Таван байнгын хороо хуралдах тов өчигдөр гарсан байлаа. Хуваарийг товч жагсаавал, Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэх. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/ “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай, хэлэлцэх эсэх/, Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /... Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал хэлэлцэх. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан хамтарсан хуралдаан Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/,
Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд ... Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд ... гэх мэтээр үргэлжилнэ.
5
Эдгээрээс ирц бүрдээгүй гэсэн хүндэтгэх шалтгаанаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хуралдаагүй буюу хэлэлцэх асуудлаа хойшлуулжээ. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо амжилттай хуралдсан байна. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг амжилттай явуулсан энэ байнгын хорооны хурал 4 хүний ирцтэйгээр хуралдсан талаар телевизээр орой нь гарч байна.
5
Мэдээнд өгүүлж буйгаар бол хүн чанар нь зулгааж С.Дэмбэрэл гишүүн эргэж суугаагүй бол С.Оюун сайд тэргүүтэн гурвуулаа сууж байх байсан гэнэ. Сү.Батболд гишүүнийг түр суучихаач гэж гуйсанд “би бүх зүйлд санал нэг байгаа, ногоон хөгжлийн төлөө би үүрд “ОК” шүү” гэх маягийн найрсаг дэмжлэгээ илэрхийлээд гарч одсон юм байх. Ногоон хөгжлийн бодлогыг улсын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлснээр байгалийн нөөц баялгийг илүү зохистой удирдан улсынхаа эдийн засгийг өсгөх, ядуурлыг бууруулахад шууд болон шууд бусаар нөлөөлнө гэж салбарын сайд нь үзэж энэхүү тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барьсан тухай мэдээлж байсан. Түүнчлэн ногоон хөгжлийн үзэл баримтлалд өнөөгийн нөхцөл байдал, боломж, давуу талд түшиглэсэн бодлогын зорилго, зорилтуудыг 2030 он хүртэл тодорхойлж, харин дунд хугацааны хөтөлбөрт эдгээр зорилтыг хангах зорилгоор 2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бодлогын болон эдийн засгийн арга хэрэгслийг тодорхойлон тусгасан гэж байсан. Тодруулбал, энэ хөтөлбөрөөр иргэдийг өргөн хэрэглээний хүнс бараа, бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын түүхий эд, нөөцийг боловсруулах үндэсний үйлдвэрлэлээр хангах ашигт малтмалын бус эдийн засгийн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, ус хангамж, ариун цэврийн болон байгальд халгүй эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг дэд бүтцийн хангамжийг эрс сайжруулна. Эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй хөдөө аж ахуйг хөгжүүлснээр ногоон эдийн засагт шилжих ажлын байр нэмэгдүүлэх боломжтой болох юм байна. Эндээс харахад Н.Батбаяр сайд огцрох эсэх, Ш.Түвдэндорж сайд томилогдох асуудлын дэргэд улс оронд хэрэгтэй чухал үзэл баримтлалыг бий болгох гэж байгаа санагдана. Дахин сонгогдохгүй бол чуулганы танхим, төрийн ордноо орхиж нисэн одох гишүүдийн ард улс орны ЭКО аюулгүй байдал, ногоон хөгжлийн бодлого өөрийн гэсэн үзэл баримтлал чиг баримжаатай үлдэх нь нэн чухал юм. Гэхдээ гишүүд ийм ариун зорилгод үгүй гэж хэлэхгүй нь тодорхой тул бусад асуудалтай байгаа ажлаа хөөж хорооны хуралдаа ирээгүй бололтой. Их хурлын чуулганы иргэд залуучуудад үзүүлэх ийм буруу үлгэр хэтрээд байгааг сануулахад илүүдэхгүй.
6
Байнгын хороо ч бай, чуулган ч бай ирц өндөртэй байсан тохиолдлыг парламентын мэдээ үздэг захын иргэн тоолж хэлж чадна. Чуулганы нээлт, Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх, дан давхар дээлний хуулийн хэлэлцүүлэг зэрэг хэдхэн амин чухал асуудлыг хэлэлцэхдээ гишүүд цаг заваа зохицуулаад чуулгандаа ирдэг. Бусад үед бол үнэндээ “завгүй”, гадуур ажилтай, гадаадад айлчлал хуралтай байх юм. Дургүй хүнд дарж байж сахил хүртээнэ гэдэг нь болчихсон ч юм шиг.
6
Сайдуудын асуудал чуулганаар хурдан ороосой. Тэр өдөр чуулганы танхим гишүүдээр дүүрч “ирц сайн байна” гэж Их хурлын дарга мишээх биз.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |