"Би"-г цохолж, бусдад үйлчлэх түшээдийн төлөвшил
2014-05-18

Төрийн түшээдийн төлөвшлөөс парламентын, улс орны хөгжил хамаарах болов уу. Учир нь төр барилцах эрхийг сонгогчид бид дөрвөн жилийн хугацаатайгаар тэдэнд атгуулдаг. Байнгын үйл ажиллагаатай парламенттай болсноос хойш 20 гаруй жилийг үдэж байна. Энэ хугацаанд байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш тасралтгүй сонгогдож ирсэн, хэд хэдэн парламентад дараалан сууж байгаа туршлагатай төрийн түшээд одоогийн парламентын бүрэлдэхүүний 50 илүү хувийг эзэлнэ. Өнөөдрийн парламентын үйл ажиллагаа бүрэн эрхийн хугацааныхаа талд нь орсон. Архаг парламентчдаас илүүтэй шинэ залуу үеийн парламентчид, түшээд хэрхэн төрийн хар хүн болон төлөвшиж байгаа нь сонгогчид бидэнд сонин биз. Шинэ залуу парламентчид хэр төлөвшиж, төрийн хар хүн, улстөрч болж байна вэ.

1

Өмнөх парлемтын үед анх удаа, шинээр сонгогдсон түшээдийг ямар хуулийн хэлэлцүүлэг, УИХ-ын дэгийг мэддэг эсэх нь эргэлзээтэй дөрвөн жил дуугүй явлаа гээд л шүүмжилдэг байсансан. Гэхдээ тэдний нийгэмд үзүүлэх хор хөнөөл нь бага байж. "Номыг нь сураагүй ч номхныг нь сур" гэдэг шиг тухайн үеийн шинэ парламентчид тойрогтоо ажиллаж, туршлагатай парламентчдынхаа үгийг сонсоод, хүндэтгэлтэй ханддаг байж. Хэрвээ ямар нэг асуудалд санал нийлээгүй бол  байнгын хороо, чуулганы хуралдааны танхимд орилж, хашгичин хэрэлдээд байдаггүй. Тухайн асуудлаар санал хураахад дэмжсэн, дэмжээгүйгээ илэрхийлчихдэг байж. Өмнөх  парламентын үед П.Алтангэрэл гишүүнээс “Та хэлэлцэж байгаа асуудалд өөрийн байр сууриа хэрхэн илэрхийлж байна вэ. Хууччуул таныг "шинэков" гээд дээрхэлж байна уу, та тэр бүр дуугараад байдаггүй” хэмээн "хатган" асуухад "Манай парламентад туршлагатай парламентчид бас салбартаа шилдэг эдийн засагч, хуульч олон байна. Жишээлбэл, мөнгөний бодлого ярихад О.Чулуунбат, хууль ярихад Ц.Нямдорж, С.Баярцогт гээд мундаг хүмүүс ярьж байхад би хүндэтгээд сууж байдаг. Түүнээс бус "оны ялгаа байхгүй", тэднээс сурах зүйл их байгаа, бас тойрогтоо" хэмээн даруухан хариулж байсан.

1

Өнөөдрийн парламентын шинэ гишүүдтэй харьцуулахад өмнө үеийнхэн ажлаа хийхээс гадна архаг улстөрчдийг, цаашлаад төрийг, төрд сонгосон сонгогчдоо хүндэтгэдэг байж. Харамсалтайн өнөөдрийн шинэ түшээдийн зарим нь төрийг, түмнийг хүндэтгэх "номхон, даруухан" зан алга. Замын дунд гээгдчихсэн үү, гэм биш зан нь юм уу бүү мэд.

1

Хэн нэгэн шинэ гишүүн хууль санаачлан оруулж ирээд, олонхи дэмжээд баталчихаар "Миний, надаар овоглогдох" гээд л бөөн "би" дурдана.  Л.Эрдэнэчимэг гишүүнээр жишээлэхэд, "Тамхины хяналтын хуулиа элгэндээ тэвэрч ирээд л хаана ч явсан "Энэ хууль надтай салшгүй холбоотой, надаар овоглогдох, миний санаачилсан" гээд л өгүүлбэр бүртээ "Би"-г өргөмжилнө.  Тамхины хяналтын хуулийг Л.Эрдэнэчимэг гишүүн санаачлан өргөн барьсан нь үнэн ч, хууль боловсруулах явцад судалгаа шинжилгээ, эрүүл мэндийн хийгээд олон улсад тамхины талаар хэр хяналт тавьдгийг диплом хамгаалах гэж байгаа оюутан шиг данг ганцаар Л.Эрдэнэчимэг гишүүн хайгаад, нухаад суугаагүй нь лавтай. Дээр нь баталсан хуулиндаа явцын дунд нэмэлт өөрчлөлт оруулдаг гэдгийг УИХ-ын Тамгын газрынхан шинэ түшээдэд заасан байлтай. Үг, үсгийн өөрчлөлт ч оруулахгүй гээд чуулганы танхимд арилжааны зах дээр яваа хүн шиг орилолдох юм, зарим түшээд. Үүнийг дагалдаад эрхэлдэг бизнестэй нь холбоотой эрх ашгийн зөрчилтэй хууль гэх үг чих дэлсэж байна лээ. Бизнесмэн гишүүд өөрсдөдөө зориулсан хууль батлах гэдэг гэмтэй. Тиймээс ч эрхэм гишүүнийг бизнесээ өргөжүүлэх гээд дээрх хуулийг батлуулжээ гэх хардлага нийгэмд үүссэн байна лээ.

1

Хэн нэг гишүүн хууль боловсруулан өргөн барихад үүний цаана тухайн салбарын ажилтнууд, ажлын хэсгийнхэн гээд наанадаж 30 гаруй хүний гар бие оролцсон байдаг. Цаашлаад тухайн салбарт хуулийн шинэчлэл хийгдэх сургаар хүлээлт үүсч, ажил цалгардах байдал ажиглагддаг гэдгийг туршлагатай парламенчид  ярьдаг юм. Хэрвээ тухайн баталсан хуулийг санаачилсан парламентчаар нь овоглодог байсан бол олон парламент дараалан сонгогдсон түшээд мөн ч олон хууль дээр нэр нь дагалдах байсан биз. Тэгээд ч хэр хууль батлагдсаныг цаг хугацаа харуулж, нийгэм, олон нийт хэнээр овоглохыг нь хэлээд өгдөг. Монгол Улсын Үндсэн хуулийг эх барьж авсан, Үндсэн хуулийн "эцэг" гэж Ардын багш, Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимид агсныг ард түмэн нэрийддэг. Түүнээс бус Б.Чимид агсан Үндсэн хуулийг "би эх барьсан юм" гэж хэзээ ч ам нээж байгаагүй юм шүү.

1

Төрийн түшээд бүр “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн. Харин энэ удаагийн парламентад ард түмний бус аль нэг улс төрийн намын "элч"-үүд цөөнгүй бий. Тэд бол жагсаалтаар сонгогдсон гишүүд. Намын жагсаалтаар парламентад сонгогдсон шинэ түшээдийн зүгээс зөвхөн тухайн намынхаа, хэн нэгний "дохио"-гоор ажилладаг шинэ үзэгдэл ч гарлаа.  Үүнийг О.Баасанхүү гишүүнээр жишээлэхэд л хангалттай. О.Баасанхүү гишүүн Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлт өргөн барьж хэлэлцүүлээд өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар төслөө татаж авсан. Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэх хугацаанд тэрбээр БНСУ-ыг зорьж, ирэнгүүтээ төслөө татан авсан нь зарим гишүүний зэвүү дургүйг хүргэж, хардлага, таамаглалыг ч дагуулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүнийг огцруулахаар өргөн барьсан төсөл ямар арилжаа наймаагаар буцаан татагдсан нь тодорхойгүй. Хуульзүйн сайдыг онилсон сум замаасаа буцсаныг зарим нь гишүүн гадарлаж байгаагаа нуугаагүй. Ямар хэргийг үүний цаана хаасан, ямар арилжаа явагдсаныг ард түмэн одоогоор үл мэдэх ч, цаг хугацаа илчлээд өгөх биз. Ямартай ч түмний төлөө, улсын орны хөгжлийн төлөө хуулийн төслөө татаж аваагүй нь мэдээж.

1

Ийнхүү жагсаалтаар парламентад орж ирсэн зарим эрхэм хэн нэгний захиалгаар, "дохиур"-аар ажлаа гүйцэтгэж байгаа нь түмний хараанаас яаж бултах вэ?  "Намын жагсаалт" хэмээх сагсанд багтсан эрхмүүд бүрэн эрхийн дөрвөн жилд улс орны төлөө бус намынхаа, лидерийнхээ төлөө ажиллаж, "өр"-өө төлдөг гаж тогтолцоо бүрдлээ. Энэ нь өмнөх парламентын үед дуугардаггүй гэж шүүмжлүүлдэг байсан "гэм зэмгүй" эрхмүүдийн үйлдлээс ч илүүтэй хор уршгийг нийгэм, улс оронд дагуулж байгаа бид зүгээр хараад суух уу. Улсын эрх ашиг хөсөр хаягдаж, намын, хувийн эрхийг төрийн дээр тавих парламентчид ирээдүйд олшрох нь, энэ янзаараа.

1

Тиймээс УИХ-ын сонгуулийн хуулиас "намын жагсаалт"-ыг хасъя. Сонгогчид бид ч бас булаалгасан эрхээ буцааж авъя, "намын жагсаалт" манайд зохихгүй нь. Нөгөөтэйгүүр "Шинэ баян цээж өвчтэй" гэдэг шиг шинэ гишүүдийн бусдыг үл хүндэтгэсэн "би", бусдын аманд багтсан болчимгүй үйлдэл мэт нь парламентын төлөвшилд саарал толбо үлдээнэ үү гэхээс сайнаар дуурсагдахгүй нь биз ээ.

1

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
19001973:
эрхэм жолооч та авто тээврийн улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-05-19
квот:
өөрсдийгөө булшлах гэж үү нямдорж миеэ гонио энхбаяр гэх мэт луухгарууд. мөнхөд биднээ дарангуйлах хуулийн дарангуйлалаа бид биш тэд өөрсдөө тогтоодог
2014-05-19
ynshigch:
jagsaaltiig burmusun hasah heregtei,odoo baigaa jagssaltiin nuhduud hyyli yosnii tangarag yag urgusun yumyy. arai namiin tuluu gej urguugui biz,tangaragt tiim yum baihgui
2014-05-18
songogch:
jagsaaltaar songoh yum bol ene 76 heveeree l b.na
2014-05-18
zochjn444 :
yag zew jagsaaltig ergen hartsgaya songogchidoo
2014-05-18
зочин:
уих-ын 76 гишүүн ард түмний саналаар сонгогдож байх нь зүйтэй.жагсаалтаар сонгодог явдлыг болих хэрэгтэй.
2014-05-18