Хүний ертөнцөд төрж өсөж, амьдарч байгаа хэн бүхэн өөрийн гэсэн үр хүүхэдтэй болж, удам судраа үргэлжлүүлэхийг хүсдэг. Тиймдээ ч хүүхэд гэдэг ариун бурхадын өмнө өвдөг сөхөрч, нялх багад нь хошуу дэвсэн эрхлүүлж, том болохын хэрээр тэднийгээ өхөөрдөн хайрлаж өсгөдөг бизээ. Хүүхэд гэдэг аав ээжийнхээ хайранд эрхэлж наадан, орчлонг таньж мэдэн, таны хүмүүжил, үзэл бодлоор тэжээгдэн энэ амьдралд хөл тавьдаг. Хэний хүүхэд хаана төрөхдөө чухал биш. Хамгийн гол нь хүүхэд хайраар дутах ёсгүй. Хаана төрөхөө сонгож төрдөггүй учраас эцэг эх бүр үр хүүхэдээ өөрийнхөөрөө хайрлаж, хүний хүүхдийг ч өөрийн хүүхэд мэт хандаж өсгөх нь томчууд бидний үүрэг гэлтэй.
ыб
Өнгөрөгч тавдугаар сарын дундуур цахим ертөнцөөр “Хөвсгөл аймгийн иргэн 27 настай У гэх эмэгтэй ЭХЭМҮТ-д гурван ихэр төрүүллээ. Тэр бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй. Өмнө нь хоёр удаа төрсөн. Анхны төрөлтөөрөө нэг, удаах төрөлтөөрөө хоёр ирэх хүүхэдтэй. Том хүү нь дөрвөн настай. Настай ээжтэйгээ амьдардаг юм байна. Нутаг буцах зардалгүй энэ эмэгтэйг ихэрүүдээ аваад явахад нь замын зардал хандивлах сайхан сэтгэлтэй хүмүүс байна уу” гэсэн утга бүхий зар тархсан. Энэхүү мэдээлэл гарсан даруйд цахим ертөнцөөр бүсгүй болон хүүхдүүдийнх нь тухай халуун яриа өрнөж, хүн бүр өөрсдийнхөөрөө асуудалд хандаж байв. Яахаараа хөгжлийн бэрхшээлтэй юм бол яагаад ингэж олон төрүүлээд байдаг юм, аймгийн эмнэлэг хяналт муу тавилаа, хүний өмнөөс амьдарч байгаа биш замын зардал гуйлаа, хүүхдийг нь өргөөд авчихсан гээд л тал бүрээс нь харсан асуулт хариулт дүгнэлтүүд хөвөрч гарсан. Энэ асуудалд хэн нэгнийг буруутгаж, хэн нэгнийг зөвтгөх гэсэнгүй. Хүний амьдралд ам гарч болдоггүй гэдэг шиг үр хүүхэд, удам судрын асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хамаагүй хэлж ярих нь хөгшчүүлийн хэлдэгээр “нүгэл” гээч нь болох бизээ.
й
Ямартай ч дээрх мэдээллээс хойш хэд хоногийн дараа бусгүйг хотод төрөхөд нь Хөвсгөл аймгаас хамтдаа ирсэн эмч, ихэрүүдийн ээжийн хамт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Бүсгүйн хувьд хэл ярианы л бэрхшээлтэй болохоос хэнээс ч дутахгүй зүс царайтай, бие хаатай эмэгтэй байсан. Хэдийгээр хэн нэгний өмнөөс амьдарч, хүнээс өөрийнхөө төлөө сайн үйл хийхийг хүсч, хэвлэлийн бага хурал хийлгээд сууж байгааг нь сайшаамаар санагдаагүй. Гэхдээ хүний амьдрал гэдэг баян, баялаг болохоор хэнд ч юу ч тохиолдож болно. Үгүйсгэх ч хэрэггүй. “Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ” гэж ахмад буурлууд минь зүгээр ч нэг хэлдэггүй байсан болов уу. Ямартай ч хэвлэлийн хурлаар бүсгүйд нутагтаа очих зардал хэрэгтэй. Мөн өвөлдөө жижиг гэрт, зундаа амбаарт амьдардаг тэдэнд хашаанд нь байшин барих мөнгө л хуримлуулчихмаар байна хэмээн эмчлэгч эмч нь мэдээлэл өгсөн. Бүсгүйн хувьд ихрүүдийн мөнгийг улсаас өгөөд, сайхан сэтгэлтнүүдийн буянаар нутаг буцаж, үрийн заяа түшиж, сайхан амьдрахын төлөө хичээнэ гэдэгт итгэж байгаа. Итгэл ч төрсөн”. Бүсгүй хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж байгаа ч төрүүлсэн хүүхдүүд нь цөм эрүүл саруул, энх мэнд өсөж торниж байгааг эмч нь онцолж байсан. Энэ л чухал. Эмэгтэй хүн болгонд тохиохгүй хувь тавилан. Тэр эх орондоо хүн нэмж байгаа гавъяатай нэгэн.
й
Гэтэл олон олон залуу эмэгтэй эмнэлгийн хаалга татаж, эмчийн үүд сахин байж, эх болохоос татгалзах сонголт хийж байгаа. Хувь хүний сонголтыг буруутгах эрх үгүй ч хожим харамсаад баршгүй асуудал үүсэхийг хэн ч таашгүй. Өөр нэг асуудал нь хамтын амьдралаа эхлүүлээд, хосын тавилангаар учирсан атлаа нойтон сормуустай үр заяахгүй байх учрал ч бас байна. Эмч домч, илээч бариач, лам хар, бөө удганд очиж үр хүүхэд хүсээд бүтдэггүй, арга ядахдаа эмнэлэгт очиж үр суулгуулах мэс ажилбарт өндөр үнэ төлж байж ээж болж байгаа. Гэтэл ээж болох хүсэл сэтгэл нь байвч, хэвлийдээ үр тээх боломжгүй хэмээн оношлогдож, өөрийнхөө хүүхдийг өөр эмэгтэйн хэвлийд тээлгэж байгаа тохиолдол ч байна. Ийм л учраас хүн гэдэг үр хүүхэдтэй болохын тулд бүхнээ зориулахад бэлхэн байдаг юм байна.
й
Тиймээс томчууд минь та бидэнд бурханы бэлэг болсон үр хүүхдээ үргэлжид хайрлаж яв. Хатуу үг хэлэхдээ ч зөв үгийг нь сонгож бай. Хожим амьдралынх зам мөр болон биелэлээ олж явдаг юм гэнэ лээ. Аашлаж загнахаасаа илүүтэй арга ухааныг нь заагаад л өгчихвөл хүүхэд гэдэг бүхнийг зөв ойлгож чаддаг юм. Хамгийн гол нь хүүхэд гэдэг таны толь. Та тэднийг яаж өсгөж хүмүүжүүлнэ. Хожмоо таньд хэн болсноо тэгж л харуулах болно. Хүүхэд хэмээх бурханы бэлгээ хайрлаж яв хүмүүс минь. Хүний хүүхэд ч бай хайрла. Тэр ч гэсэн бурханы бэлэг. Хүүхэд бүхний нүднээс гэрэл цацарч, зүрх сэтгэл нь хайраар бялхаж явах болтугай.
й
Монголын үрс маш олон болтугай.
й
П.Нарандэлгэр