Эмч нарт хувь, хувьсгалаа салгахад нь "тусалъя"
2014-06-13

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид эмч нарыг төр, хувийн хэвшилд давхар ажил хийхийг хориглосон тогтоол гаргажээ. Сүүлийн үед моод болсон хэллэгээр бол эмч нарыг "давхар дээлтэй" байхыг хориглосон гэсэн үг. Өнөөгийн УИХ, Засгийн газраас л илүү оновчтой, зөв шийдвэр гаргаж гэж магтаж болно. Төрийн эрх мэдэлтнүүд улс орны эрх ашиг гэсэн том малгайн дор сандал ширээний асуудлаар хэрэлдэж суух хооронд амьдралын жижиг зүйлс орхигдож, хүрээгээ тэлсээр эцэстээ нийгэмд сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлсэн. Бүр цаашлаад ямар ч захирамж, тогтоол шийдвэрээр зохицуулагдахгүй том асуудал болсон байх. Үүний нэг жишээ нь эмч нарын давхар ажил.

6

Манай улсын томоохон эмнэлгийн томчууд нь бүгдээрээ хувьдаа эмнэлэгтэй. Томчууд гэдэг нь тасгийн эрхлэгчид, их эмч нар. Эх барихын, шүдний, бөөрний, зүрх судасны, тархи мэдрэлийн гэх мэтээр өөрсдийн мэргэшсэн төрлөөр хувьдаа эмнэлэг байгуулсан байх нь олонтоо. Улсын эмнэлэгт ажиллаж хуримтлуулсан туршлагаа хувьдаа ашиглахыг буруутгах нь утгагүй. Хамгийн чухал нь хувьдаа эмнэлэгтээ эмч нар улсын эмнэлгийн эмчийн үүргээ жинхэнэ халтуурддаг. Өглөөний 08 цагт ажилдаа ирдэг нь үнэн. Цайны цаг хүртэл улсын эмнэлгийн ажлыг халтуурддаг нь бас үнэн. Энэ хугацаанд эмчийн ааш аяг, өвчтнөө үзэж байгаа арга барил ямар байдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ байх. Түвэгшээсэн, загнаж зандачсан. Өвдөж зовж байгаа л бол миний өмнө сөгдөх ёстой гэсэн янзтай. Энэ маягаар цайны цаг хүртэл улсын эмнэлэг дээр "ажилласан" эмч үдээс хойшдоо алга болчихно. Хувийн эмнэлэгтээ ажиллахаар явсан нь тэр. Зөвхөн тэр эмчид үзүүлэх шаардлагатай нэгэн бол утасдана. Эмч бол хувийн эмнэлэг дээрээ дуудна. Харин тэнд улсын эмнэлэг дээр адсага шиг ааштай байсан эмч хайлсан тугалга шиг аашлах нь хачирхалтай. Бараг л орон дээр өргөж хэвтүүлэх нь халаггүй түшиж тулна. Ийм байдлыг өөрийн биеэр мэдэрч, харсан хүн олон биз. Учир нь энэ манай эрүүл мэндийн салбарын нийтлэг дүр төрх. Улсын эмнэлгийн ажилдаа хойрго, харилцааны соёлгүй хэрнээ хувийн эмнэлэгтээ илүү ач холбогдол өгдөг байдал эмч нарын цөөнгүй хувьд нь хамаатай.

6

Энэ байдлыг олж харсан Хөвсгөлийн удирдлагууд эмч нарыг давхар ажил хийхийг  хориглож. Хүсвэл улсын эмнэлэгт ажиллаад, хүсэхгүй бол хувийн ажлаа бодоод яв гэсэн нь тэр. Улаанбаатар, бусад 20 аймаг ч ийм шийдвэр гаргах хэрэгтэй. Эсвэл бүр Засгийн газар ч энэ шийдвэрийг гаргаж болно. Чадвартай, чадалтай эмч нар нь хувийн эмнэлэг рүүгээ явж, улсын эмнэлэг эзэнгүйднэ гэж нэг хэсэг нь бодож болно. Гэвч тэдний цаана мэргэжилдээ эзэн болсон залуу эмч нар өчнөөн бий. Клиникийн доктор, профессор гэсэн сэтэр зүүсэн хүмүүсийн сүрэнд дарагдаж, авьяас чадвараа нээж чадахгүй яваа нэг хэсэг ч бий. Тэр бүхэнд яагаад боломж олгож болохгүй гэж. Зөвхөн эмнэлэг ч биш эмийн санд хүртэл сүлжээ үүсгэж, өөрийн хувийн гэсэн бүхэндээ давуу эрх олгодог эмч нарыг хувь, хувьсгалын ажлаа ялгаж салгахад нь "туслах" цаг нь болсон. Эмч нар өөрсдийн хүсэл, өргөсөн тангарагийнхаа дагуу хувийн эсвэл хувьсгалын мөрөө хөөхгүй нь мэдээж. Тиймээс ч төрийн захиргааны байгууллагын оролцоо хэрэгтэй. Магадгүй Н.Удвал сайд үүнийг хийвэл өөрийнхөө карьерт том оноо нэмж болно. Эмч нарын эсэргүүцэлтэй тулгарах нь ч нийтийн эрх ашиг чухал уу, нэг хэсгийн ашиг сонирхол илүү юу гэдгийг яам толгойлж байгаа хүн мэдэхийн дээдээр мэднэ. Хөвсгөлийнхний эхлүүлсэн ажлыг Эрүүл мэндийн сайд дэмжиж, ажил хэрэг болгох эсэхийг харах цаг хугацаа бидэнд хангалттай бий, байсаар ч ирсэн.

6

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин