Тэд ядуу, бид үгээгүй ядуу
2014-06-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүн Ц.Оюунбаатар “УИХ-ын гишүүний цалин амьдралд хүрэлцэхгүй, өөр эх үүсвэрээс амьдралаа залгуулахаас аргагүйд хүрч байна” хэмээн жирийн биднийг цочирдуулав. Сарын 500 мянган төгрөгөөрөө амьдралын бүхий л асуудлаа зохицуулаад явж байгаа энгийн нэгний хажууд 1.5 сая төгрөгийн цалинтай дээр нь утасны төлбөр, унааны зардлаа улсаас гаргуулдаг төрийн түшээ ингэж хэлэхийг юу гэж бодох ёстойг мэдэхгүй юм. Ганц Ц.Оюунбаатар гишүүнд хүндрэлтэй байгаа биш бололтой. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын ч амьдрал бас хэцүүдэж эхэлжээ. Тэрбээр "УИХ-ын гишүүд 1.5 сая төгрөгийн цалинтай. Бүх юмны үнэ 20-30 хувиар өсчихөөд байна. Би чинь аав, ээж, ах, дүүтэй. Манай аав, ээж хоёр минь тэтгэврийн хөгшид. Тэтгэвэр нь нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Авдаг юмных нь үнэ өсөөд байна" хэмээн бэрхшээлээ тоочжээ. Энэ мэтээр амьдрал нь "хүндэрч" байгаа төрийн түшээд цөөнгүй бололтой. Товчхондоо бол тэд элит түвшний амьдрал доошлоод байгаа юм уу даа. Заримынх нь дунд, бүр ядуу түвшин рүү орж, зиндаа доошлох гээд тэвдүүлж байгаа бололтой. Итгэхэд хэцүү ч өөрсдөө л ингэж ярьсан.

6

Би сарын 600 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс хэд хэдэн шимтгэл төлөөд гар дээр хэд ирэхийг та бүхэн мэднэ. Би бас тэтгэврийн аав ээжтэй. Я.Содбаатар гишүүнийхээс ялгаатай нь тэдний маань тэтгэвэр хамгийн сүүлд 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Тэгээд сарын 200 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Би мөн үр хүүхэдтэй. Тэр маань идэж ууна, өмсч зүүнэ, цэцэрлэгт явна. Дээр нь би байрны зээлтэй. Тэрэндээ сард 300 мянган төгрөг төлдөг. Хажуугаар нь би байр, утасны төлбөр, унааны мөнгө гээд урсгал зардал мундахгүй. Энэ бол дундаж түвшний жирийн нэгний амьдрал. Түүний хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдсэн. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараас ялгагдах зүйл нь түүнд амьдралаа залгуулах өөр эх үүсвэр байхгүй. Я.Содбаатараас огт өөр бас нэг зүйл нь зогсолтод орчих гэж сандаргаж байгаа хувийн бизнес ч үгүй.

6

Сарын 1.5 сая төгрөгийн цалинтай, дээр нь төрийн хангамжтай хүмүүс халаглаж, дундчуудын эгнээд орчих гэж сандарч байна. Тэгэхээр дундын бид автоматаар ядуучууд болж хувирах нь. Сарын 600 мянган төгрөгийн цалинтай, хоосон хонодоггүй гэж хичнээн гүрийгээд ч нэмэргүй, шууд л ядуу. Харин хоосон хоночих шахан, өнөө маргаашийг үлгэн салган өнгөрөөж байгаа ядуучууд бүр үгээгүйчүүд болно. Траншейнд хонодоггүй, өөрийн гэсэн орох оронтой, цатгалан биш ч өл алддаггүй байсан ч хамаагүй үгээгүй ядуусын эгнээнд орно. Шуудхандаа бол УИХ-ын гишүүдийн ярьж байгаагаар хүссэн хүсээгүй монголчуудын амьдрал нэг нэг шатаар доошилж, дээд давхаргынхан дунд болж, дундынхан доод руу орж, доодынхонд газрын гаваас өөр орох газар олдохгүй нь. Уг нь бид өөр өөрсдийнхөө амьдралыг доош нь оруулахгүйн төлөө хичээж байгаа.

5

Эдийн засаг хямарсан гээд элэг доог хийх зүйл ярихгүй байвал зүгээрсэн. Сарын 600 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлстэй хүний дэргэд 1.5 сая төгрөгийн цалинтай хүн амьдрал хэцүү байна гэж ярихаар даапаалал ч юм шиг сонсогдох юм. 600 мянган төгрөгийн цалинтай хүнийг Нарантуул захаас хэрэгцээгээ хангадаг учраас хангалттай гэж бодов уу. Нөгөө бол бүр идэж уудаггүй, өмсч зүүдэггүй хэмээн эндүүрэв үү. Атаархуу зан ч юм уу. Ямартай ч УИХ-ын гишүүд "миний амьдрал хэцүүдлээ" гэж ярих нь таалагдахгүй байна.

5

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин