Герман, Япон, Энэтхэгт нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь гангийн үйлдвэрлэлтэй холбоотой гэдэг. Үүнийг мэдэрсэн Австралийн Засгийн газар нүүрснийхээ экспортыг бодлогоор дэмжиж, ташуур өгдөг. Нүүрсний зах зээл судлаачдын хэлж таамаглаж байгаагаар, ойрын гурван жилийн хугацаанд Хятад болон Энэтхэгийн импорт 100 сая тонноор нэмэгдэх бол Азийн орнуудад коксжих нүүрсний эрэлт 10-20 сая тонноор өсөх гэнэ. Харин дулааны нүүрсний гол нийлүүлэгч нь Индонези, Австрали, ОХУ, Өмнөд Африк байна гэж тооцоолж байгаа бол металлург буюу хүнд үйлдвэрийн коксжих нүүрсний хангагч нь Австрали, АНУ, Канад болон Монгол Улс байх болно гэж "Пибоди энержи" онцлон дурдсан гэнэ. Ийм мэдээний цаана манай төрийнхөн хөөрцөглөн, алгаа үрж ашгаа тооцохдоо сайн. Тэгсэн хэрнээ нүүрсээ юугаар, яаж зөөх үү гэхээр буруу харалцаад суучихдаг гэмтэй. Буруу харалцдаг хэдэн хүнээ ч бид андахгүй болсон. Ил цагаан хэдэн хүний нэр хэлдэг ч цаанаа өөрийн талд ашигтай шийдүүлэхээр Засгийн газарт шахалт үзүүлж, төслийг царцааж байгаа бизнесийн бүлэглэлүүд байдаг. Төр дамнасан эдний сөргөлдөөн зургаан жилийг ардаа хийж, өнөөдөр хэвтээ тэнхлэгийн 1800 км төмөр зам байтугай экспортын зориулалттай 267 км замын хувь заяагаа эцэслэж чадаагүй, энэ долоо хоногийн чуулганаар нэг магадгүй гэж чих тавин сууцгааж байна.
.
Ганган хүүхэнд гархи нэмэр гэдэг. Манай төр тэгвэл цариг гэдэг гархитай болоод байх шиг. Нарийн бүдүүн ямар хийцтэй гархиар гангарч том гүрнүүдэд тал алдахгүй явах вэ, уул уурхайн экспортлогч орны хувьд яаж хараат бус байж чадах вэ гэдэг улс орны том шийдэл . Цариг үнэндээ гархи ч биш гангараа ч биш. Байгаа гэж баярхаад байгаа нүүрсээ экспортолж, зөрүүлээд долларын урсгал татах төмөр замын явцуу асуудал ч бас биш. Бүдүүн цариг байна аа гээд зүтгэвэл урд хөрш буруу харна, нарийн цариг байна аа гэчихвэл хойд хөрш дуугарахаа больчихно. Ингэж харвал энгийн нэгэнд Монголын төмөр замын цариг ямар байх нь өөрөө шийдэгдчихсэн асуудал гэж харагдана. Нэг царигийг нь хэт шүтвэл нөгөө талд нь эдийн засгийн алдагдал болоод дарамт шахалт үзүүлнэ. Тэгэхээр Монгол Улс нарийн бүдүүн хоёр царигтай л байх юм байна. Засгийн газар ч энэ хандлагаар шийдэж байгааг салбарын сайд нь мэдэгдсэн. Ингэхийн өмнө нэг анхаарлын тэмдэг гарч ирсэн нь Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчдийн ОХУ-д “уригдан” хийсэн айчлалын дараа сайд Н.Батбаяр УИХ-д өргөн бариад байсан тогтоолын төслөө татан авч, ганц нэг “тодруулга” засвар хийгээд буцаан өргөн барьсан явдал. Яг ямар жижиг тодруулга хийснийг одоогоор хэлчих хүн алга. Жижигхэн цэг таслал ч зассан байж магад. Гэхдээ Монголын төмөр замд баримтлах болдлогыг илэрхийлэх тогтоолын төслийн цэг таслал бүр учир жанцантай байх юм. Түүх сөхөхөд төмөр замд баримтлах Шинэчлэлийн Засгийн газрын байр суурь их зөрчилдөөнтэй явж ирсэн гэж болохоор.
.
Төмөр замын царигийн талаарх маргаан зарим талаараа засгийн газрын дотоод зөрчлийг ч харуулдаг болж ирсэн. Сүүлийн нэг жилийн дотор төмөр замын шинэ шугам тавих болон санхүүжилтийг шийдэх тал дээр нэг танхимынх хэрнээ янз бүрийн сонирхлоор, бие биеэ давж дуугардаг сайд нар бий болсон нь ийм дүгнэлт хийхэд хөтөлдөг. Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар.... Уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд хямд тээврийн сүлжээг бий болгох хүрээнд өмнийн говийн болон зүүн бүсийн орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дотоод, гадаадын боломжит зах зээлд саадгүй, найдвартай, бага зардлаар нийлүүлэх ач холбогдол бүхий төмөр замыг дунд хугацаанд барьж байгуулах ажлыг хэрэгжүүлэхийн тулд ... гэж өмнөтгөл бичээд Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төсөл өргөн барьсан байдаг. Энд “төмөр замын тухай” гэсэн тодотголтой тогтоолын төсөл явж байхад Зам, тээврийн сайд А.Гансүх нь гээгдчихсэн байх жишээтэй. “Замын ажлыг Н.Батбаяр, Х.Тэмүүжин хоёр мэддэг болчихсон юм бол би энд ажилладаг гэж суугаад яах юм” гэж гээгдсэн сайд гомдоллосон сураг гарч байсан.
.
Хятадад хийсэн төрийн айлчлалын дараа Ерөнхий сайд “Монгол Улс өмнөд хөрш рүү жилд 50 сая тонн нүүрс гаргана” гэсэн санамж бичигт гарын үсэг зурж, төмөр замын царигийн асуудлыг албан ёсоор хөндөөгүй гэж мэдэгдсэн бол Зам тээврийн сайд А.Гансүх нь "Хятадын эдийн засгийн том бүс нутаг Ляонин муж Монгол Улсын Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, Рашаант, Бичигт боомттой холбогддог. Ляонин мужийн удирдлага Рашаант, Бичигт боомтыг Зиньжоу, Дандонг боомттой төмөр замаараа холбогдох боломжтой гэж хэлсэн. Бидний хамтын ажил эхэлсэн гэж хэлж болно. Бид төмөр замынхаа боомтуудыг тодорхойлчихлоо. Одоо төмөр замын зураг, геодезийн ажлыг хийх л үлдлээ” хэмээн мэдэгдэж байлаа. Эндээс Засгийн газар шинэ төмөр замын төсөл дээр нэгдсэн байр суурьгүй байжээ гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байсан. Гэвч энэ бүхнийг одоо ард үлдсэн хэмээн үзэж, асуудлаа шийдэх цаг үе ирсэн.
.
ОХУ өнгөрсөн онд Зүүн Өмнөд Ази-Европыг холбосон “хуурай газрын гүүр” болох стратегийн зорилт дэвшүүлж, 2030 он гэхэд Транссибирийн төмөр замыг зөвхөн зорчигч болон чингэлэг тээвэрт ашиглана гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн Евразийг холбосон “Шинэ торгоны зам” улам бүр уртассаж, БНХАУ-ОХУ хооронд төмөр замын гурван гарц нээх асуудал хэлэлцэгдэж байна. Энэ бүхний дэргэд шинэ төмөр зам царигийн асуудлаа мухарлаж чадаагүй суугаа бид бүс нутгийн тоглоомоос алгуурхан жийгдэх вий гэсэн болгоомжлолыг энэ чиглэлээр бичдэг, мэддэг сэтгүүлч нар эрх баригчдад сануулсаар ирснийг дахин сануулах нь зөв байх.
.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар экспортоор 316.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.4 мянган тонн молибдений баяжмал, 2.5 тонн алт, 83.0 мянган тонн жонш гаргасан бол 5.4 сая тонн нүүрс гаргасан юм байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зэсийн баяжмал 41 хувиар, алт 46.5 хувиар, газрын тосны бүтээгдэхүүн 32.3 хувиар өссөн бол нүүрсний экспорт 7.3 хувиар л өссөн дүн гарчээ. Төмөр зам, цариг гэсэн дэд бүтцийн гогцоо асуудлыг шийдээгүй байхад гараар зөөх шахуу байгаа нүүрсний экспортын багана өндийхгүй ба нүүрснээс төсөвт олигтой доллар орохгүй гэдгийг ийнхүү харуулж байна.
.
2010 онд УИХ-аас Төмөр замын талаар баримтлах төрийн бодлого гарсан. Засгийн газар шинэ төмөр зам барих асуудлаар тухай үед нь УИХ-д чиглэл өгч шийдүүлж байхаар тусгасан. Үүний дагуу өргөн баригдсан тогтоолын төсөлд манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгох /Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цагаригтай төмөр замууд/ Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барихаар тусгажээ.
.
Эндээс ямартай ч Засгийн газар нэг байр суурьтай болж чадсан юм байна гэж ойлгогдохоор. Одоо их хурал дээр эрхэм гишүүд төмөр зам дээр хэний талд гэдгээ харуулахаар мэтгэлцэхийг бид бас харах юм. Хоёр хөрш болоод бизнесийн бүлэглэлүүдийн нөлөөнд төмөр замын шинэ шугамтай болох гэж бид зургаан жил зүдэрсэн. Талууд чамгүй мөнгө хаяж бидний тархийг сайн угаасан. Энэ хугацааны дараа бид хоёр зүйл дээр маргах хэрэггүй болсон. Нэг нь бид нүүрсээ зарж мөнгө ольё гэвэл үхэр тэргээр зөөхгүй төмөр замаар л зөөнө. Нөгөөдөх нь ганц зах зээл, ганц худалдан авагч орны хараат болохүй гэвэл хоёр цариг, хоёр гарц хоёулаа л байх ёстой.
.
Нэмээд нүүрсний ордын бараг 80 хувь нь өмнө дорнын говьд буюу нүүрсний хамгийн том зах зээл болох урд хөршийн хамар доор байна. Ийм онцлог хүчин зүйл дор ил, далд олон шахалтын дундаас гарч ирсэн шинэ төмөр замын тогтоолын төслийг эрхэм гишүүд соёрхон батлах ёстой болоод байна.
.
Пүрэвжавын Баярхүү / тоймч/