Боловсролын шинэчлэл ба боловсон сөргөлцөл
2014-06-09

Манайд аливаа шинэчлэлийг их этгээд гэмээр хүлээж авах юм. Хийрхэл нэг бол захиалгат хэлмэгдүүлэлт, нөгөө бол “намайг хусах” операци гэх байдлаар  шинэчлэлийн цаад зорилгыг бүдгэрүүлж явцуу хүрээнд тусгах, үүнийгээ бусдад батлан ойлгуулах нь хамгийн чухал мэт аяглана. Ер нь бол хуучин сэтгэлгээ арга барилд минь зохицуулаад шинэчлэлээ хий гэсэнтэй адил. Төрийн зүгээс хэрэгжүүлэх аливаа шинэчлэл нь хэдий хэр том салбар хүрээг барьж авна төдий их эсэргүүцэл үзэж, хаалт ханатай тулгарна. Үүнийг цагдаа хүчний байгууллагыг өөрчлөх, хуулийн засаглалыг төгс болгох шинэчлэлийг гардсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний тэмцэл, дээд боловсролыг “ТҮЦ”-нээс гаргаж оюутнуудад сонгох боломж олгох гэсэн Ш.Гантөмөр сайдыг бодлогогүй гэж дүгнэсэн “доктор” мэдэгдлүүд, Гэмтлийн эмнэлгийнхээ гэмтлийг эмнэх гэсэн Н.Удвал сайдын дайралтад өртсөн түүх зэргээс харж болно. “Үйлдвэрлэгч болцгооё” гээд өр тавигчаараа цоллуулж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимыг чиглэж буй зарим нэг улс төржсөн дайрлагаас шинэчлэлийн замд хаана нь ямар ч хана босгож болохыг бид хамтдаа харж л байна. Ерөнхий сайд ч цагтаа бас намаа бодож засаг баригч хамтрагчдаа ингэж гацааж байсан л даа. Шинэчлэлд сонин гэмээр “реакци“ үзүүлж байгаа хамгийн ойрын жишээ болгож сүүлийн саруудад ширүүн өрнөж, чихний хонх болсон их дээд сургуулиудын талцлыг энд онцлон дурдаж болохоор байна.

.

Эрхэм ариун зорилгот боловсролын салбарынхны хэвлэлээр бие биендээ шидсэн гар бөмбөг болоод оюутнууддаа зориулж хөөргөсөн хов живийн бөмбөлгүүд олон боллоо. Гэхдээ энд боловролын салбарын болох болохгүйн тухай, шинэчлэлийн хөтөлбөр зорилтыг засаж сайжруулж төгс болгох тухай санал хэлж, хэвлүүлж нийтлүүлсэн нь тун бага. Ардын үр хүүхэд арай дээр мэдлэг чадвартай болох тухайд, оюутан сурагчдыг үнэт зүйлтэй болгох, эзэмшсэн мэдлэг боловсролоороо амьдрах чадвартай болох тухайд сэтгэл дэвсэж мэдлэг уралдуулж бичсэн өгүүлсэн зүйл бараг байхгүйтэй адил. Харин их дээд сургуулиудын албан тушаалыг хөндсөн бүтцийн өөрчлөлт, захирал ректоруудын томилгооны талаарх гомдол, хэн нэгний хувийн сэдэл бүхий хардалтаар эх сурвалж хийсэн ярилцлага сурвалжлага бол “гүүгл”-ээр ороход пиг гарч ирнэ. Яагаад ийм болов. Тухайн салбарыг шинэчлэх гэж байгаа бол түүнийг хийж хэрэгжүүлэхээр бэлтгэгдсэн ба бусдадаа ойлгуулж оройлон ажиллах баг томилогдох нь тодорхой. Түүнийг нь хадаг барьж тосож авдаг хамт олон гэж байхгүй болсон мэтээр харуулах хар ПиАр өндөр авсаар байна. Энэ нь үнэн хэрэгтээ нийгэмд сайн зүйл үлдээх нь үгүй. Өөрийн хүмүүс гэсэн нэрээр хамт олноо хувааж урьдын сайхан цаг, иддэг уудаг байсан боломж бүхнийг нь бусниулах гээд байгаа шинэчлэгч нартай нэгийгээ үзэх гэдэг улс төртэй орооцолдсон “экс”-үүдийн урт сүүлний балаг жирийн олонд  халтай тусдаг.

.

МУИС болон бусад сургуулиудад салбарт нь хийгдэж буй шинэчлэлийг буруу гэж эсэргүүцэх нь нийт масст нь ямар жин дарж байгааг хөндлөнгөөс хэлэх аргагүй.  Халагдсан захирлууд нь хамт олон минь миний талд л гэдэг. Халсан сольсон яам нь хамт олон нь бол зүгээр ойлгоод дэмжээд байгаа л гэдэг. Ер нь бол аливаа захирлын томилгоо нь шог байна, хамт олонд таалагдахгүй байна гэдэг гомдол албан тушаалын амбицтай цөөн хэдэн хүний захиалгаар илэрхийлэгдэж  байгаа нь ил харагддаг. Шуудхан хэлэхэд, шинэчлэл хийгдэх нь тодорхой болж өөрчлөлт өөрөөс нь эхлэх буюу ширээ сандал руу нь чиглээд ирвэл харьяалах яамаа сайдтай нь, шинэчлэлийн бодлоготой нь дарж авахаар багаа бүрдүүлж хар “паакт” босгох цахилгаан дайны төлөвлөгөө боловсруулж, үүнийгээ цахим ертөнцөөр хурдтай  хэрэгжүүлдэг болжээ. Тэдний эхлүүлсэн дотоодынх нь энэ “дайн-аас зарим нэг ужгирсан зөрчил гажуудал нь ил болж жирийн бидэнд хаялгатай ч юм болох шиг.

.

МУИС-ийг шударга өрсөлдөөний Магнайгаар шалгуулж 2013 онд сургууль хооронд шилжсэн 166 оюутнаас 236 сая төгрөг, 2014 онд 75 оюутнаас 111 сая төгрөг,  нийт 347 сая төгрөг хууль бусаар “авсан” болохыг тогтоолгуулж чадсан гавьяаны эзэд яг хэн байсан бол. ШӨХТГ-ын улсын байцаагч К.Жархан­бекийн “Өглөөний сонин”-д  өгсөн нэгэн хариултаар бол тус байгууллагад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  МУИС-тай холбоотой гомдол иржээ. Гэхдээ ийм шударга бус төлбөрийн асуудал яваад байгааг төлбөр бууруулахын төлөө цогтой тэмцдэг байсан МОХ мэдсэн хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй, ган хийж дуугараагүй явж ирж. Ганц оюутны холбоо ч бус МУИС-ийн бусад багш салбарын дарга захирлууд нь ч бүгд л мэдэж байсан байж таарна. Харин гаргаж тавих цаг нь биш байсан бололтой. Учир нь  шуугиан тарьсан “шилжилтийн төл­бөр” нь эхнээсээ сургууль хөгжүүлэх санд ордог байсан тул хаана хаанаа хаялгатай мөнгө байсан биз. Ингээд өгч авах нь ил явагддаг байсан хууль бус төлбөр хэзээ нэгэн цагт хэн нэг захирлыг хөмөрч болох “факт” болон дарагдаж дотоод асуудал гэдгээр гадагшаа гардаггүй байсан  бололтой. Тэгтэл шинэчлэх даалгавартай нэг захирал ирж ширээ сандлаар нь оролдоод эхэлсэн тул эксүүд хар “сейф”-ээ уудлах хэрэг болсон юм болов уу даа гэж бодогдохоор. Үнэхээр ямар ч “захиалагчгүй” эцэг эх, бухимдсан оюутнууд асуудлыг тавьж энэ нь хууль бус төлбөр авахыг үргэжлүүлж байсан А.Галтбаяр захирлын толгой дээр буусан байж болно. Сайд Ш.Гантөмөрийн телевизэд өгсөн тайлбараар бол энэхүү сургууль шилжилтээс төлбөр авч байх тухай ...тоот тушаал шийдвэрийг МУИС-ийн урьдах захирал С.Төмөр-Очир гаргаж мөрдүүлж эхэлсэн байсан гэнэ. Энэ өдрийг хүртэл нийт 347 сая төгрөгийн хууль бус төлбөр /2013 онд 236 сая төгрөг/-ийг оюутнууд нь төлөөд байсныг бусад захирал ректорууд, эрхлэгч нар нь мэдээ ч үгүй явсан гэхэд хэн итгэх. Харин эмзэглэж явдаг ч хэлж чаддагүй байсан байж болно.

.

Хуучин бүтцээр бол МУИС бүрэлдэхүүн 18 сургуультай байсан. Мөн ийм тооны захирал, дэд захиралтай, тус бүртээ нягтлан санхүүтэй, сургууль бүр нэгж салбарын захирал эрхлэгч нартай байсан гэж бодохоор Улсын минь их сургууль эрдмийн ажлын бус захиргаа удирдлагын ямар нүсэр бүтэцтэй, төсөв зардалтай байсан нь хэнд ч харагдана. Яамнаас нь үүнийг цомхтгож бүрэлдэхүүн сургуулиудыг 3 дахин цөөлж хөрөнгө зардал хэмнэнэ гэж шийдэмгий хөдлөхөөр хэнээс нь дургүйцэл эхэлж үнэртэх нь тодорхой. Тийм ч болохоор нурах шахсан хичээлийн байрандаа төсөв мөнгө босгохын тухайд дуугардаггүй нөхдүүд шинэ дарга захирлуудынхаа найз нөхдийн холбоо, намтар түүхийг цаг гарган бөөгнүүлж, бараг ургийн бичгийг нь судалж улс төржсөн захиалгат бичлэг ярилцлагуудыг хөврүүлж байна. Хэсэг нөхөд яамтайгаа хийх сандал ширээний энэ сөргөлцөөнөө шинэчлэлийн бодлогыг салбараараа эсэргүүцэж байгаа болгож олон нийтэд харагдуулах сценарийг ч хавчуулах гэж оролддог болсон юм шиг. Хэрэг дээрээ “хамт олны санаа бодол” гэдэг халхавчаар хэдхэн хүн хувийн эрх ашгаа зүтгүүлдэг болсон нь аль ч салбарт хатгайрсан. Сургуулийн захирал гэх суудал, тамга даган ирэх эрх мэдлийн төлөөх нууж хаах юмгүй болсон энэ сөргөлцөөн олон нийтэд тийм ч таатай биш байх нь ойлгомжтой. Энэ мэт тээгнээс боловсролын салбарт хийх шинэчлэх удаашрах, санаачилга эрч нь сулрах нь монголын хойч үед сөргөөр тусах юм. Боловсролын салбар өөрөө шинэчлэлд ойрхон мэдлэг оюунд суурилсан, том эрдэмтдийг эгнээндээ багтаасан оюунлаг салбар. Цэцэрлэг, багын багшаас эхлээд эрдмийн оргилд хүрсэн доктор профессоруудыг эгнээндээ жагсаах энэ салбарын шинэчлэлээр үр хүүхэд хойч ирээдүйнхний минь зам мөр цуг засагдах юм. Энэ утгаараа боловсролын салбарын хөгжил аливаа шинэчлэл төрийн дэмжлэгээр тасалдалгүй явагдаж төгс хийгдэх учиртай. Үүнийг эрдэм номт багш нар, эрхэм доктор захирлууд маниар хэлүүлэхгүй мэднэ.

_

Их сургуулийн удирдах зөвлөл, бүтцийг боловсронгуй болгох ажил зайлшгүй хийгдэх ёстой болохыг, энэ нь их сургуулийн бие даасан байдал, академик эрх чөлөөг боогдуулж байгаа алхам биш гэдгийг, Их дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн төвшин, ур чадвар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахгүй байгаагаас төгсөгчдийн 36-хан хувь нь ажлын байртай үлддэгийг, магистр, докторын төвшний сургалтын чанар олон улсын төвшинд хүрэхгүй байгаа гэдгийг хоорондоо хөшилдөөд байгаа доктор захирлууд, эрдэмтэн  багш нар сайн мэдэж байгаа. Элсэлтийг  мэргэжлийн хэрэгцээтэй уялдуулах, дээд боловсролын агуулгыг үндэсний ухамсар, мэдрэмж, түүх, соёлоороо бахархах үзлээр баяжуулах хэрэгтэй байгаа. Оюун ухааныг эрхэмлэх, бүтээлчээр сэтгэх чадвар мэдлэг олгох чигийг барьж, суралцагчдын сонгох боломжийг өргөжүүлэх, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй болж, элсэлтийн шударга, нээлттэй тогтолцоог нэвтрүүлэх шардлага байгаа. Энэ мэт салбарт нь амин чухал болсон, боловсролын суурь шинэчлэлийг өнөөдөр биш өчигдөр эхлүүлээд явах ёстой байсныг боловсролын салбарын тогоонд хошуу дүрдэг хүн бүр хүлээн зөвшөөрөх биз.

.

Хоногийн хоолоо хасч, хоёр нарны хооронд цалингийн зээлэнд тэсч байгаад хүүгээ, охиноо та бүхний гарт даатгасан эгэл түмнээ бодож ёс суртахуунаараа үлгэрлэж салбарынхаа шинэчлэлд нэгдэхийг нийтэд нь уриалмаар байна. Хүний хүү, охин бүр нүүдлийн шувуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртөлж ирэх эдийн засгийн боломж бас хэцүү байна. Тэгэхээр эх орондоо, энэ монголдоо дэлхийн жишиг иргэн бэлтгэх үүрэг захиас өнөөгийн боловсролын салбарт хаяглагдаж байгаа. Хүнд үзүүлдэг дипломтой бус мөнгө олж, баялаг бий болгох чадвартай, үнэт зүйлтэй хойч үеээрээ бахархаж явах нь бидний амьдралын нэг утга учир болно. Нийгмийн энэ том захиалгын хажууд их сургуулийн хэдэн захирлын цомхтгол, халаа солио томилгооны зөв буруу эсэх нь нийтээрээ хэлэлцэн маргах топ сэдэв мөн үү. Хэн нэгэн шинэ захирлынхаа холбоо сүлбээний талаар албан тушаалтны угийн бичиг буулгаж өөр хоорондоо чулуу шидэлцэж, шинэчлэлээ гацаах нь боловсролын салбарын боловсролтой “лидер”-үүдийн хийх ажил биш байх.

.

Иргэн Дондогийн, Батын хүүхэд ялгалгүй мэдлэг төгс баян хангалуун амьдрах сонголтоо мэдлэг мэргэжил практик чадвараар баталгаажуулахад боловсролын шинэчлэл цөм нь болно. Уул уурхайн баялаг дуусч барагдана. Монгол хүн гэдэг баялаг үлдэнэ. Энэ баялгийг эрдэм мэдлэгтэй, үнэт зүйлтэй, өрсөлдөх чадвар бүхий боловсролтой болгох нь энэ цагийн шаардлага, нийгмийн захиалга. Боловсролын зөв тогтолцоогоор дамжуулан мэдлэг төгс, оюунлаг эх оронч үзэл санаа бүхий иргэд нийгэмд нэмэгдэх ёстой. Тэд улсаа орноо хөгжүүлж түүхийг үргэлжүүлнэ. Улстөрчид бол яаж ч мэднэ. Юугаар ч улс төр хийж болно. Гэхдээ ядаж л эрүүл мэнд, боловсролын салбарт ил далд нөлөөлдөгөө хазаарлаж, намын өмчлөл, ширээ сандлын амбицаа эндээс татдаг баймаар.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин