Оюутан байхдаа А.Камюгийн /хүний оршин байхуйн гүн ухаан буюу экзистензалимзмыг үндэслэгч/ аз жаргалын чулуу буюу Сзифийн домгийг ихэд амтархан уншдаг байлаа. Хүн яах гэж амьдардаг тэр амьдрал нь яагаад хүссэнээр болдоггүй үргэлжийн өөртөө ачаа нэмж байдаг, хүссэн зорилго хэмээх уулын орой дээр зоргоор хүрч болдоггүй, бас боломжгүй тухай өгүүлсэн туурвил. Өрний гүн ухаан, туурвилзүйд шинэ соргог агаад урлагийн бүхий л салбарт хэлбэрэлтгүй байр сууриа тогтоосон энэ зохиол Монголчуудад их ойр. Дүүгүүрийн чулуугаар үхэр огодой, зурам тэргүүтэн намнаж, нуурын мандал дээр долгио үүсгэн чулуу мэргэдэж, хонины бэлчээр дээр чулуун гэр барин айл гэр бололцож өсч, Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх”-ийг үдийн халуун наранд бэлчээрт уншиж өссөн хэн бүхэнд ЧУЛУУ гэдэг ямар их зүйлийн агууламж болдог билээ. Зэвсэг нь дүүгүүр, чавх болж, эв нэгдэл нь чулуун гэр болж байна.
6
Амьдрал ийм л энгийн. Африкчуудын хэрэглэдэг бумаринг хэмээх зэвсэг бий. Кино, зохиолоос зөндөө л уншсан байх. Шидэхээр эргээд л ирдэг нэг ёсны зэвсэг бас наадгай. Хүүхдүүд нь бараг бүгд тоглож харьцаж чадна. Жуулчдад зориулсан Африк даяарх дэлгүүр хоршоогоор дүүрэн зарж борлуулна. За энэ ч яахав. Бумарингийн их биед хүндрүүлэгч болгож бас л чулуу зүүж наана. Түүндээ л шидсэн хүндээ эргэж ирээд байгаа юм. Хүн төрөлхтөн ч өнөөгийн бүхий л хөгжил дэвшлийнхээ нууцыг чулуунаас олсон байх юм. Чулууг нимгэхэн зүсээд зэвсэг болгож эхлэснээс эхлээд чулууг хайлуулж, хүрэл, төмрөөр эдлэл хэрэглэл /хүрлийн үе, төмрийн үе... гэдэгчлэн/ хийж хөгжил дэвшлийнхээ шат болгон газар дээрх энгийн чулуунаас эхэлж билээ.
6
Гэхдээ бүгд аз жаргалтайгаа холбож ирсэн. Дэлхийн өнцөг булан бүрт шүү. Хэдэн галавын өмнөх чулуужсан ой өнөөдөр Монголыг тэжээж байна. Нүүрс, газрын тос гээд тоочоод барахгүй. Энэ дэлхийд чулуунаас бүтээгүй ашигт малтмал гэж даанч үгүй. Уран, байгалийн хий, алт, очир алмааз бүгд түүний гэр бүлийн эгнээнд жагсана. Бөмбөрцгийн энгүйд газар нутгаа хатгасан түр зуурын хүн төрөлхтний доторхи /дэлхий хэдэн сая живаа жилийн настай билээ/ улс үндэстэн энэ их баялгийн үүцийг задлаж баярхан сууна. Зарим нь чулууны хараал тусаад дайн самуунаар үл тасрах, зарим нь ашиглаж арвижуулаад хөгжлийн хурдаар бусдыг гайхуулах. Нөгөө хэсэг нь үймээн самуун дүүрэн, бодлогогүй “баялагтангуудаас” үнэт чулууг нь эвтэйхэн салгаад өөрснөө нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүнээр дэлхийн хөгжлийг тодорхойлж байх юм. Газар доорх баялгаас илүү түүнийг юм болгож байгаа эрхмүүд хожиж байна. Аз жаргалыг жинхэнэ утгаар нь хүн төрөлхтний эв найрсахуй, элбэг хангалуун, амар тайван тийш хөтлөгч нь ЧУЛУУ гэж тунхаглаж байгаа юм. Сзиф шиг чулуугаа өнхрүүлээд уулын оргил өөд дөнгөн данган хүргэж ядаж байхад ямар нэг шалтгаанаар өнөөх нь эргээд л бэлдээ гулсаад буугаад ирнэ. Зовлонт нөхөр дахиад л өнхрүүлнэ. Ахиад л буцаад өнхөрчихнө. Өнөөгийн Монголын дүр зураг. Хэдэн чулуугаа үүрээд төр засаг уулын оргил өөд мацна. Газар хорцтой байх тусам уул өндөрсөнө. Нэг хальтраа л бол өндрөөс унах аюул улам ихэснэ. Гэхдээ бид чулуугаа дүүгүүрдээд эргээд чулуугаа хаанаасаа олох вэ гэж сандраагүй, хөгжил хэмээх голын толион дээгүүр чулуу мэргэдчихээд нөгөө эрэг дээр нь хүлээж суусан өнгөрсөн түүхээ давтахыг хүсээгүй нь бас нэг ололт.
6
Чулуун гэрээ барьчихаад хөршүүддээ манайх иймэрхүү л мал сүрэгтэй дээ. Энэ жилийн өнгө гайгүй. Хэд гурван бод, бог нийлсэн хэдийгээ гайгүй үнэ хүргэчих санаатай. Айлчин та бид хоёрын санаа нийлбэл наймаа хийхэд болохгүй гэх газаргүй гээд гэрийнхээ гаднах хэдэн алаг чулууг зааж өгсөн шигээ чулуун аяганаас айвуу тайван ууж яагаад болохгүй гэж. Шатар өрөнгөө уужуухан ярилцаж барьц алдвал бэрээрээ ухаант бэрийн нүүдэл хэлүүлсэн шиг амар тайванхан айргаа шимж суух цөлх тайван араншин үлдээгүй юм гэж үү. Цор цор хийх гээд байгаа хөвгүүнээ адуундаа хөөж явуулж, шал шал хийх гээд байгаа охидоо сааль сүүнд нь гаргачихаад энгүүн тайвнаар айлчин гийчинтэй хууч хөөрч болохгүй байх билээ. Адгуу яаруугаас аядуу тайван нь тохой илүү хожно. Бид ийм л ухаанаар хүмүүжсэн. Чулуунаас эхэлсэн наадгай, сэтгэлгээ өдийг хүртэл энэ Монголыг элэг бүтэн байлгаж байгаа ч юм бил үү хэн мэдлээ. Тэрнээс гэр дотроо ахас ихэс нь ч үл ялгагдах хэрүүл уруул дундаас мань биш айлчин илүү хождог биш бил үү. Харийн гийчин бумаринг шидчихээд мордоод зайлахад халхавч хаалт босгочихоод хээвнэг тамхиа нэрээд хэвтэж болох доо. Гэр зуураа эвтэй байвал ЧУЛУУ гэдэг тулганаас авахуулаад хойморт залрах бүхний эхлэл юмсан даа.
6
Н.Бадамжав
Уншиж байна |