Төр төгөлдөржих амархан
2014-05-26

Нийгэм эдийн засгийн байдал эвгүйрхлээ. Энэ төр засаг юу хийж байна. Улс төрийн бохир шаарнуудыг зайлуулья, эдийн засгийн алуурчдыг дүүжилцгээе гэсэн үгс хаа сайгүй сонстох болов. Монголчуудын хаврын синдром нь хөдлөж байгаа хэрэг гэнэ. Дуртай сайд нь хашгирагсдын талд гэнэтхэн орчихоод Засгийн танхимаасаа исгэрсээр гарч одно. Гүйцэтгэх засаглалын 50 хувийг бүрдүүлдэг Ерөнхий сайд нь УИХ-аар амаа алгадуулаад юу ч хэлж чадахгүй. Чуулганы танхимд эрхэм гишүүд өөрийнхөө дэмжиж батласан хуулийн эсрэг хэнхдэг цээжээ дэлдээд л хуруугаараа чичлэнэ. Төр шиг муу муухай зүйл алга. Өөрснөө сонгочихоод адгийн муухай болгон шавар шавхайтай хутгахыг эрмэлзэнэ. Гээндээ ч гоондоо ч бий. Засаглал явуургүй байгаа нь үнэн ч 300 гаруй жилийн турш алдаж онож парламентын засаглалыг бий болгосон замналаар 20 гаруйхан жил замнаж байгааг бодолцвол энэ зэргийн алдаа ч байж болох л зүйл гэж тайвширмаар. Гэтэл үгүй юмаа. Хуучин системийн үеийн сэтгэлгээ шинэ тогтолцоотой нийцэшгүйгээр амь бөхтэй зууралдаж байгаагаас асуудлын гол нь оршиж байгаа юм. Төр ямар үүрэг хариуцлагатай вэ гэсэн асуултад өнөөг хүртэл хариулж чадсангүй. Эдийн засаг тэлж, улсын халаас түнтийх тусам дагалдаад төр өөрөө нүсэр болж механизм нь засаглалын дотоод инерц нь хүчрэхээ болиод байгаа юм. Угаас шинэ хуучин, таарах таарахгүй тэр олон араа шүд, хүрдтэй механизм хол явахгүй. Жаахан мөнгө олдоно. Хэсэг нөхөд хуваагаад л цохичихно. Олон хөрөнгө оруулалт улс төрийн явцуу эрх ашгийн төлөөнөөс балгас болоод хувирчихна. Нэг нь хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлнэ. Нөгөө нь нураагаад л хаячихна. Хэн ч хариуцлага хүлээхгүй. Буруу механизм мөнгө олох хамгийн эрсдэлгүй найдвартай арга болж хувирна. Чухам иймээс л төрөөс тэрбумтангууд төрөөд байгаа хэрэг.

5

Ганц хүрз шороо хүрздэж үзээгүй нөхөр хэдэн арван км зам барих тендер авчихаад мөнгөгүй гээд гэдийчихнэ. Дуусгахаа хүрвэл дахиад тэдэн тэрбумыг өгчих гэнэ. Тендер зохион байгуулагч төр түүний ах дүү хамаатан садан аль эсвэл өмнө тендерээс цулайсан түрийвчинд нь байгаа юм чинь яаж ч чадахгүй. Мэдээж шударга нь олон л доо. Гэхдээ тендерийн хуулинд хамгийн хямд өртөгөөр, хамгийн богино хугацаанд гэсэн шалгуур байдаг болохоос чанарын өндөр төвшинг шаардана гэсэн зүйл заалт мөрдөгдөх нь үгүй. Аргагүй шүү дээ. Стандарт нь байхгүй юм чинь. Асфальт нь тийм зузаан, ийм өргөнтэй энэ тэр гэсэн стандарт мөрдөгдөхгүй байгаа юм чинь. Бөөн уур бухимдал.

5

АТГ-ынхан захаас нь аваад шоронд суулгана. Ер нь тэдэн шиг ажилтай улс өнөөхөндөө Монголд алга. Шорон гяндан ч авилгачдаар дүүрлээ. Улс төрийн намуудын нэгнээсээ өшөө авах хэрэгсэл маягийн байгууллага боллоо гэж шуугидаг нь ортой л зүйл. Оргож босохгүй ээ, бие муу байна гээд учирлаад байхад чийгтэй шоронд илжрүүлээд алчихаж байна. Төрийн түшээд ууртай гэгч нь асуухаар хуулийн дагуу л ажилласан гэж хоттой хонины захад шүдээ чигчийлээд суугаа боохой шиг бардам гэгч нь хариулна. Та нарын л хийсэн хууль шүү дээ гэх маягтай адарна. Цоорхой хууль гаргачихсан төрийн түшээд тэгсхийгээд нам жим болно. Аргаа бараад та нарыг хуучин НАХЯ шиг ажилла гээгүй шүү дээ учирлах, сануулахын төдий шивнээд гүйцээ. Удахгүй хар хорхой шиг машинууд шөнө дүлээр давхилдаад баялаг бүтээгчдээ нэг нэгээр нь нухах юм байгаа биз. Ингэж авилгалтай тэмцэхгүй ээ. Эргээд савтай усаа хутгаад хог шаарыг нь мандал дээр нь хөвүүлэх гээд байгаа юм уу хаашаа юм.Төр өнөөг хүртэл бизнесийн орчинг хянаад байгаагийн гай ингэж гарч ирж байгаа юм. Хэрэгцээтэй мөнгийг баялаг бүтээгчиддээ өгчих. Өөртөө өмхийртөл хадгалах нэрээр өвөр хормойгоор нь суйлж байхаар.

5

Улсын төсөв өвөртөө багтаж ядаж байна. ДНБ-ий талаас илүү нь төсөвт байна. Улсын баялгийг 76 хүн мэдэж байхаар энэ их хөрөнгө мөнгийг баялаг бүтээгчид нь өсгөөд явчих цоо шинэ араа шүдийг суулгаад өгчих. Хэн дуртай нь мөнгөө зээлэг, бүтээн байгуулалтаа босго, дэд бүтцээ барь. Авсан мөнгөө урт богино хугацаанд төлөг. Гэхдээ ломба-ахын хүүгээр биш шүү. Энгийн бид ломба-ахаас юмаа тавьж зээл аваад яаж ийж байгаад төлж чадаж байна. Өнөөдрийн хамгийн ашигтай бизнес тэр шүү дээ. Гэтэл төр яагаад ингэж ажиллаж чаддаггүй юм. Ломба-ахаас их хөрөнгөтэй байж төрийн халаас нимгэрээд байдгийн шалтгаан нь юу вэ. Уг нь их л амархан гарц баймаар. Гэтэл төр өдөржин шөнөжин хуралдаад олигтой шийдэлд хүрэхгүй суух юм.

5

Төр зүгээр л бизнес хийхээ л больчих. Тийм хууль эрхзүйн орчинг нь бий болгоод өгчих. Хууль тогтоогчид зүгээр л стандарт тогтоогоод түүнийгээ дагаад мөрдүүлчих. Санаа зоволтгүй ээ. Баялаг бүтээгчид яаж ажил хэрэг болгохоо сайн мэднэ. Их мөнгөний уутны амыг нээж хааж байдаг ямар ч албан тушаалтан өөрийн эрх ашгийг илүүд үзнэ. Энэ гарцыг нь хаачих хэрэгтэй байна даа. Жишээ нь, зүү хийхэд ямар хэмжээний ямар материал орсон байх вэ. Урт өргөн, зүүний үзүүр, сүвэгчний нүх ямар хэмжээтэй байхыг нь тогтоогоод өгчих. Үйлдвэрлэх хөрөнгө мөнгө нь дутаад байвал арилжааны банкуудаар дамжуулаад чирэгдэл багатай зээлчих. Ингээд гай болохгүй ажиглаад л сууж бай. Хугацаандаа мөнгөө авчихна. Төр та хувийн хэвшил барахааргүй томоохон хөрөнгө оруулалтаа гадны томоохон хөрөнгө оруулагч нартай зөвшилцөөд хамтарсан маягтай хийчих. Ашгаа бас л ав. Цалин тэтгэвэр, эмнэлэг сургууль, нийгмийн халамжийнхаа бодлогыг энэ эргэлдсэн мөнгөн дундаас санхүүжүүлчих. Хуучин цаг үеийнх шиг төвлөрүүлэхийг бүү оролд. Энэ чинь хөгжлийн машиныг гацаагаад байгаа хэрэг.

5

Зам ингэж саруулсаад ирэхээр хаврын хаварт хөдлөдөг синдромын тухай ач зээ нартаа үлгэр домог хүүрнэж байгаа юм шиг ярьдаг цаг ойрхон болно. Яг л 90-ээд оны картны барааны үеийг худлаа яриад л гээд багацуулын шимтэн сонсдог шиг.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zovhon:
zovhon an bi*e. namiin gaigaar eh oron min dampuurch baina. nam bus uhaalag toriin tu*ed eh orniig udirdah heregtei baina.
2014-05-27
mongol:
uerunhiilugchiin zasaglaltai bolye
2014-05-26
......:
энэ ан ын хар гайгаар эх орон минь дампуурч байна.
2014-05-26
muu maanag :
ediin zasag mungu sanhuugiin asuudliin tsaana yu yu yavj bgaag sain bod tegeed uursdiiguu ueriin usand ursaad yavj bna geed bod medvuu tegeed yaj garah vee geed bodood tegeed naad neg ulig bolson hun buriin yaridag yumaa zasaad bich yu yasan huuchin ueiin setgelgee vee malaa undesgui mod gj bdguim sh dee
2014-05-26