Хүн төрөлхтнийг өмнөө сөхрүүлж, “сэтгэлийг нь эзэмдсэн хойно бие нь хаа дутаах вэ” гүн ухаанаар дэлхийг удирдаж явсан бидний өвөг дээдэс малчид, анчид байснаас алуурчид байсангүй. Ан авд мордсон ч хайрлах, хүлцэхүйн уужуу ухаанаар учиртай хандаж байсан тухай амнаас ам дамжсан олон арван домог бий. Түүний бодит жишээ нь Нууц товчоо. Тэмүүжин Бөртэ хатнаа, ард иргэдээ алдаад хамгийн үнэтэй гэсэн булган дахаа бэлэг болгон Тоорил хаанд барьж, тусламж хүссэн жишээг энд дурдаж болно. Үүнд ихэд баярлан Тоорил хаан,
_
Хар булган дахны чинь хариуд
Хагацсан улсыг чинь хамтатгаж өгсү
Булган дахны чинь хариуд
Бутарсан улсыг чинь бүрдүүлж өгсү
Бөөр нь бөгсөнд
Цээр нь цээжинд атугай... хэмээсэн байдгийг бид мэднэ.
.
Эндээс үзвэл бид анчин, малчин монголчуудад ангийн арьс ямар үнэ цэнэтэй хэрнээ ховор байсныг харж болох мэт. Өгөөдэй хаан алив амьтныг тоотой агнахыг хийгээд үржил төлийн цагаар агнахыг эрс хориглосон хууль батлаж байлаа. Түүн дотроо хун, ангир шувуу агнахыг эрс цээрлэхийг чандлан зарлигдаж байлаа.
.
Өнөөдөр булган дээл өмсч, бугын арьсан гутал жийгээгүй бол хүн биш юм шиг хандах болжээ. Гэтэл Барселон хотын төв талбайд он гарахаас өмнөхөн цусанд будагдсан 20 гаруй нүцгэн эмэгтэй, хасах 10 хэмийн хүйтнийг ч тоолгүй гурван цагийн турш цементэн дээр чимээгүй хэвтэв. Тэд үслэг эдлэлээр гангарах дуртай хүмүүст зориулан хэдэн сая амьтдыг тамлан алдаг явдлыг эсэргүүцэн чимээгүй хэрнээ хамгийн аймшигт жагсаал хийсэн нь тэр. Дунджаар нэг дээлийг хийхийн тулд 50-100 булгыг амьдаар нь арьсыг нь өвчдөг гэсэн тооцоо бий. Хамгийн үнэтэй сорлог арьстай өхөөрдөм шиншилла бол түүнээс ч их, нэг шуба хийхэд л багадаа 100-150 ширхэг арьс ордог. Тиймээс ч дэлхийн одод түүгээр гангарах дуртай. Харин үүнээсээ болоод олон нийтийн дунд рейтинг нь навс унасан жишээг бид Мадоннагийн үйлдлээс харж болно. Дэлхий хулгайн анчид, арьсаар шуба үйлдвэрлэгчдийн эсрэг хүчтэй дуугарч байна. Харин манайд бол эсрэг тогтолцоо үйлчилж, хэвлэл, телевизээр хэний эхнэр хэрхэн гангарсан тухай амаа олохгүй магтаж байна. Сүүлдээ байгаад өмд сольж байгаа мэт булган шубаа өнгө, ёозоор нь өөр өөрийг өмсч уралддаг болсон. Дэлхийд жилдээ таван сая булганы арьсыг өвчин дээл хийж байгаагийн хэдийг нь монголчуудад зүүлгэснийг тооцох аргагүй ч хүн амынх нь тоонд хувилбал дээгүүр дүүлнэ үү гэхээс хойшоо жагсахгүй билээ.
.
Мал муулахыг хүүхдэдээ харуулдаггүй монголчууд энэ бүх дэмийрэл, харгислал, хядлагыг хойч ирээдүйдээ чөлөөтэй үзүүлж, тэднийг дараагийн “алуурчид” болгох дасгалыг хийж байна. Гадны алаан хядаантай киноноос гадна амьтныг зэрлэгээр хөнөөсөн өөрсдийн бичлэг, зургаа бахархалтайгаар олон нийтийн сүлжээнд оруулахыг харсан, үзсэн хүүхдүүд энэ бүхнийг жигшихээсээ илүүтэй энгийн үзэгдэл гэх сөрөг сэтгэлгээнд бага багаар дассаар иржээ. Хүүхдүүд томчуудаас суралцан хайртай нохойн гөлөг, муужгайгаа элдэвээр тамлах, чулуудах нь энүүхэнд болжээ. Тэр ч бүү хэл бусдыг буудан хороож, амиа егүүтгэх тохиолдолд ч цагдаагийн бүртгэлд бүртгэгдэх болов. Тиймээс л бид энэ бүх тэнэглэлээ зогсоож амийг таслах хүйтэн зэвсгийн овоо хараагаар амьтны сайхан руу шагайхын оронд гэрэл зургийн аппаратанд буулган үлдээвэл сайхан биш гэж үү? Гэрэл сүүдрийн сайхныг мэдрэх гоё биш гэж үү? Анчин гэж алуурчин болж, өөрсдийгөө хуурахын оронд хамаг амьтны тусын тулд ангийн буугаа аппаратаар соливол ямар вэ? Агнахдаа бус амь хэлтрүүлэхдээ анчин хүний ухаан оршдог гэдгийг даанч ойлгохгүй юм даа.
.
Зуны дэлгэр сайхан цаг болж байна. Хүн болгон л хөдөө тэмүүлнэ. Болж л өгвөл тарвага намнах санаатай. Зам гудас дагуу тарвагны мах боодог ноднин 50 мянгад хүрч байсан бол энэ жил түүнээс ч илүү хадах төлөвтэй. Хуулиар чанд хориглочихоод байхад ч тарваганы амь цэцэн бууны овоо хараан дор байсаар л байна. Буга согоо, зээр гөрөөс, чоно хотын аялагчдын арааны шүлсийг асгаруулна. Байгаль хамгаалагч нар хурдан буу, бартаат замын унаа тэрэгтэй намнагчдыг ганц мориор хөөгөөд барахгүй. Монгол орны хаа сайгүй буун дуу тасрахгүй байна. Илрүүлж байгаа нь дэндүү цөөхөн илрэхгүй амташиж байгаа нь түүнээс ч олон байх юм даа.
.
Н.Бадамжав
Уншиж байна |