Өвөл ирэхийн сургаар хамар загатнаж, нүд хорсдог нийслэлчүүдийн зовлонг нимгэлэх 224 сая ам.долларын сураг гарлаа. Энэ нь мэдээж утааг хөөж салхи босго гэж бурхнаас ирэх хишиг биш Азийн хөгжлийн банкнаас авах 224 сая ам.долларын зээл. Өнгөрсөн долоо хоногт нэгдсэн чуулганаар энэ зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдсан. Энэ удаагийн зээлийн зарцуулалт хэрэгжүүлэх төсөл нь урьд урьдын утаанаас салах үнэмшилгүй үрэлгэн төслүүдээс арай бодитой сонсогдохоор. Утаанаас салах суурь шийдэл болох гэр хорооллыг барилгажуулах, тэр дундаа иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд авах гэж буй зээл гэж хотын дарга цээжээрээ хамгаалж байна.
ө
.... Нийтдээ 400 мянган хүн амд хүрч үйлчлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалт явна. Хөтөлбөр дуусахад 12000-22000 ажлын байр бий болно. Төсөл хэрэгжээд эхлэхээр хувийн хэвшил ч оролцоно. Иргэдэд орон байраа засварлахад 6-12 сая төгрөгийн, орон сууцжуулахад 8-24 сая төгрөгийн зээл олгогдох юм. Уг зээлийг олгосноор 400 орчим аж ахуйн нэгж бий болно гэсэн тооцоо байгаа. Тавигдсан дэд бүтэц хөрөнгө оруулах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр нийтийн орон сууцны байшингууд баригдана. Үүнийг хувийн хэвшил хийнэ гэсэн өөдрөг төсөөллийг Үүл дарга хэллээ.
а
Тэртээгээс өнөө хүртэл утааг арилгах нэрээр намуудын сонгуулийн мөнгө болоод албан тушаалтнуудлын хөлжих хөрөнгийг босгож ирсэн 300 сая орчим ам.долларыг тооцон ярина гэвэл эдийн засаг мэдэх эрүүл ухаантай хүн бүрийн дотор харлана. Гэхдээ чуулганы энэхүү хэлэлцүүлгээс харахад их мөнгө үрсэн ч манай төрийнхөн нэг зөв ухааралтай үлдсэн юм байна гэж дүгнэж болохоор. Энэ бол нийслэлийн утааг арилгах арга нь ямар нэг шидэт зуух биш. Утаагүй зуух, түлш ч гэж байхгүй. Харин иргэдийг орон сууцжуулах, үгүйдээ л гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах халаалттай халуун хүйтэн устай болгох шийдэл.
а
Өнгөрсөн хугацаанд утаанаас салах гэж оролдсон төрийн бодлого нь богино, түүнд хаясан мөнгө нь асар их байсан. Богино хугацаанд үр дүнгээ өгөх хамгийн найдвартай арга хэмээн үзсэн сайжруулсан зуухыг нийслэлчүүдийн 68.5 хувь нь гэртээ залсан. Цэвэр агаарын сангийн хөрөнгөөр тараасан 122086 ширхэг зууханд 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн гэдэг. Мөн нийслэлийн Агаарын чанарын албаны шугамаар 7500 ширхэг зуухыг нийслэлчүүдэд тараажээ. Улсын төсвийн 16 тэрбумыг зарцуулж, нийслэлчүүдийн талаас илүү хувийг хангасан энэхүү “утаагүй” буюу сайжруулсан зуух тийм ч үр дүнтэй биш байгаа. Улаанбаатарын утааг 17-18 хувиар буурсан гэж энэ төслийг хэрэгжүүлэгчид өөрсдийгөө өмөөрсөн. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш бол үртсэн шахмал түлш хийх явдал мөн гэж тунхаглан үүнд бас л мөнгө хаясан дуулддаг. Зуухны талаар эргэн нуршихад эрчим хүчний хэмнэлттэй зуух нийлүүлэхэд өнгөрсөн онд дэлхийн банкнаас нийт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл нэмж авч байсан. Улсын төсөвт жилд 200 тэрбум төгрөгийг утаанд зориулж суулгадаг. Энэ мэт дөрвөн уулын дунд суурьшсан утааг арилгахын тулд төрөөс цацсан мөнгө чамлалтгүй. Одоо ухаалаг болж байгаа төр энэ бүх болсон болоогүй үрэлгэн зардлыг багцалж, ганц зөв шийдэл болох гэр хорооллын дэд бүтцийг бий болгоход л төвлөрүүлж зарцуулах ёстой байх. Мөн засаг захиргааны нэгж, төсөл хэрэгжүүлэгч албан тушаалтнууд утааг арилгах мөнгөөр ашиг хийн завших боломжийг хааж хатуу хяналттай болгоход онцгой анхаарах ёстойг цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх нарын хэрэг хэлж өгсөн. Хэчнээн их мөнгө хаяж төсөл хэрэгжүүлсэн ч энэ нь янз бүрийн байдлаар завшигдаад, авлигажаад байвал хэзээ ч үр дүн гарахгүй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслөөр Азийн хөгжлийн банкнаас авах 224 сая ам долларын зээлийн гэрээ батлагдвал Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчигдөх талтай. Улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 40 хувиас давна гэсэн үг. Гэлээ ч иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод энэ гэрээг нүдээ аниад баталъя даа гэж гишүүд хэлж байгаа.
а
Гэр хорооллыг барилгажуулах, тэр дундаа иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.долларын зээл авах нь. Энэ зээлийг үр дүнтэй болгож төвлөрсөн халааттай, хананаасаа халуун ус авдаг орчин цагийн дэд бутэцтэй гэр хороолол бий болгож, утаагаар уушигладаггүй болох зорилгыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хариуцаж хэрэгжүүлнэ. Тэд энэ зээлийн хаялгаар иргэдэд орон байраа засварлахад 6-12 сая төгрөгийн зээл, орон сууцжуулж хашаандаа амины орон сууц барихад 8-24 сая төгрөгийн зээл олгоно. Агаарын бохирдлыг арилгах гэр хорооллын дэд бүтцийг бий болгох суурь шийдлийг хийнэ гэж байна. Товчхондоо паартай бас паалантай суултуур бүхий байшинтай “G “ хороолол бий болох юм байна. Энэ өөдрөг төсөөлөл биелэх болтугай. Эцэст нь агаарыг бохирдлыг арилгахын тулд бодлогын буруугаа засах ёстойг нэмж хэлэх байна.
ө
Пүрэвжавын Баярхүү /тоймч/