Би Монгол хүн гэж цээжээ дэлдээд, хоосон хөөрөөд байхын нэр бишээ. Цаад зах нь сая жилийн тэртээ эртний өвөг дээдэс маань нутаглаж, хүн төрөлхтний өлгий хөрст газарт аж төрж ирсэн Монгол хүн хэмээх агуу үндэстний үр сад, хожим хойчис гэдгээ бие, хэл, сэтгэлээрээ мэдэрч, буурал түүхийн мананд төөрч мөхөөгүй босоо заяат хувь тавилангаа зөвөөр ухаарах хэрэгтэй. Мөн даяаршил хэмээх өнөө цагийн давалгаанд хөл алдалгүй Монголоороо бахархаж явахын учир юм. Юун түрүүнд өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагийн орчилд Монголынхоо түүх, соёл, шашин шүтлэг, ёс заншил, хэл аялгуу,үсэг бичиг, судар шастираа эзэн шиг эзэмшиж, ирээдүйн эздийг ч бэлтгэж явах нь монгол хүн байхын эрхэм учир.
а
Ер нь хүн байх, монгол хүн байх, хүн төрөлхтний нэг нь байх гэдэг чинь бүхэлдээ л хүнд үүрэг хариуцлага юм шүү дээ. Монгол хүн байхын үүрэг хариуцлагыг ухаарч сэхээрсэн хүнд “Монголоо алдмар” гэдэг хараал арай хүрэхгүй. Хэрвээ Монгол хүн байхын утга учрыг мэддэг хүн өнөө маргаашийн ашиг хонжоонд эх орноо худалдахгүй л дээ. Бүр наад захын ганц жишээ хэлэхэд, Монголоо гэсэн бага ч атугай сэтгэлтэй хүн бол хортой спиртээр архи нэртийг үйлдэж, цөөхөн хэдэн монголоо хордуулан байж, баяжих гэж явахгүй. Монгол хүн байна гэдэг Монгол хэмээх агуу үндэстний нэрийг, Эзэн богд Чингис хааны алдрыг худалдаж идэхийн нэр биш, харин өргөж өндийлгөж, дуурсгаж алдаршуулж явахын л нэр юм. Энэ бүхний үндэс нь монгол хүн бүрийн сэтгэлд шингэсэн үндэсний үзэл, үндэсний мэдрэмж юм. Ухаанаар доторлосон тэнэгээр гадарласан өвөг дээдсийн маань хол ч хараа гүн ухааны талаар яаж ярьж барах билээ. “Ажлын сайнаар амьдрал дээшилнэ. Бэлчээрийн сайнаар мал таргална.” “Ажил хөдөлмөр нь аз жаргалын баруун гар Арвич гамгач нь аз жаргалын зүүн гар”, “Амьдралыг ажлаар, амжилтыг чармайлтаар” гэх мэт амьдрахын үндэс нь ажил хөдөлмөр болохыг өвөг дээдэс маань мөрдөж ирсэн. “Ажил хийж, ам тосдоно” гэдэг үзэл бодлыг үнэн зам мөрөө болгосон хүнд хоосон ярьж, хов хөөцөлдөх зав байдаггүй. Нэрт нэгэн бичгийн хүн “Ядуурал бол залхуурлын шан мөн.” гэсэн байдаг.
а
Өнөөдөр ард иргэдээс эхлээд төрийн түшээд хүртэл ядуурлыг бууруулах гэдэг амны уншлагатай болжээ. Ядуурлыг бууруулах гэхийн оронд “залхуурлыг арилгах” талаар л бодож сэдмээр юм. Гурав хүрэхгүй сая хүнтэй, 30 гаруй сая малтай, ийм уудам нутаг дэвсгэртэй ард түмэн ядуу дорой байгаад олон зүйлийн шалтаг шалтгаан байдаг ч залхуугийн гай, амар хялбараар тарган тансаг амьдрахыг боддогийн уршиг юм. Монгол хүн бүр хуурмаггүй үнэнчээр ажил хөдөлмөрийг голж шилэхгүй эрхэмлэж чадвал ядуугийн зовлон үгүй болно. Харин “хуурмаггүй үнэнч” гэж тодотгож хэлснийг минь онцлоорой. Бас нэг зүйлийг зайлшгүй хэлмээр санагдана. Сархадаас самуун, архинаас аюул гэдгийг эгэл жирийн иргэнээс эрхэм төрийн түшээд хүртэл үнэн мөнөөр нь ухаарч архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн өргөмжилж хүүхэд багачууд, охид эмэгтэйчүүд хүртэл ууж олон олон гай зовлон тарьж байгааг цэглэх цаг болжээ. Энэ байдал хэвээр үргэлжилвэл монгол үндэстнийг мөхөл рүү хөтлөх нь байна шүү. Сайн үйлийг бүтээж, хүмүүн заяа тэгш явах эсэхийг чиний сэтгэл мэднэ. Сэтгэл зөв байна гэдэг чиний сэтгэлээр жолоодуулсан бүх үйл үйлдэл чинь арван цагааны мөрт багтана гэсэн үг. Бидний өвөг дээдэс сайн сайхан өгөөмөр сэтгэлийг магтан сайшаасан аман зохиолоор дамжуулан хүүхэд багачуудад балчир цагаас нь тийм сэтгэлийг төлөвшүүлж ирсэнсэн. Залуус маань заяасан тавиландаа эзэн нь болж, зөв замаар амьдралаа залах хэрэгтэй. Монголчууд чинь хүний мөс, хүний жудгаар нөгөө дуурайгаад байдаг өндөр соёлт орнынхноос хол илүү юм шүү дээ. Залуучууд маань өвөг дээдсийнхээ хүнлэг ариун зан чанар, энэрэн элбэрэх тахимдуу ёс, ах захаа чин сэтгэлээсээ хүндэлдэг бичигдээгүй хууль зэргийг нэгэн биедээ өвлөж, түүгээрээ бахархаж явах учиртай. Тийм ёсыг мэддэггүй хүнийг монголчууд маань хүний үнэргүй амьтан гэдэг. Хүний үнэргүй гэдэг маань хүн биш болно л гэсэн үг шүү дээ. Үнэндээ даяаршил гэдэг үгийг даган баясах зүйл биш. Харин болгоомжлох олон зүйл бий.
а
Ер нь хүн төрөлхтөн бүхий л зүйлээрээ даяаршина гэвэл дэндүү өрөөсгөл болно биз дээ. Бид хэлээ мартаж, соёлоо үгүйсгэвэл хэн болох вэ, хэл соёлоо хамгаална гэдэг хэдхэн мэргэжлийн хүмүүст хамаатай зүйл биш. Гадаад хэлийг сурч, гадаадын соёлоос суралцалгүй яахав.Гагцхүү эх хэл, түүх соёлоо үгүйсгэнэ гэдэг туурга тусгаар улсын иргэнд байж боломгүй хэрэг л дээ. Эх хэлээ сайн эзэмшиж, их соёлоороо бахархан суралцана гэдэг эх орноо хайрлаж, тусгаар тогтнолоо хамгаалахад иргэн хүний оруулж буй хувь нэмэр юм шүү. өнөө цагт эх орныхоо чулуу бүрийг, эх хэлнийхээ үг бүрийг “Нүдлэн хамгаалах” цаг ирснийг монгол хүн бүр чин сэтгэлээр ухаараасай гэж хүсэх юм даа. Монголоороо үлдэхийн цаад нигуур нь энэ юм болов уу.
а
Н.Бадамжав