Нийслэл хотын хүн амын ихэнх хэсэг нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Гэвч алдагдал нь орлогоосоо үргэлж хэтэрдэг гэх асуудал нийтийн тээвэрт байнга яригдсаар байна. Төр засгийн бодлогын гадна орхигдсон мэт олон жил болсноос нэг л өдөр ажилчид нь ажил хаяж удирдлагууд нь хэдэн тэрбумын алдагдлаа тоочин үйлчилгээний үнэ тарифаа нэмдэг нь нууц биш. Энэ түүх өнгөрсөн нэгдүгээр сард давтагдаж, хоёрдугаар сарын сүүлчээс эхлэн нийтийн тээврийн үнэ нэмэгдсэн. Нийтийн тээврийн салбарт гараад байгаа нэг маргаантай асуудал нь шинээр автобус оруулж ирэх тухай юм. Үүнийгээ тэд парк шинэчлэл гэж ярьж байна. Уг нь шинээр автобус оруулж ирэхээс илүүтэйгээр хийх зүйлс нийтийн тээврийн салбарт чамлахааргүй олон бий. Тухайлбал, нийтийн тээврийн компаниудын орлогыг төвлөрүүлж, чанараар хуваарилах, газар дээрх метроны зураглалаар маршрутыг өөрчлөн зохион байгуулах, үүний тулд дамжих суултыг үнэгүй болгоно. Гэтэл нийслэлийн удирдлагууд шинээр автобус оруулж ирж, тэндээсээ мөнгө завших тухай бодохоос өөр оновчтой шийдэл гаргахгүй байна гэхэд хилсдэхгүй.
6
Өнөөдөр нийслэл хотод үйлчилж байгаа нийтийн тээврийн тоо тийм ч цөөн биш. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 24 компанийн 1000 гаруй том оврын, 700 гаруй жижиг оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээний үүрэг гүйцэтгэж байдаг. Ийм байтал дахин 150 автобус оруулж ирвэл замын түгжрэлээс эхлээд асуудал нэмэгдэнэ гэсэн үг юм.
5
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрсөн 20 тэрбум төгрөгөөр БНСУ-д үйлдвэрлэсэн нэг бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй 150 автобус худалдан авах талаар хотын удирдлагууд ярилцаад шийдвэрлэх шатандаа явж байна гэдгийг Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон хэлж байна. Тус санд төвлөрсөн мөнгө нь дээрх автобуснуудын зөвхөн урьдчилгаа төлбөрийг төлж хүрэлцэхээр байгаа юм. Нөхцөл байдал ийм байхад өр зээл тавин байж, ийм өндөр өртөгтэй автобус худалдан авах тухай ярьж суухын оронд нэгдсэн сүлжээ төлөвлөлтөд оруулах замаар одоо шугаманд явж байгаа автобуснуудын маршрутын давхцлыг арилгах нь үүнээс хэдэн хувь дээр ажил болно гэдгийн тэд хэлж байсан юм. Нийтийн тээврийг ухаалаг болгох талаар сүүлийн үед нэлээн ярьж байна. Гэвч автобусны тоог нэмэхээс биш иргэдэд ухаалаг үйлчилгээ хүргэх талаар хотын удирдлагууд ярихгүй байгаа нь харамсалтай. Одоогийн байдлаар нийтийн тээврийн тоог нэмэхээс илүүтэйгээр ямар ажил хийгдэх нь чухал байгаа юм.
6
Нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээ иргэдэд үр ашгаа өгөх үү гэдэг асуултад хариулах арай л эрт байна. Ухаалаг үйлчилгээ гэж чухам юуг хэлээд байгааг зарим иргэд ойлгохгүй л явна. Амандаа орсон чамин нэр томьёог хэлээд үүнийгээ харьцангуй шинэ ойлголт төдийгүй, давтагдашгүй сайхан зүйл мэтээр иргэдэд ойлгуулж, тархи угаах үйл ажиллагаа явуулдаг нь дээд удирдлагуудын нэг талын бодлого гэж хэлж болно. Харин энэ талын бодлогоо нийслэл хотын ихэнх нь үйлчлүүлдэг нийтийн тээврийн салбарт хэрэглэх нь тийм ч таатай зүйл биш юм.
6
Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх санд байгаа 20 тэрбум төгрөгийг ямар нэгэн зүйлд зарцуулахгүй бол нийслэлийн удирдлагуудын нойр нь хүрэхгүй байгаа бололтой. Ядаж үнэтэй автобус олноор худалдан авч урьдчилгааг нь ч болов хийхгүй бол 20 тэрбум төгрөг салхинд хийсэх гээд байгаа юм шиг тэдэнд санагдаж байгаа мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлж байна. Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа 1000 гаруй том оврын автобусаар иргэд боломж бололцоогоороо үйлчлүүлж байна. Замын түгжрэл, хүний бөөгнөрөлийг нийслэлийн удирдлагууд шийдэж чадах биш. Гэхдээ нэмэр болохгүй юмаа гэхэд нэрмээс болохгүй байвал зүгээрсэн. Буудал дээрээ багтаж шингэхгүй 20-30 минут болж байж иргэдээ буулгаж байгаа автобуснууд дээр ахин 150 автобус нэмж үйлчилгээнд явуулвал замын түгжрэл буурна гэдэг юу л бол. Үүний оронд зорчигчдоо хүндэтгэсэн хүндэтгэлтэй үйлчилгээг бий болговол илүү үр дүнтэй гэдгийг Нийслэлийн удирдлагуудад дуулгая.
6
Н.Бадамжав
Уншиж байна |