НИТХ-ынхан төсвийн мөнгөөр хөлбөмбөгийн тэмцээн үзэх нь
2014-06-11

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг та бүхэн харж байна. Энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр гарсан энэхүү тогтоолд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 төлөөлөгч Бүгд найрамдах Куба, Бүгд найрамдах Бразил улсын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахыг тэмдэглэжээ. Нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй уг албан томилолтын зардлыг НИТХ-ын гадаад харилцааны зардлаас гаргахыг үүрэгдэн, дарга нь гарын үсгээ зурсан байна. Уг тогтоолын талаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Энхболдоос тодруулахад "Ямар ч тийм томилолт байхгүй. Худлаа мэдээлэл. Төсвийн хэмнэлт хийж байхад юун томилолт" хэмээн бухимдсан байдалтайгаар утсаа таслав. Д.Баттулга даргынхаа гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй албан бичгийг яагаад үгүйсгэх болсон нь тодорхойгүй. Магадгүй өөрийнх нь нэр томилолт авсан 18-ын дунд байгаа учраас ийм хариулт өгсөн байж болно. Гэхдээ үүнээс илүү анхаарал татах зүйл байна.

6

Энэ нь хурлын 18 төлөөлөгчийн Бразил, Куба улсад хийх албан томилолтын хугацаа. Тэд зургаадугаар сарын 12-22-ны өдрүүдэд тус улсад айлчлах гэнэ. Харин энэ хугацаанд манай хэдэд хурлын байгууллагаа танилцуулж, туршлагаа хүүрнээд сууж байх хүн олдох эсэх нь эргэлзээтэй. Тэр дундаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч орны албаныхан Монголын 18 төлөөлөгчид онцгойлон цаг гаргах нь юу л бол. Учир нь энэ хугацаанд Бразилийн Сан Паула болон Рио де Жанейро хотуудад “World cup 2014” болно. Дэлхийн 7 тэрбум хүний 1.5 тэрбум нь зөвхөн энэ тэмцээнийг үзэж, хамаг анхаарал нь хэн гоол хийж, хэний баг дэлхийн аваргын титмийг зүүх тухай бодож байх цаг хугацаа. Харин манай 18 Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж байх нь. Тэгээд бүр Бразил улсад.

6

Эндээс яагаад гэсэн асуултыг ургуулж болно. Тэдний томилолт яагаад заавал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй давхцав. Өмнө нь, хойно нь ер нь тэгээд цаг хугацаа өчнөөн бий. Байнгын үйл ажиллагаагүй нийслэлийн хурлынханд хийгээд байх их биш. Бас яагаад 18-уулаа гэж. Хэтэрхий олуулаа биш гэж үү. Нийслэлийн хурал 45 төлөөлөгчтэй. 18 гэдэг бол тэдний 40 хувь. Тэгэхээр 10 хоногийн хугацаанд нийслэлийн хурлын үйл ажиллагаа бүрэн зогсолтод орно гэсэн үг. Үүнийг асуудал биш гэж үзэж болно. Хамгийн чухал нь тэдний томилолтын зардлыг нийслэлийн хурлын байгууллагын гадаад харилцааны зардлаас гаргахыг нягтлан бодогч Ш.Шадвийдоржид даалгасан өгүүлбэр. Товчхондоо бол нийслэлийн хурлын 18 төлөөлөгч татвар төлөгчдийн мөнгөөр хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тодорхой хэсэг (1-2 тоглолт)-ыг үзэхийг албан бичгээр баталгаажуулжээ. Тэд Бразил улсын хурлын байгууллагатай танилцана, туршлага судална хэмээн халхавчлаад ч нэмэргүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө нь эсвэл хойно нь туршлага судлах боломж байсныг дээр хэлсэн.

6

Бразил явах 18 төлөөлөгчийн зардал хэдэн саяар тоологдоно. Улаанбаатараас Рио де Жанейрод хүрэхийн тулд нислэг дамжина гэж бодохоор нэг хүн хамгийн багадаа хоёр мянган ам.долларыг онгоцны тийзэнд зарцуулна. Тэд 18-уулаа учраас нэлээн том тоо гарах нь тодорхой. Дээр нь буудал бас бус зардал нэмэгдэнэ. Ер нь төсвийн чамгүй хөрөнгө тэдний хөлбөмбөгийн тэмцээн үзэх зардалд явах нь.

6

Эдийн засгийн хямрал, төсвийн хөрөнгийн хэмнэлт нийслэлийн хурлынханд лав үйлчлэхгүй бололтой.

6

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин