Элсэлтийн ерөнхий шалгалтаа хүүхдүүд өгнө. Ноднингийн хүүхдүүдийн авсан онооноос шалтгаалан ямар сургуульд элсэн орох нь шийдэгдэнэ. Тухайлбал 560-аас дээш оноо авсан бол төрийн өмчийн их дээд сургуульд, 400-аас дээш оноо авсан бол хувийн өмчит их дээд сургуулийн үүдийг сахих хэрэгтэй болж байгаа юм. Харин МСҮТ-д 26175 оюутан элсүүлэхээр болсон.
.
Мэргэжил сонголт яриад эхлэхээр, ажлын байрны талаарх яриа гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, төгсөөд гарахад ажлын байртай байх ямар мэргэжил байна вэ гэдэг нь гол асуудал юм. Яг л бялууг ямар цаг үед хүмүүс ихээр авдагтай адил. Ийм сонголтыг хийж байгаа элсэгч өнөөдөр алга гэхэд болно. Элсэгчид өнөө л нэг утга зохиолын ажилтан, хэл уран зохиолын багш, сэтгүүлч хуульч гэсэн мэргэжлүүдийг илүү сонгож байна. Гэхдээ эдгээр мэргэжлийг огт хэрэггүй гэж байгаа юм биш. Энэ цаг үеийн хэрэгцээтэй мэргэжилтэй харьцуулахад эдгээр мэргэжлийг эзэмшигчид олон байгаа юм. Дээр нь олон улсын харилцааны ангид элсэнэ гэхээр НҮБ-ын дарга болсон юм шиг цэцэрхэх элсэгч олон байгааг онцолмоор санагдана. Яагаад гэхээр олон улсын харилцааны мэргэжил гэдэг том нэрийн дор маш олон төгсөгч ажлын байргүй хоцордог. Үүнийг мэдэхгүй, олон улсын харицааны анги авч чадсангүй, их сургуульд сурах хүсэлгүй боллоо гэх мэтээр ярьж байна. Тэдэнд энэ талаар зөвлөх хүн байдаггүй байж болох юм. Гэхдээ цахим ертөнц хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед хэнд юу чухал вэ, боловсрол эзэмшиж гараад нийгэмд юу хийх вэ гэдгээ тэд одооноос л бодох хэрэгтэй.
.
Дээр нь манай улсын их дээд сургуулиудын бодлого буруу эргэж байна гэхэд болно. Учир нь багтаамж нь ердөө долоохон мянга байдаг эдийн засагч хуульчийн мэргэжлээр 53 мянган оюутан суралцаж байх жишээтэй. Тэгвэл эндээс долоон мянга нь ажлын байртай гэж боллоо гэхэд үлдсэн 46 мянган хуульч, эдийн засгийн мэргэжилтэн юу хийх вэ. Нэг сайхан их сургуулийн диплом өвөртөлчихөөд дэлгүүрийн худалдагч, кассын нярав, томоохон газрын оффисын үйлчлэгч хийх үү. Гэтэл өнөөдрийн байдлаар манай улсад уул уурхайн төрөл бүрийн мэргэжил, эмч, инженер гээд эрэлт ихтэй олон мэргэжил байна. Даанч нийлүүлэлт нь тийм ч хангалттай биш. Тэр олон хуульч, эдийн засагчид яагаад эдгээр мэргэжлээс эзэмшиж болохгүй гэж. Энэ нь нэг талаараа хүний сонгох эрхэд халдаж байгаа ч улс орны хэрэгцээ шаардлага нь болчихоод байгаа билээ. Нийгэмд нэн шаардлагатай эдгээр мэргэжлийнхээ боловсон хүчнийг түлхүү бэлтгэх тал дээр холбогдох байгууллагууд анхаарахгүй байгаа нь харамсалтай. Суръя гэсэн болгоныг элсүүлдэг. Тухайн элсэгчийн дараагийн алхам тэдэнд огтхон ч сонин биш. Тэр тусмаа хувийн их дээд сургуулиуд ямар ч хэрэгцээ шаардлагагүй олон анги нээдэг. Энэ нь тухайн сургуульд мэдээж ашигтай. Харин нийгэмд төдийлөн хэрэг болдоггүй. Түүнчлэн хувийн сургууль төгссөн төгсөгчдийг барагтай байгууллага хүлээн авдаггүй гэхэд болно. Манай их дээд боловсролын бодлогын үнэн төрх ийм байна. Их дээд сургуулиуд ашиг орлогоо бодоод эрэлт нийлүүлэлт муутай мэргэжилд ихээхэн ач холбогдол өгч байна гэхэд болно.
:
Энэ онд л гэхэд хувийн хэвшилд 92 мянган ажлын байр хэрэгтэй байгаа юм. Дөнгөж 40 хүрэхгүй мянгад нь МСҮТ-ийн төгсөгчид ажиллана. Үлдэж байгаа 52 мянган ажлын байр эзэнгүй үлдэж байгаа гэсэн үг. Ингээд тэрхүү орон зайг амархан олж хардаг гадаадынхан, тэр дундаа хятад ажилчид 80 хувийг нь хангадаг. Ядаж л барилгын салбарт 30 орчим мянган ажлын байрны эрэлт байгааг бид өнөөдөр хангаж чадахгүй л байна. Одоогийн байдлаар их дээд сургуульд суралцдаг 170 гаруй мянган оюутан бий гэсэн тооцоо бий. Энэ нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өссөн тоон үзүүлэлт юм. Арван жилийн өмнө манай улсын хүн ам 2 сая 600 мянга байсан бол өнөөдөр 300 мянгаар өссөн. Үүнтэй харьцуулахад оюутны тоо асар их нэмэгдсэн нь харагдаж байна. Арга ч үгүй биз дээ улс төрд гарч ирэх гэсэн бүхэн оюутнуудад мөнгө амлаад байхад, хэн зүгээр сууя гэж бодохов. Одоо бүр зарим оюутан төрөөс мөнгө л авах ёстой юм шиг аашилж байна. Дээр нь төр тэдэнд өртэй юм шиг нэхэж сууна. Үүнийг дагаад улс эх орон эдийн засгийн асар том дарамтад орж байгаа. Оюутны цалин болох 70 мянган төгрөгөөр гэр бүлээ тэжээх ч хүн байна. Гэтэл зугаа цэнгэлд зарцуулах нь олонхи байгаа юм.
.
Төрөөс чадварлаг боловсон хүчин гэж ихээр ярих болсон. Тэгвэл тэр чавдарлаг боловсон хүчнээ яг ямар мэргэжил дээр бэлтгэх талаар төдийлөн сайн ярихгүй байгаа юм. Бидний дээр дурьдсан хэрэгцээт мэргэжлүүдээр тодорхой хэмжээний боловсон хүчин бэлтгэгдэж байгаа ч ажлын байран дээр гараад нэг хэсэг нь гологдож байна. Тэгэхээр тэдэнд цалин өгөөд сургасны ашиг бараг байхгүй гэхэд болно. Тийм болоод л барилгын салбарт 30 гаруй мянган ажлын байр байсаар байтал түүнийхээ 80 гаруй хувьд хятад ажилчдыг ажиллуулж байна шүү дээ. Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр сахих ёстой, амь насанд нь халтай, тиймээс бид иргэдээ хайрлах хэрэгтэй гэсэндээ хятад ажилчдыг ажиллуулж байгаа юм биш. Их дээд сургуулиас энэ чиглэлээр бэлтгэгдэж гарах боловсон хүчин хомс, байгаа цөөн мэргэжилтэн нь ажиллах хэмжээний биш учраас л барилгын салбарт гадаадынхан зонхилдог гэхэд болно.
:
Тэгэхээр бид хойч үеэ сайн боловсон хүчин болгохын тулд, улс эх оронд ямар мэргэжил хэрэгтэй байгааг анхаарч, тэр чиглэлийн ангийг нь чадах хэмжээгээрээ бий болгох хэрэгтэй юм. Тэр тусмаа тухайн нийгэмд ямар ажлын байр эрэлт хэрэгцээтэй байх вэ. Тэр тэр чиглэлээр мэргэжилтэнээ бэлтгэх тал дээр төр засгаас бодлого явуулах нь зүйтэй юм. Ингэснээр ажилгүйчүүдийн тоо ч буурах боломжтой. Дээр нь хүн бүр хүссэн салбартаа ажиллана. Ядаж л их дээд сургуулийн диплом өвөртөлсөн ажилгүйчүүд цөөрнө шүү дээ.
:
Н.Бадамжав
Уншиж байна |