Манай улс ашигт малтмалын нөөцөө баялаг гэхээс илүүтэйгээр, иргэдийн нүдэнд үзэгдэх тоо баримтыг төдийлөн ил тод гаргаж үзүүлдэггүй. Мөн ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангиллыг ч хүртэл батлаагүй байсан цаг саяхан. 1998 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан "Ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын түр заавар” дээр түшиглэн явсаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын өнгөрсөн 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 022 дугаар тушаалаар "Монгол Улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангилал" болон "Монгол Улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангиллыг хэрэглэх заавар"-ыг анх удаа батлан гаргасан. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийн гэсэн ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалтай болж улмаар олон улсад хөрвөх, харьцуулах суурь материалтай боллоо гэж уул уурхайн салбарынхан хэлж байна.
:
Одоогоос хэдхэн жилийн өмнө хэтийн төлөвтэй хөрөнгө оруулалтын төсөл болох ашигт малтмалын дараахь ордуудын жагсаалтыг 600 ордод хийсэн судалгааны дүнгээр баталж байжээ. Тухайлбал “Таван толгойн” чулуун нүүрс 7 тэрбум тонн, “Оюу толгойн” зэс 24 сая тонн, алт 720 тонн, “Цагаан суваргын” зэс 1.3 сая тонн, молибден 48.2 мянган тонн, “Мардайн” уран 924.6 мянган тонн, “Төмөртэйн” төмрийн хүдэр 229.3 сая тонн, “Баянголын” төмрийн хүдэр 210 мянган тонн гэж тооцоолон гаргасан байдаг. Эдгээрээс хамгийн ирээдүйтэй нь алт, нүүрс, зэс, ураны ордууд юм. Тэгвэл эдгээр ордын нөөц өнөөдөр ямар хэмжээнд хүрсэн нь бодитой биш. Ялангуяа урд хөрш рүү өдөр шөнөгүй зөөдөг Тавантолгойн нүүрсний ордыг 2011 оныхоос ялгарахгүй 7 тэрбум тонны нөөцтэй гэж хэлээд байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сард гарсан ашигт малтмалын нөөцийн талаарх мэдээллээс харахад Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байгаа аж. Үүнд алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдаад байгаа юм байна. Мөн нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй гэсэн мэдээллийг Уул уурхайн сайд саяхан болсон нүүрсний салбарын олон улсын чуулга уулзалт дээр хэлсэн. Эдгээрээс одоогийн байдлаар 9.8 тэрбум тонн нөөц баталгаажсан байдаг байна. Нөөц ихтэй томоохон ордыг нэрлэвэл зэсийн Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг юм. Уул уурхайн салбар өдөр ирэх бүр өргөжин тэлсээр байгаа энэ үед Монгол Улсын нийт экспортын 94 хувийг ашигт малтмал эзэлж байна гэсэн мэдээллийг эдийн засагчид хэлж байна.
:
Ашигт малтмалын нөөцийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг салбар бүр дээр тусган хүргэе. Төмрийн хүдрийн таамаг нөөц 11 тэрбум тонн байдаг байна. Геологчид Монголд нэг тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэсэн таамаг дэвшүүлдэг. Монголын геологичид төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутаг тогтоон судалгаа хийж, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөц тодорхойлсон байна. Төмөртэй, Баянгол, Төмөр толгой ордод нийт 343 сая тонн хүдэр бий. Хараат уул, Эрээний орд 71.5 сая тонн төмрийн хүдэртэй. Таян нуурын ордод 71.7 сая тоннын нөөц тогтоогдоод байна. Хоёр жилийн өмнө гурван сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолж байсан. Харин өнгөрсөн онд таван сая тоннд хүрсэн судалгаа бий. Ирэх гурван жилд 11 сая тоннд хүрэх төлөв байдаг. Эдийн засагчид төмрийн хүдрийн нөөцөө түшиглэж, гангийн үйлдвэр байгуулах нь чухал хэмээдэг. Иймээс Сайшандын аж үйлдвэрийн цогцолборт эхэлж баригдах үйлдвэрийн тоонд ороод байгаа. Тус цогцолборт жилд 2-4.5 сая тонн хорголжин төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах тухай тооцоо байдаг байна.
:
Зэсийн томоохон ордуудын тухайд гэвэл Монгол Улсын цэвэр зэс олборлолт 2020 он гэхэд нэг сая тоннд хүрнэ хэмээн төсөөлж байгаа. Тухайн үед Оюутолгой 775, Эрдэнэт 135, Цагаан суваргын ордоос 70 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэх юм. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Тус үйлдвэрийн ашиглаж байгаа Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц нь 1.060.367 сая тонн. Зэсийн нөөц нь 4.632 сая тонн бөгөөд 125.414 тонн молибдений нөөцтэй. Дээрх нөөцөө 25 жил ашиглана хэмээн тооцож байна. Оюутолгой орд нөөц, уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд ордог гэдэг. Тус ордын хүдрийн нөөц 3.380 сая тонн. Үүнээс 31.1 сая тонн зэс, 1.328 тонн алт, 7.601 тонн мөнгө олборлоно хэмээн тооцсон байдаг билээ. Харин Цагаан суваргын ордын лицензийг “МАК” компани эзэмшдэг гэдэг. Тус ордын 141.5 сая тонн хүдрийн нөөцтэй. Мөн 94.7 сая тонн сульфидийн хүдэр бий гэж үздэг байна.
:
Манай улсыг уул уурхайн салбарын нүүр царай болдог ашигт малтмалуудын нэг нь нүүрс. Бид нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 15-т ордог. 15 сав газарт 300 гаруй орд бий. Нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд огцом өсч улсын төсвийн чамгүй хувийг бүрдүүлэх болсон. Өнгөрсөн жил 30 сая тонныг экспортлох байсан ч тал хувийг нь дөнгөж экспортлосон. Хамгийн том орд нь Тавантолгой. Тус ордын нөөцийг жорк стандартаар тооцоход долоон тэрбум гаруй тонн болсон гэж судлаачид хэлдэг. Үүний гурван тэрбум орчим нь коксжих, үлдсэн нь эрчим хүчний сайн чанарын нүүрс юм байна. Энэ жил тус уурхай 3-4 сая тонн нүүрс экспортлоно гэсэн тооцоо байдаг. Харин 2016 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлох төлөвийг гаргаад байгаа. Засгийн газраас Тавантолгой ордын нүүрс тээврийн төмөр зам, цахилгаан станц гээд дэд бүтцийг нь ирэх жилээс хөгжүүлэхээр тогтсон. Ингэснээр тус ордын үнэлгээ өснө. Иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ханш, ногдол ашиг нь нэмэгдэнэ гэж уул уурхайн салбарынхан үзэж байгаа юм. Тавантолгойгоос гадна Нарийн сухайтын орд 100 метрийн гүнд 125 сая тонн нүүрсний нөөцтэй. Тус ордын лицензийг “МАК”, “Өмнийн говийн элс” компани эзэмшдэг байна. Мөн Хөшөөтийн ордыг 360-460 орчим сая тонн нүүрстэй гэдэг.
.
Нүүрсний дараагаар яригддаг ашигт малтмал бол нефть юм. Шатахууныхаа хувьд хойд урд хөршөөс шууд хамааралтай манай улсын хувьд нефтийн салбарын хөгжил дэвшил хамгийн чухал юм. Оросын зарим эрдэмтэн 1960-аад оны үед манай орны зүүн өмнөд хэсгээр нефтийн орд их байгааг олж тогтоосон байдаг. Тэдгээрийн нэг болох Дорнод аймгийн Тосон уулын нефтийн ордын лицензийг “Петрочайна Дачин Тамсаг” компани эзэмшдэг. Уг ордын 14 талбайгаас олдсон баталгаат нөөц нь 119 сая тонн юм байна. Тус компани өнгөрсөн онд хайгуул хийж байгаа “Тамсаг ХХI” талбайгаас 50 сая тоннын нөөц илрүүлсэн гэдэг. Түүнчлэн ирэх дөрвөн жилийн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газар жилд нэг сая тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар тогтсон. Ингэснээр өөрсдөө дотоодын хэрэгцээгээ бараг бүрэн хангах боломж нээгдэх юм.
.
Монголын уул уурхайн салбарт голлох ач холбогдолтой хэд хэдэн ашигт малтмалын нөөцийн талаар дуулгахад ийм байна. Саяхан Уул уурхайн яамныхан “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого сүүлийн хоёр жилд тогтвортой байна гэсэн мэдээллийг өгсөн. Тодруулбал, 2009 онд 35.9 тэрбум, өнгөрсөн онд 40.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2303, нутгийн 12.3 хувийг хамарч хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 37 хувь, талбайн хэмжээ 2009 оныхоос 50 хувиар буурсан гэсэн мэдээллийг бидэнд ирүүлээд байгаа. Ашигт малтмалын нөөцийн хувьд арвин манай улсын хувьд ашигт малтмалуудаа “уул уурхай шохоорхогчдын” алганд зүгээр л өгчихгүй цагт дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тоонд зүй ёсоор орж, нүүрс, зэсийн олборлолт ашиглалтаараа тэргүүлэгч Австрали зэргийн улс орнуудын адил, ашигт малтмалаа ашиглаж эхэлж байгаа улс орнуудад үлгэр дуурайл болох цаг ирээд байна.
.
Асар их гэдгийн ард ийм тоо байна.
.
Н.Бадамжав