Мунхрах тусам баярлах нь хэрээс хэтэрнэ
2014-06-03

Та амархан сайн байна уу гэхийн оронд. Та сайхан баярлав уу гэж мэнд мэддэг болсноос хойш цөөнгүй жилийн нүүрийг үзлээ. Зургаадугаар сарын нэгний Эх үрсийн баяраар улс даяараа хэдэн өдөр дараалан пижигнэлээ. Хот, аймгийн төв, суурин газар бүрт баярын сүрт жагсаал, идэж уусан нөхдүүд хэдэн хүүхдээ дагуулаад үзвэр үйлчилгээ бүхнийг нэгжив. Маргааш өглөө нь өдөржин, шөнөжин баярласан нөхдүүдийн хаясан хогонд хот суурин байтугай нийслэлийн төв талбай дарагдаж, хогон овоо болов. Уг нь хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Ямар эрх ашиг нь хэрхэн зөрчигдөв, яаж хамгаалах вэ гэдэг дээр дорвитой шийдвэр гаргаад эхнээс яруу тодоор хэрэгжүүлэх чухал өдөр. Дэлхий даяар 1925 онд анх тэмдэглэснээс хойш ийм л ёс жаягтай байсан өнөөдөр ч тийм л янзаараа тэмдэглэж байна. Харин манайхан бол энэ л өдөр жигтэйхэн эх үрсдээ хайртай болчихоод бэлэг сэлт өгөөд сүйд болно. Гэр бүл хүүхдийн хүчирхийлэл гаарчихаад байхад, -Эх үрсдээ алтан нарнаас илүү хайртай шүү гэж хоороороо дуулцгаана. Өчигдөрхөн нанчдын халуунд эхнэрийнхээ нүүрийг алаг эрээн болгож, үр хүүхдүүдийнхээ нулимсыг барчихсан эцэг гоёж гоодчихоод талбай дээгүүр хээвнэг алхана.

6

Монголчуудын баяр дуусна гэж хэзээ ч үгүй. Хотын захиргаанаас хонхны баярыг нэг л өдөр тэмдэглэж байхаар шийдвэр гаргасан ч хэрэгжсэнгүй. Өдөр бүр л талбай дээр хонх зүүсэн төгсөгчид вино шампанскаар Сүх жанжны хөшөөг мялаасаар л байна. Одоо ингээд наадам эхэлнэ. Монголчуудыг эрийн гурван наадам үгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Эр бөхчүүд нь уран мэх, эр бяраа гайхуулж, эрэмгий харваачид  нь онч мэргэнээ гайхуулж, эргэмэг уяачид нь хурдан хүлгээрээ гайхуулдаг монгол наадам сар гаруйн дараа болно. Уг нь гуравхан өдөр наадах учиртай ч наадмын уур амьсгал хэдийнэ орчихсон. Долоодугаар сарын эхнээс сумын наадмууд эхэлж,  улсын наадмаас өмнө аймгийн наадмууд отголно. Бас бус наадам мундахгүй. Тэгш ой тохиож байгаа сум орон нутаг бүр сарын өмнөөс л наадмын дараа намар болохгүй юм шиг тун чамбай бэлдэнэ.

7

Улсын наадмын маргаашнаас наадмууд ар араасаа шил дарна даа. Уяачдын наадам, Улсын цол авсан бөхчүүд, уяачид, харваачдын наадмаар булж өгнө. Төр хүртэл тахилгат хайрхны наадмуудаа хийнэ дээ. Зуны гурван сар битгий хэл намрын гурван сар дуустал үргэлжилнэ. Юун хадлан тэжээл, малын тэвээрэг, тарианы болц. Эднийг мартталаа наадна. Архигүй наадам гэж хаа байхав. Спиртийн борлуулалт эрс өснө. Жилдээ л 41.6 сая литр хэрэглэдэг монголчуудын спиртийн хэрэглээний талаас илүү хувь нь энэ гурван сар ууж барагдана. Уг нь аливаа улс оронд  үйлдвэрлэж байгаа согтууруулах үндааны хэмжээ нь нэг хүнд жилд 8-9 литр хэмжээнд хүрэхэд  "Үндэсний хэмжээнд аюул учирлаа" гэж үздэг. Манайд бол хэд нугараад л явчихна.

6

Өнөөдрийн байдлаар архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдээ 1000 гаруй хүн нас барж, 140 000 орчим хүн эрүүлжигддэг байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 24 %  нь согтуугаар үйлдэгдсэн байх юм. Дэлхийн хэмжээнд минут тутамд 3-4 хүн, цагт 205 хүн, хоногт 4391 хүн, жилд 1.8 сая хүн архидан согтуурсаны улмаас нас барж байгаа тоо баримт монголчуудад огтоос хамааралгүй мэт аашилна. Монголд зургаадугаар сарын эхнээс есдүгээр сарын сүүл хүртэл ямар ч ажил хэрэг бүтэмжгүй болдгийн "нууц" нь ердөө л баяр наадамтай холбоотой.

6

Наадам дөнгөж дуусангуут л хичээлийн шинэ жилийн баяр улс орон даяар өргөн болно.Хөөрхий аав ээж нь бүхэл жилийнхээ туршид хурааж хуримтлуулснаа үхтэл үр харам гэгчээр "сургалтын төлбөр", "дотуур байрны зардал"-д тооцоолно. Гэнэт баяжсан оютунууд сарын турш найрлана даа, тэр мөнгөөр. Баар цэнгээний газрын орлого жинхэнэ цэцэглэнэ. Нийслэл хотод гэнэтхэн 100 гаруй мянган хүнтэй арми усны уруй адил буугаад ирэхээр дорхноо зугаа цэнгэлийн хот болж хувирна. Жилдээ зарцуулах мөнгөө хэдхэн хоногт л үрчихнэ. Мөнгө олох дараагийн арга үргэлжилнэ. Бусдыг залилна, биеэ үнэлнэ, хулгай дээрэм хийнэ. Гэмт хэргийн тоо суга өснө. Дараа нь шинэ жил, цагаан сар, багш нарын баяр, эмэгтэйчүүд болон эрчүүдийн баяр залгана.

7

Баяруудын завсарт бас зүгээр байхгүй. Гэгээн Валентин, муу ёрын сүнсний, намуудын, ахмадын, тусгаар тогтнолын гээд явж өгнө. Баяр тэмдэглэнэ гэдэг монголчуудын хамгийн сайн чаддаг зүйл. Ямар сайндаа тээр нэгэн жил орон гэрээ хүртэл зарж цагаан сар тэмдэглэсэн эмгэн хороондоо шинэ гэр олгож өгөхийг хүссэн өргөдөл хүртэл гаргаж байхав дээ. Хорооны Засаг дарга нь настай хүнийг яаж өвлийн хүйтэн хөр цасны хайрууд гадаалуулчих билээ нэг гэр цохсон гэж ярилцаж суухав дээ.

6

Баярлаж бололгүй яах вэ. Арай хэтэрхий олон, арай хэтэрхий цэнгэхийг урьтал болгоод баярынхаа үндсэн агуулгыг орхигдуулаад байгаа юм биш үү. Баярлаж ханасан бид. Бусдыг хар л даа. Улс орны хөгжил, иргэд нь хэр хэмжээгээр хөдөлмөрлөж, баялгийг хэрхэн бүтээж байгаагаадаа бахархан баярлаж байна. Харин бид огт өөр глактикаас ирчихсэн юм шиг баяруудаа тэмдэглэж суух юм.

6

Жилийн 12 сарын лавтайяа дөрвөн сарыг ийм маягаар баярлаж өнгөрүүлчихээд юугаараа улс орноо хөгжүүлэх гэж байна. Эрх баригчид бүүр мэддэг болчихсон. Өөрсдийн таашаалд нийцсэн болгоноо ид баярын үеэр шийдчихнэ. Цагаан сар, наадмын өмнө хэд гурван төгрөг цалин тэтгэвэр, тэтгэмжин дээр нь нэмчихээд ардын баатрууд болцгоон, оноо цуглуулна. Сэтгэлгээ маань иймхэн ядуу болж, тархины бор атираа тэнийчихсэн болохоор юм болгоныг баярлаад л хүлээж авна. Мунхрах тусам баярлах нь хэрээс хэтэрнэ. Мөнхийн согтуу, хийтэй нөхдүүд яаж улс орноо хөгжүүлэх билээ дээ.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин