Усыг нь шахсан уу
2014-06-11

Бараг бүх мэдээ, үйл явдал “эдийн засгийн” гэх тодотгол угтвартай болжээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног, Эдийн засгийг босгох ОУ-ын форум, Эдийн засагт хөрөнгө оруулахаар казино байгуулах, Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд эдийн засаг хөгжлийн сайдыг огцруулах хэлэлцүүлэг гээд л. Бид эдийн засгийн асуудлуудаар халж эхлээд байна. “Бүхнийг фронтод” гэдэг шиг бүгдийг эдийн засгийг эрчимжүүлэхэд гэдэг уриатай амьдарч байна гэхэд хэтрүүлсэн болохгүй. Юу нь буруу гэж. Ам.долларын ханш арай ч дэндэж, төгрөг 30 хувиар сулраад байхад өөрөөр яах билээ. “Бүхнийг эдийн засгаа сэхээхэд зориулья”. Хийхийн хажуугаар сайн хийрхэж, үзэл сурталдах нь бидний араншин.

6

Харин хэрэг дээрээ Засгийн бодлого үйл ажиллагаа нь хэр байгаа оносон үлдэцтэй ажил болж, энэ хүрээнд хууль батлах хэлэлцүүлэг хэр тулхтай, чанартай  явагдаж байна. Өнөөдрийн эдийн засгийг сэхээхийн төлөө уриан доор хийж байгаа бүхэн улс орны эрх ашигт сөрөг байсан ч зөвтгөгдөж, зарим талаар хууль давсан байсан ч өршөөгдөх жишиг болох бий дээ. Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, гааль татварын элдэв хөнгөлөлтийн тухай хуулиуд гээд улс орны эд баялаг, эдийн засгийн баталгаа болоод тусгаар тогтнолд шууд хамаарах хуулиудад өөрчлөлт хийх аян эдийн засгийг эрчимжүүлэх ажилтай зэрэг өрнөж байна.

6

Чуулганы танхимд үгээ барж сөргөлдөж заримдаа муйхарлаж, эцэст нь олонхдоо “хүчиндүүлэх” сөрөг хүчнээс гадна хэлэлцэгдэж буй хуулиудад үг санал нэмж, төслөөр орж буй хуулийн өөрчлөлтүүдийг шүүн хэлэлцэж, нягталж сийрүүлж байгаа иргэний төлөөлөл, эрдэмтэн докторууд байна уу. Иргэний болон олон нийтийн төлөөлөл иргэдээс, хуулийн төсөл болоод засгийн бодлогыг шүүмжлэхийг  100 хоногийн хугацаатай түр хаасан юм шиг. Таг чиг.

6

Долоо хоног бүрийн эхэнд АН-ын зүгээс нэмэлт өөрчлөлт оруулах болон яаралтай батлах хуулиудын жагсаалтыг танилцуулдаг уламжлал тогтоод байна. 100 хоногийн хүрээнд хийгдэх ажлын шахаанд чуулганаар ёсыг бодож хэлэлцэгдсэн болоод шууд батлагдах болоод байгаа хууль тогтоолуудын жагсаалтыг багцалж нэг харах хэрэгтэй байх.

6

Ашигт матлмалын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, НӨАТ-ын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг яаралтай хэлэлцэх ёстой гэж эрх баригчид мэдэгдэж байна. Засгийн газраас яаралтай өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтад Тусгай зөвшөөрлийн тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль, мөн алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудаас алийг нь хувьчлах вэ гэдэг жагсаалтыг оруулж ирж, эдийн засгийг либеральчлахад анхаарал хандуулах ёстой хэмээн бүлгийн гишүүд санал нэгдсэн гэдгийг АН-ын бүлгийн дарга онцоллоо. 100 хоног буюу гуравхан сарын дотор батлагдах энэ олон хууль, нэмэлт өөрчлөлтийн усыг нь шахаж чадаж байгаа юм уу. Тэр чигт нь алдаа оноотой нь зүтгүүлээд алдаа гажуудал гарвал эрх баригчидтай нөхөж хариуцлага тооцох юм болов уу. 100 хоногийн ажлыг гацаасан хэрэгт орохгүйн тулд сөрөг хүчин ч тэгсгээд олонхийн аяыг дагана. Шударга ёс бүлгэм гэж байгаа ч шударгаар тохиролцдог болоод байгаа нь үнэн. Цаашдаа төр асуудлыг алдаатай тооцож, хууль тогтоогчид амаа авч хадуурвал яаж хазаарлаж, хяналтыг жинхэнэ утгаар нь хэн тавих болоод байна вэ. Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдэл, хориг тавих хэмжээний оролцоо нь хазаар болж чадахгүй, хүч дутахыг бид харж байна. Эдийн засгийн хямралыг засахын цаана засаглалын хямрал гүнзгийрсээр байгаа дүр зураг харагдаж байна.

7

Гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх нь 100 хоногийн шахаан доор батлагдах болсон. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн цаана төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон үндсэн хэдэн ордыг гадаадын хөрөнгө оруулагчдад найр тавин өгөх хор найруулагдаж эхэлсэн тухай хардлагыг сөрөг хүчин гаргаж тавьсан. Нэг сумын иргэдийн төлөөлөгч нэртэй намын элч төлөөлөгчид зонхилсон хуралдаанаар хэн нэгэнд эх орны баялгийг ухах эрхийг олгохыг хуульчлан батлахыг ард түмэн дэмжиж байгаа юу. Газрын тухай хуулинд ч харах юм их байгааг учир мэдэх хүмүүс нь хэлж сануулж байгаа. Эдийн засгийн хямралтай холбогдуулж газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, худалдах замаар мөнгө олохыг эрмэлзэж байна. Үүний цаана гадаадын иргэн ААН-д газрыг 60-80 жилээр эзэмшүүлэх заалт орж ирэхээр байгаа. Яаралтай батлагдах хуулиудын энэ олон болох болохгүйг хэн нягталж мухарлаж, ард түмэнд хэлж сэрэмжлүүлж өгөх вэ. 100 хоногт багтааж шинээр бий болгох эрх зүйн зохицуулалтууд нь эдийн засаг сэхээх гэж зүтгэж буй Засгийн газрын үйл ажиллагаанд суурь дэмжлэг болох нь гарцаагүй. Үүнтэй зэрэгцээд хэн нэг бүлэглэл, харийнхны эрх ашигт үйлчилсэн усыг нь шахаагүй хууль батлуулах “шахааны 100 хоног” өнгөрсөн байх вий гэж үг хаях нь эдийн засгийг сэхээх ажлыг улдан чангаасан болохгүй байх.

7

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин