Маргааш үгүй, мөнхийн дуудлага
2014-05-31

Ой хээр түймэрт автахад, айлын амбаарт гал гарахад, айлгаж гомдсон нэгэн арван давхар барилгын тагт, өндөр хүчдэлийн шон дээрээс үсэрч амиа хорлохоор завдахад, газар хөдөлж нуранги үүсэхэд, мал амьтны гоц халдварт өвчин дэгдэхэд ганцхан аврагчтай байдаг. Тэд бол онцгойгийнхон. “Онцгой байдлын алба” гэсэн бичигтэй даавуун хослол, усны гутал, шар каскаар хамгаалагдсан тэд л бусдыг аврахаар ирнэ. Дүрэлзэн асах түймрийг унтраагаад хувцас, нүүр нь халтартчихсан ялсан баатрын дүртэй, сэтгэл дүүрэн инээмсэглэсээр гарч ирэх гал сөнөөгчид. Амиа золиослохоор өндөрт авирсан нэгнийг аргадан гуйж, тайвшруулаад өөртэйгээ хамт оосорлон буулгах аврагчид үнэхээр бахархалтай. Аюулыг сөрж, бусдыг аварч хамгаалаад бахдалтай зогсохыг нь хараад тэд байхгүй бол яана аа гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм.

ө

Гэхдээ онцгой байдлын албан хаагчид “Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглаж, түүнээсээ няцваас хуулийн дагуу хариуцлага хүлээх болно” гэдгээ төр, ард түмнийхээ өмнө андгайлчихсан. Монгол Улсад энэ тангаргийг өргөөд үүрэг гүйцэтгэж буй 3900 гаруй албан хаагч байдгаас 70 хувь нь амиараа дэнчин тавьж, ажлаа хийдэг аврагч, гал сөнөөгчид. Тэд галд түлэгдэх, өндрөөс унах, усанд живэхээс үл айж, өөрийн амиа хайрлалгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг.

ө

Тиймдээ ч бусдыг авраад, өөрийгөө алдсан баатарлаг гавьяа тэдэнд олон. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд онцгой байдлын 18 албан хаагч үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алджээ. Хоёр жилийн өмнө Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн гал сөнөөгч амиа алдсан. Тэд тушаал авсан цэргийн ёсоор үүргээ биелүүлж, эх орныхоо төлөө аймшигт галтай эцсээ хүртэл тэмцэн, түймрийг цурманд оруулаад өөрсдөө түлэгдэж амиа алдсан. Аврагч, гал сөнөөгчдийг болзошгүй аюул, эрсдэл үргэлж дагаж явдаг гэвэл хилсдэхгүй. Энэ өдрөөс хэдхэн сарын өмнө Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын ажилтныг түймэр унтраагаад буцах гэж байхад нь хурд хэтрүүлсэн жолооч дайрч, амь насыг нь хохироосон. Тэрээр тус аймгийн гал унтраах ангийн жолооч, тушаал гүйцэтгэж явсан тангараг өргөсөн албан хаагч байсан. Хайрлах учиртай халуун амиараа дэнчин тавьж, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлсэн тэдний шударга гавьяа мартагдахгүй. Онцгойгийнхонд өдөр шөнөгүй гал, ус, гамшиг аюулаас аварч өгөөч гэсэн дуудлага ирнэ. Нэг түймрийг унтрааж ирээд, нүдний хор гаргалгүй дараагийн дуудлагаар хөдлөх тохиолдол зөндөө бий гэж гал сөнөөгчид ярьдаг. Ингэж цаг наргүй зүтгэсэн тэд ажилласан жил болон цолны нэмэгдэл, онцгой нөхцөлд ажилладаг гэсэн гурван үзүүлэлтээр хэмжүүлж сардаа 600 мянга орчим төгрөгийн цалин авч, амьдралаа залгуулна. Ингэлээ гээд “бид амиараа дэнчин тавьж ажилладаг цалин нэмж өг” гэж төр засгаас шалаагүй, жагсаал цуглаан зохион байгуулж сүржигнээгүй. Нэгэн аврагчаас таны цалин амьдралд чинь хангалттай хүрэлцдэг үү гэж асуухад “Дөрвөн ам бүлээ тэжээгээд болоод л байдаг юм. Хамгийн гол нь би өөрийгөө их буянтай ажил хийдэг гэж боддог. Хүний амийг мөнгөтэй зүйрлэж болохгүй шүү дээ” гэж хариулж билээ.

ө

Онцгойгийн аврагчид Монгол Улсад тохиож болзошгүй 20-иод төрлийн аюулт үзэгдлийг сөрөн зогсоход бэлэн байдаг. Агаар, усанд аврах ажиллагаа явуулах, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисыг аюулгүй болгох, гал түймэр унтраах, гоц халдварт өвчний голомтод ажиллах зэрэг есөн төрлийн аврах ажиллагааг явуулдаг. Тэдний бэлтгэл сургуулилтыг харахад айж балмагдмаар, сүрдэж бахадмаар зүйл олон бий. Аврагч гал түймэрт өртөж гэмтсэн нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэн, түүнийг гэмтээж бэртээхгүйгээр тэвэрч, нэг хүн мөлхөж багтамгүй хонгилоор ар нуруугаараа мөлхөн гарч ирэх. Энэ үйлдлийг хийхэд багагүй тэсвэр хатуужил, авхаалж самбаа, хурд шаардлагатай. Жирийн бид тэр нарийн хонгилоор хүний амь биеийг хамгаалаад гарах нь битгий хэл өөрөө мөлхөх гэж багагүй түүртэнэ. Салхины аясаар газар авч, дүрэлзэн асч буй галыг унтраахаар 18 литрийн багтаамжтай, гар ажиллагаатай зөөврийн ус шүршигч үүрээд ороход асар эр зориг, тэвчээр хэрэгтэй. Өвс асч эхлэнгүүт л бидний хоолой хорсож, нүднээс нулимс гоожоод, угаартах шахуу юм болно. Харин зөвхөн онцгойлон бэлтгэгдсэн тэд эр зориг, тэсвэр тэвчээрийн хаан гэдгээ батлан харуулж, дээрх хэцүү давааг тун амархан, чадварлаг давна.

ө

Ийнхүү баатарлаг үйлсээрээ тэд өнгөрөгч онд 2000 гаруй хүний алтан амийг аварч, 25.6 тэрбум төгрөгтэй дүйцэх эд хөрөнгийг хамгаалсан байдаг. Харин энэ он гарсаар өнөөдрийн байдлаар 1700 гаруй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 412 хүний амь насыг аварч, 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгө хамгаалсан байна. Энэ бол тэдний ажлын үр дүн, бүтээсэн гавьяа. Бусдын төлөө мөнхийн дуудлагатай, цэнхэр хүрэм, шар мөрдэстнүүдийн ажилд маргааш гэж хойшлуулах зүйл нэгээхэн ч үгүй. Зөвхөн яг одоо л бий.

ө

Б.Буд

   
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энэ алба бол энхийн цагт иргэнд үйлчилдэг энгийн байгууллага шүү. амгаланбаяр, намсрай 2 генерал цол авах гээд юуч биш болгосийншд
2014-06-01
mgls:
delxiid nomer negt ordog tusgai xangalt tsalin ondortoi ajiliig mongold yaj unelj b gaag zovxon ajil iig n xiij bui xumuus l medxiim daa ta nartaa amjilt az jargaliig xusue mongol ulsiin toloo zutgeerei
2014-06-01
baatruud:
gavya baiguulsaniih ny hereer uramshuulaltai bolgomoor baatarlag humuus shuu.amjilt husie
2014-06-01
irgen:
tsaling ni nemchihej boldogguin bhdaa
2014-05-31
nuuts:
saihan zuil bichjee uneheer baharhmaar ajil alba.6n sard ediin zasgiin hyamralaas bolj bayariin parad kinog ni hiilgehgui gej sonsson tegj bolj baigamu ydaj tsaling ni nemj ogoh heregteishude
2014-05-31