Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах, ҮХАА-н сайд Х.Баттулгыг чөлөөлөх гэдэг утгаараа УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гаригийн хуралдаан халуухан болох байлаа. Гэвч бүх зүйл аль хэлдийнэ тодорхой болчихсон байсан учраас болох ёстой зүйл болдгоороо болов. ҮХАА-н сайд Х.Баттулгыг чөлөөлөх нь тодорхой болчихсон асуудал байв. Засгийн газар танхимаасаа явуулах шийдвэрээ гаргаж, байнгын хороод ч хүсэлтийг нь ёсоор болгосон. Түүнийг сайдын албан тушаалаас чөлөөлөх нь цаг хугацаа л асуудал байв. "Давхар дээл"-ний эсрэг үзэл бодолдоо үнэнч үлдэж буйгаа сайдын суудлаа өгч харуулсан Х.Баттулгын асуудлыг чуулганаар ч дөмөгхөн шийдчихэв. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэл амыг эс тооцвол түүнийг тун хялбарханаар баяртай гэж даллав. Хуралдаанд оролцсон 69 гишүүний 54-ынх нь саналаар тэрээр дан гишүүн болж, төрийн ажил бус улс төрийн карьераа хөөх боломжтой болсон.
а
Харин Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн хувьд айх зүйл төдийлөн байгаагүй. Ерөнхийлөгч хамгаална гэдгээ ил цагаан хэлж, Ерөнхий сайд ч танхимаа цөмлөхийг хүсэхгүй. Огцруулах асуудлыг хэлэлцсэн тэр танхимдаа үлдэх байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүүд шинэ нөхцөл байдал үүсч, өргөдлөө татсан. О.Баасанхүү УИХ-ын даргад “Огцруулах үндэслэлд дурьдагдсан мэдээлэл дотор шалгаж нягтлах ёстой мэдээлэл, баримтын зөрүү байгаа учраас огцруулах асуудлыг татаж авч байна” гэсэн албан хүсэлт илгээсэн гэнэ лээ. Тэрээр огцруулах саналаа түр хугацаанд татаж байгаа гэдгээ бас хэлсэн. Х.Тэмүүжингийн тухай дахин шинэ баримт факт гарч ирэхийг хүлээх бололтой.
а
Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газрын нэг гишүүн явж, нөгөө нь үлдэв. Үлдсэн нь ажлаа үргэлжлүүлэх нь тодорхой. Харин явсных нь орыг хэнээр нөхөх бол гэсэн асуулт одоохондоо хариултгүй байна.
а
Ерөнхий сайдын хариу цохилт
а
Төрийн бүтэц данхайсан нь эдийн засаг хүндрэхийн нэг шалтгаан болсон хэмээн МАН-ын мэдэгдэв. 2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148 мянга 781 төрийн албан хаагч ажиллаж байсан бол 2012 он 162 мянга 383, 2013 онд 176 мянга 773, 2014 онд 180 мянга 151 төрийн албан хаагчтай болсныг Сангийн яамнаас гаргасан байна. Энэ нь 2012-2014 онд Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар орон тоогоо нэмэгдүүлсэн гэсэн үг. Ингэж төрийн албаны бүтэц данхайсан шалтгаан нь яамдын тоог нэмэгдүүлсэнтэй холбоотой гэнэ Тодруулбал, өмнө нь 11 яаманд 978 төрийн алба хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн яамдын албан хаагчдын тоо 80 хувиар нэмэгдсэн, тэр дундаа төрийн захиргааны байгууллагын тоог 2013 онд 767-оор нэмэгдүүлсэн гэдгийг Су.Батболд гишүүн тоочив. Энэ бүхэн Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажил гэдгийг хэлж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Тэд эдийн засаг хүндэрч, ам.долларын ханш 1800 болсны хариуцлагыг Ерөнхий сайдаас нэхэж байгаа юм.
а
Харин хариуд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмэнд худлаа мэдээлэл цацдаг, сүржин мэдэгдэл, тулган шаардах бичгээр далайлгадаг хэмээн шүүмжлээд авсан. Тэгээд ч зогсохгүй "М.Энхболд намаа удирдах болсноосоо хойш УИХ дээр ярих юмыг гудамжинд ярьдаг болсон. Хамтарч ажиллах шаардлагатай байна" хэмээн хэдхэн хоногийн өмнө ярьсан зүйлд нь хариу өгөв.
а
Хорих ангид сэжигтэн нас барав
а
Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас барлаа. Тэрээр эргэлтээр ирсэн өмгөөлөгчтэйгөө уулзаж гэж байгаад гэнэт татаж унан, нас барсан аж. Түүнийг “Петро чайна дачин тамсаг” компани болон Монгол Улсын хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хөрөнгөнөөс 50 орчим тэрбум төгрөгийг бусадтай нийлж гувчуулсан хэргээр өнгөрсөн оноос эхлэн шалгасан юм. Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэг байж болзошгүй байсан тул хэргийг харъяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байдаг. Ингэж шалгахдаа түүнийг оргон зайлж болзошгүй хэмээн 461 дүгээр ангид хорьсон нь үхэлд хүргэх шалтгаан болсныг өмгөөлөгч нь хэлж байгаа юм. Учир нь түүнийг тархи толгойны өвчтэй, байнга эм уудаг байсан гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн удаа дараа хүссэн ч хорих ангиас зөвшөөрөөгүй. Тэр ч байтугай "Дээрээс хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэсэн чиг өгсөн гэж эмчлээгүй" гэх тайлбарыг хорих ангийн эмч өгсөн гэдгийг өмгөөлөгч нь ярьсан.
а
Харин ШШГЕГ-аас эсрэг мэдээлэл өгсөн. ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардорж "Эмнэлгийн тусламж авах хүсэлт гаргаж байгаагүй юм билээ" гэсэн тайлбарыг өгч, шинжилгээгээр ч “Эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагагүй” гэсэн хариу гарсан хэмээн мэдэгдсэн. Ямартай ч хуулийн байгууллага болоод талийгаачийн өмгөөлөгчийн өгч буй мэдээллүүд зөрүүтэй байгаа. Шүүхийн шинжилгээний хариу 14 хоногийн дотор гарах учиртай. Тэр цагт төрийн хамгаалалтад байсан сэжигтэн нас барсны шалтгаан тодорхой болох биз ээ.
а
В.Хэрлэн