Нийслэл хот өдөр ирэх тусам өнгө орсоор байгаа билээ. Замын дагуу болон зарим гудамжаар өнгө өнгийн цэцэг алаглуулан тарьсан нь хотын өнгө үзэмжийг улам ч сайхан болгож байна. Хот тохижуулалтынхан цэцэгсийг суулгахдаа зүгээр ч нэг зэрэгцүүлэн тавиагүй ажээ. Янз бүрийн дүрс, зарим газар нь цэцгээр үг хүртэл бичжээ. Мөн төв талбай дээр гэр цэцэг байгуулсан. Тус гэрийг чимэглэсэн цэцэг нь хасах долоон градуст тэсвэртэй юм байна. Энэ мэтчилэнгээр нийслэлийн 24 байрлалд таван мянган ам метр талбай бүхий цэцгийн мандал суулгаж, 45 мянган ам метрт зүлэг нөхөн тарьж, 2900 модыг шохойджээ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн энэ зуны л гангараа. Өөрөөр хэлбэл сэрүүний улирал эхлэхээр нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулсан цэцгэн мандлууд хатаж үгүй болно гэсэн үг.
а
Өнгөрсөн жил нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах ажлын хүрээнд 4.5 тэрбум төгрөг төсөвлөн, багагүй ажлууд хийгдсэний нэг нь хотын цэцгэн чимэглэл. 315 сая төгрөг зарцуулсан. Нийслэл хотыг чимээд байгаа нэг наст цэцгүүд болон зүлэгжүүлсэн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд хотын бүүдгэр саарал байдалд өнгө нэмж байгаа хэдий ч иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байсан юм. Нэг наст цэцэг зун, намартаа ургаад дараа жил нь ургадаггүй. Тиймээс ирэх хавар дахин шинэ суулгац, үрсэлгээ тарьж ургуулдаг бөгөөд арчилгаа тордолгоог ч мөн л дахин хийнэ. Үүнээс гадна зөвхөн энэ ажилд 450 гаруй цэцэрлэгч, 30-аад компани оролцсон байна. Тэгэхээр цалингийн доод хэмжээ нэмэгдэх шийдвэр гарсан энэ үед ажилчид нь энэ жилийн цалин хөлсөөр дараа жил дахин цэцэг суулгана гэдэг үгүй л болов уу.
.
ө
Бид өвлийн цагт болохоор утааны тухай домог болтол ярьж, харин дулааны цаг ирэхээр мартдаг. Дахиад өвөл ирнэ, утаан дунд амьдарна гэдгээ эрх баригчид болон бусад албаны хүмүүсийн хэн нь ч санадаггүй. Яг л энэ байдал шигээ ирэх зун ахиад л цэцэг тарина. Тэр үед харин 315 сая төгрөг хэд болохыг таашгүй. Ямар ч байсан нэмэгдэнэ үү гэхээс хасагдана гэж үгүй байх. Тэгэхээр жилээс жилд цэцэг болон хувирсан хэдэн сая төгрөг салхинд хийснэ гэсэн үг юм. Олон наст цэцгийн үр үндэс ирэх хавар нь ахиад л цэцэглэнэ. Тэр хорт утааг дахиад л цэвэршүүлнэ. Хотод асуудал тулгарч байгаа нь үнэн. Сүүлийн хот төлөвлөлтөөр хоёр сая орчим хүнтэй энэ ард түмнийг газар дээгүүрээ л дэд бүтэцтэй байхаар төлөвлөсөн. Энэ харгайгаар жил болгон л муужирч унасан шугам сүлжээг засч сэлбэх нэрээр ногоон байгууламжаа сүйтгэж байна. Мөн чиг бахархалтайгаар шүү. Өчигдрийн ургасан мод, ногоон байгууламж өнөөдөр экскаваторын шүдэн дор сийчигдсээр олон зуныг үдлээ.
ө
Хүн урмаар амьдардаг. Тарьсан мод, зүлэг нь маргаашийн бүтээн байгуулалтын золиос болоход хэн дуртай байхав дээ. Нэг л хугарсан урмыг дахин сэргээх хэцүү. Төгсөлтийн баяр, албан байгууллагын нэрээр овоглогдсон гудамж талбай ийм л нэрээр үгүй хийгдэж байна. Монгол шиг богинохон дулаан улиралтай нутгийн нийслэл хотод өнгө өнгийн цэцэг алаглаж байхад хэн ч дургүй биш. Нийслэл хот баян. Баянаас баян. Өнгөрсөн жил ногоон байгууламжинд 4.5 тэрбум төгрөг төсөвлөж, түүнээсээ 315 сая төгрөгийг нь зүгээр л салхинд хийсгэсэн. Одоо ч салхинд хийсгэхээр шийдээд байна. Олон сайхан өнгийн нэг наст ургамлаар хотыг хэдхэн сар чимэглээд л болно. Энэ ажилд нь иргэд ам сайтай байхаар төсөлд оролцогч байгууллагууд төлөвлөсөн зүйлээсээ хэд дахин бага өртөг гаргадаг нь нууц биш. Хэдэн сайхан өнгийн цэцэг суулгаад л 315 сая үгүй болсон. Хэн ч тэднийг мөнгө идлээ гэж хэлэхгүй. Яагаад гэхээр бидний нүдэнд харагдах зүйлсийг тэд бүтээчихсэн шүү дээ. Нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэгч л энэ болж байна. Энэ жил түүнэаэс илүүг төсөвлөсөн. Эдийн засгийн хувьд дэндүү харалган. Баатар даргын шийдсэн мундаг алхмуудын нэгэнд цэцэгжүүлэлт байлаа. Хүн болгон сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ хожмын үр дагаварын бодолцмоор юм. Төсөвлөсөн хөрөнгөө жаахан үр ашигтай зарцуулья. Энэ мөнгийг жаахан үр ашигтай шийдэх арга байгаа. Хаана нь дэд бүтцийн томоохон өөрчлөлтийг хийх вэ гэдгээ хотын захиргаа маш сайн мэдээд баахан төсөв төлөвлөгөө танилцуулсан. Ойрын хугацаанд эс хийгдэх зам талбай дээр олон наст хийгээд нэг наст ургамлаа барйшуулах вэ, хэтдээ яах вэ гэдгээ ухаалгаар бодмоор байгаа юм.
ө
Мод болгоныг эзэнтэй байлгаж болно. Эзэн бүхний эрх ашгийг ХОТ та хариуцаж байх ёстой.
ө
Н.Бадамжав