25 сая төгрөгийн өртөгтэй гоёл
2014-06-17

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, арчилж тордоход нэг жилд 25 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хийжээ. Харин энэ жил нийслэлийн ногоон байгууламжид зориулан 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ. Энэ мөнгөөр хотын гудамжинд цэцэг суулгаж, зүлэг, мод тарина. Бас түүнийгээ арчилна. Хаанаа ч хүрэхгүй, баталсан төсөвт багтаах гэж гуйж түйж байгаагаа захиргааны байгууллагын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн хэлж байна.

.

Жил бүр нийслэлийн гудамж талбайг цэцгээр гоёдог. Хэдэн зуун сая төгрөгөөр хэдхэн сарын настай цэцэг тарьж, хөрөнгө мөнгө салхинд хийсгэлээ хэмээн зэмлүүлдэг ч хотынхон энэ ажлаа үргэлжлүүлээд эхэлчихсэн. Зөвхөн энэ жил гэхэд 450 сая төгрөгөөр хотын гудамжинд цэцэг суулгана. 450 сая төгрөгөөр 30 мянган метр квадрат талбай буюу нийслэлийн 50-аад гудамжинд цэцэг суулгах аж. Одоогоор энэ ажил 50 хувьтай явагдаж байгааг хариуцсан мэргэжилтэн хэлж байна. Ихэнх нь нэг настай цэцэг ч, Канадаас олон наст үр авчирч, төв талбайн хонхтой цэцэрлэгт суулгаж, туршиж байгаа гэнэ.

.

Энэ жилийн цэцэгжүүлэлтийг Улаанбаатар нэгтгэлээс гадна Цэцэрлэгжилт, Соёолж зэрэг байгууллагатай гэрээ хийж, гүйцэтгүүлж байгаа аж. Улаанбаатар хотын төв цэг болсон Чингисийн талбайг цэцэгжүүлэх ажлыг Соёолж компани гүйцэтгэж байна. Төв талбайд 25 сая төгрөгийн цэцэгний ажил хийгдэх гэнэ. Талбайг тойрсон гэрлийн 16 шон дээр цэцэг өлгөж, Чингисийн хөшөөний шатан дээр ваартай цэцгүүд тавин, Сүхбаатарын хөшөөг тойруулан цэцэг суулгахад 25 сая төгрөг зарцуулна. Анх төв талбайн цэцгийн ажилд 120 сая төгрөг гэж тооцоолжээ. Гэвч нийслэлийн ногоон байгууламжид зарцуулах төсөв 25 тэрбум төгрөг бус 5.8 тэрбум болсон учраас төв талбайд зарцуулах мөнгө ч танагдсан байна. Тиймээс л ажлаа хийлгэхийн тулд бусдыг гуйх шаардлага гарч байгааг мэргэжилтэн нь дуулгав.

.

Мэдээж бид гоё, сайхан орчинд амьдрах хүсэлтэй. Бас зарим талаараа эрхтэй. Энэ үүднээс хотын гудамжинд цэцэг суулгаж, төсвийн хэдэн зуун сая төгрөгийг зарлагаддаг гэж ойлгодог. Харамсалтай нь зарлагадсан мөнгө үсрээд л дөрөвхөн сарын настай гэж бодохоор хайран санагдах. Аравдугаар сар гэхэд цэцгэнд зориулагдсан 450 сая төгрөгнөөс нүдэнд харагдаж, гарт баригдах ул мөр үлдэхгүй. Ганцхан зуны настай байснаа сануулан бүгд хатаж хорчийно. Улиг болсон хэллэгээр бол 450 сая төгрөг ингээд л салхинд хийсчихнэ. Тиймээс л арай өөр арга барилаар ажиллаж, өөр сонголт хиймээр санагддаг. Модод хүйтний улирал ирэхээр хатдаг ч дулаарахаар сэргэдэг. Яг л үүн шиг хаврын улиралд дахин сэргэдэг олон наст ургамлыг гудамжинд суулгавал жил бүр хэдэн зуун сая төгрөг зарлагадах шаардлагагүй болж ч магад. Энэ жил канадын үрийг туршиж байгаа гэнэ лээ. Тэр үр ургаж, жил бүр хэдэн зуун саяар зарлагаддаг ч үр ашгаа өгдөггүй ажилд жаахан ч гэсэн ахиц гаргаасай даа. Бид сайхан орчинд амьдармаар байгаа нь үнэн. Чухал нь түүний төлөө зарцуулсан нэг төгрөг ч үр ашигтай байхыг туйлаас их хүснэ.

.

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин