж байна. Бараг өөрчлөлт ороогүй хуулийн өөрчлөлтийн тухай төсөл яваад байгаа ч юм шиг.

.

Ё.Отгонбаяр гишүүний жиргээний тухайд монгол хүнтэй албан ёсоор баталгаат гэр бүл болсон гадаадын иргэн харьяат хилээр орж ирээд 183 хоночихсон бол гэр бүлийн хамтын хэрэгцээнд газар өмчлөгч болох тухай жиргэсэн юм болов уу даа. Манай хүргэн, бэр харийн иргэн ноён “Х” өөрийн гэр бүлийн  өмчлөлийн 0.07 га газар хамтран эзэмших талаарх асуудал юм шиг. Харийн хүн, гадаадын харьяат иргэн байсан ч бай хууль ёсны гэр бүлийн гишүүн мөн тул гэр бүлийнхээ өмчлөлийн газраа зарах түрээслэхийг хамтран шийдэж оролцох эрхийг хуульчилсан хэрэг юм байна. Үүнд тэгтлээ эмзэглэх хэрэггүй биз гэх таамгаар иргэд ойлгож болох. Гэхдээ л хуулийн төслийн талаарх мэдээллээ нээлттэй байлгахгүй л бол “газрыг гайтуулах, бид мэдэхгүй юм яваад байна” гэсэн хардлага, улс төржилт байсаар л байх юм. Нууж хаасан юм шиг учир битүүлэг тайлбар гаргаж өгөөд байвал сөрөг хүчний зүгээс бэлэн жороор улс төр хийх нь тодорхой.

.

2002 оны газрын тухай хууль гарч байх болон өнөө үе хоёр олон зүйл утга агуулгаар өөр болсон. Уул уурхай дагасан олон сая ам.долларын хөрөнгө оруулалтын урсгал газрыг эргэлтэд ороогүй байхад нь эдийн засгийн үнэ цэнэтэй болгосоор байна. Бэлчээр нутгийн хэрүүл маргаан байн байн гарах болж хотын бидний мэдэхгүй хойд урд овоо уул жалгаа булаалдсан маргаан хөдөө малчдын дунд гарах нь ихэссэн. Алга дарам газрын амт хишиг болсон төмс сонгино чухал биш алга дарам газрын үнэ цэнэ хэтдээ хэд дахин өсөх үү гэдэг асуулт болоод байна. Хэн нэгэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, түрээслэх замаар газрын доорх баялгийг цөөн хэдэн хүний гарт өгөх зам нээгдвэл яах вэ гэсэн иргэдийн болгоомжлолд эрх баригчид эмзэглээд байх хэрэггүй юм. Харин сайн ойлгогдохоор, итгэл төрүүлэхээр хариулаад өгчих хэрэгтэй.

.

Газрыг өмчлөх, эзэмших зэрэг харилцааны эрх зүйн зохицуулалт бий болсноор гарах эерэг тал зөндөө бий. Газар тусгаар тогтнолын баталгаа гэдэг үзэл санаа улам баяжиж эдийн засгийн үнэ цэнэтэй болж, хөрөнгө оруулалт зээлийн баталгаа болж иргэн хүнд хаялгаа өгч эхэлнэ. Үүнийг ойлгох тал нь нийгэмд дийлэнх болно. Гэхдээ харийн хүнтэй гэрлээд нутагт нь очоод "Би танай иргэнтэй гэр бүл боллоо. Байнга амьдрах болсоор 183 хонож байна. Газар хамтран өмчлөх гэрчилгээгээ авья” гэвэл юу гэж хариулдаг юм бол гэж иргэд асууж байна.

.

Эдийн засгийг сэхээх цоо шинэ эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгараад байна. Үүнийг хийх нь төрийн үүрэг байх. Харин яаж “ЗӨВ” хийж өөрчлөх гэж байгааг ард түмэн мэдэж байх эрхтэй.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин