УИХ-ын жишиг ба ичиг
2014-06-12

“Хойшиллоо”. Энэ үгийг эхэндээ шүүхийн практикт нэвтэрсэн шинэ технологи юм байна гэж ойлгож байлаа. Дуулиант хэргүүд, том асуудлуудыг шийдвэрлэхийг  хойшлуулах түмэн шалтгаан хуулийн боломж байдгийг энгийн хүн ч хажуугаас нь хараад сурчихаар жишээ тохиолдлыг тоочвол их.

5

2013.06.03 ...холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон байсан ч хойшиллоо. ...Шүүх хурал эхэлмэгц шүүгдэгчдийн өмгөөлөгчид хойшлуулах хүсэлт гаргаж, мөн Ч.Хоролсүрэнгийн өмгөөлөгчид хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй гэсэн шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн дээрх шийдвэрийг гаргасан байна.

6

2013.08.13 ...“МИАТ-ийн” гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал дөнгөж сая Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас долоо хоногоор хойшиллоо.

2013.08.27 ....“МИАТ-ийн” гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд эхэлсэн ч тодорхой шалтгаангүй хойшиллоо.

6

2013.11.8 ..."МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг Улсын Дээд шүүхэд хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч өнөөдөр 12.00 цагаас өмгөөлөгчдийн хуралдаанд оролцохоор болсон тул хойшлуулах хүсэлт гаргасан байна. /Жич: Дээрх хуралдаанд оролцох байсан 17 өмгөөлөгчийн 10 нь Монголын өмгөөлөгчдийн холбооны ээлжит бус их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон аж/

 

Дуулиант хэргүүдийн шүүх хурал ийн тодорхой ба тодорхой бус шалтгаанаар хойшилсныг тоочвол урт дараалал гарна. МИАТ-ын хэрэг, Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх нарын  хэрэг дээр бол топ хойшлуулалтууд гарч ирнэ. Энэ жишгийг шүүхийн парактикт нэвтрүүлж нутагшуулсан хүн бол экс ерөнхийлөгч Н.Энхбаяр байх. Түүний бүх шатны шүүх хурал бүх боломжоор хойшилж байсан. Энэ нь дараа дараагийн томчуудын шүүх хурлыг тултал нь хойшлох хичээл гарын авлага болсон гэхэд болно. Ихэвчлэн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулдаг бол зарим тохиолдолд улсын яллагч гадаад дотоод томилолттой болсноос хойшилно. Шүүх хурлаа тулгаж байгаад өмгөөлөгчөөсөө татгалзана. Үйлчлүүлэгчийнхээ хавтаст хэрэгтэй танилцаагүй байж яаж өмгөөлөх билээ. Тэгэхээр хойшлуулахаас өөр аргагүй. Хойшлуулах өөр олон гарц бий байх. Хэлэлцэх асуудлыг хойшлуулдаг энэ жишиг дээд шатанд хууль батлагчдын танхимд үсэрхийлжээ.

 

УИХ-ын байнгын хороодоор хэн нэгнийг огцруулах эсэх тухай асуудал орох бол найдвартай хойшилно. Ихэнхдээ ирц бүрдэхгүй байх аргыг илүүтэй хэрэглэнэ.  Хуулийн хугацаа энэ тэр огт үйлчлэхгүй. Өөрсдөө хууль тогтоодог тул хуулиа давж зөрчиж болдог юм шиг байгаа юм. Харин Их хуралд хэн нэгнийг “хусах” асуудал ороод ирсэн хойно бол намууд ирцээ яс бүрдүүлнэ. Энэ нь нам томорч төр жижгэрсэн  засаглалын хямрал гүнзгийрсний шинж.

 

МАН-аас өргөн барьсан Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудал тогтсон жишгээр хойшлохыг үзүүлж өгч байна. МАН-аас огцруулах шаардлага өргөн баригдаад 14 хоног өнгөрч байхад байнгын хороо асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулсаар. Эхний удаад ирц хүрэлцэхгүй шалтгаанаар хойшлуулсан бол дараагаар нь ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр өөрөө өвчдчихсөн тул гэсэн шалтгаанаар хойшилсон. Гурав дахь удаад огцруулах үндэслэлд тодруулах зүйл байна гээд асуудлыг хэлэлцээгүй. Нам нь эрх барих дээд байгууллагаа элэг бариад байгаа юм уу, нэг сайдаа тайвшруулаад эрхлүүлээд байгаа юм уу. Эс бөгөөс хөшигний цаана хандыг нь сайн дарж авч байгаад авч үлдэх гээд шаналгаад байна уу бид таашгүй хэрэг болоод байна. Дэгээр энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой авч энэ тохиолдолд дэг мэг хамаагүй болдог тогтсон жишигээ барьсан хэрэг боллоо.

   

Тамхи татдаг эцэг хүүхэддээ тамхиа хая гэж хэлж болно. Өөрөө хордсон шиг үр хүүхдээ хордохоос хамгаалж байна. Харин хууль тогтоогч эрхмүүд хуулиа зөрчиж болдог жишиг тогтоочихоод иргэддээ хуулиа мөрдөхийг ичих ч үгүй уриалах нь зохисгүй. Энэ сэдэв дээр өөр олон жишээ татан хэлж болох авч энэ удаа “хойшлууллаа”.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин