Тариалалтын ид үе эхлээд байхад салбарын яамных нь сайд Засгийн танхимаас гарах “хөгжилтэй” уриалга гаргалаа. Араас нь сайн дураар хийгээд сөрөг хүчнүүдийн зүгээс товлогдоод байгаа сайд нарын тоо Засаг унагах хэмжээнд хүрэхэд тун ойрхон байна. УИХ дахь бүлэг хоорондын зөрчил Монголыг өлсөгчихгүй аваад явсан хөдөө аж ахуйд тун хүндхэн тусна. Байдал тийм ч сайнгүй байна. Дэлхий нийтийг хамран эрчимтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөө ихэссэн, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө санхүүгийн чадавхи суларсан, мэргэшсэн ажилтан, мэргэжилтний тоо цөөрсөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан хүндрэл арилаагүй байна. Газар тариалангийн салбарт эрх зүй, эдийн засаг, техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийгдэж хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах, улмаар дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тариаланчид, механикжуулагчид, ногоочдын залуу халааг бэлтгэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулахад бодитой үр дүн болсон ч хөрөнгө санхүүгийн бэрхшээл ямагт дагалдсаар байгаа. Атрын гурав дахь аянаар 63.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар атаршсан болон өнжсөн талбайгаас 395.4 мянган га талбайг ашиглалтад оруулснаар эргэлтийн талбайн хэмжээ 663.4 мянган га-д хүрч, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо 800-гаар нэмэгдэн 1420-д хүрчээ. Тун дажгүй үзүүлэлт. Үр тарианы 80 гаруй хувь, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахуйц хэмжээнд хүргэсэн ололтоо энд тэмдэглэх ёстой. Харамсалтай нь улс төр тэдэнд энэ жил боломж өгөхгүй нь бололтой.
5
Өнгөрсөн жил 393 орчим мянга га газарт тариалалт хийж байсан бол энэ жил багасч, 375 мянга га газарт тариалалт хийхээр болсон. Тариаланчид буудайн урамшууллыг эс тооцвол төрөөс ямарваа тусламж, дэмжлэг авдаггүй, техник хэрэгсэл муутайгаас гараараа бүхнийг хийдэг гэх зэргээр тулгамдаж буй асуудлаа тоочиж байна. Сайд нь байхгүй болохоор хэндээ хэлж ярих арга ухаанаа олохгүй сууцгаана. Улс төр хэвийн хэмжээн дэх бүхэл бүтэн салбарын ажлыг нэг л өдөр унагачихаж чадаж байна. Тариаланчдад хаврын тариалалтад шаардлагатай үр тариаг төлбөрийн 20 хувь, шатахууныг 50 хувь, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн зээлийн урьдчилгаа төлбөртэйгээр өгч байгаа. Харин намар ургац хураалтын үеэр үлдсэн төлбөрөө буудай тушаах байдлаар төлж барагдуулахаар болсон ч энэ хөрөнгө мөнгөний хувь заяа хэрхэх нь бас л тодорхойгүй. Санхүүжилт хүндрээд байгаа өнөөгийн нөхцөлд тариаланчдаа дэмжих боломж улсын халаасанд алга. Банкныхан урьдчилгаа төлбөртөө 40 хувийн төлбөр нэхэж сандаргаж байгаа сурагтай. Засгийн ажлыг шат шатандаа унагаж дээрээс нь улс төр эдийн засгийн хямрал нэрмэж байхад намрын ургацын тухай өнгөтэй өөдтэй төсөөлөх ч боломж алга.
6
Энэ жилийн хаврын тариалалтад 48 мянган тонн үр шаардлагатай. Өсөлт нь давжаарсан, үр ашиг нь улам бүр муудсаар байгаа үр л тариаланчдад байгаа болохоос үрийн шинэчлэлийг олигтой хийж байсан удаагүй. Үүний улмаас га-гаас авах ургацын хэмжээ жил ирэх бүр хумигдсаар байна. Зоригтой үрийн шинэчлэл хийж байгаа гэх боловч тариаланчдад мэдрэгдсэн зүйл алга. Хойд хөршөөс оруулж ирж байгаа импортын нэг тонн элит үрийг 880 мянган төгрөг, нэгдүгээр репродукцийн үрийг 830 мянган төгрөг, дотоодын үрийг 680 мянган төгрөгт тогтоосон. Үнийн дарамтнаас өөдөө босч байгаа тариалан эрхлэгч нар хуруу дарам цөөн.
6
Урд хөрш рүү экспортолж овоо мөнгө олдогоор нь рапс ноднин их хэмжээгээр тарьсан нь тариалангийн талбайн үржил шимийг үгүй болгож эхэлсэн. Ноднин талбайнхаа 15 хувиас дээш гараад явчихсан. Үржил шим муутай байнгын арчилгаа шаарддаг манай орны хувьд хоригловоос зохих ургамал. Хасарвааний үр шидчихээр л дараа жил нь ургацаа өгөөд эхэлдэг үржил шим бүхий хөрстэй улс орон ч энэ рапсыг талбайнхаа 20 хувиас илүү хэмжээгээр тариалахыг хатуу хориглодог. Харамсалтай нь манайх үгүй. Төр нь дэмжихгүй болохоор мөнгөний эргэлтээ бодоод тариаланчид илүү их тарьж байна. Хариулт өгөх ёстой яам нь суудлаа олохоо больсон энэ жил улам ч илүүг тарих биз. Засгийн ажлыг цалгардуулахгүйн тулд яаралтай сайдын томилгоог хийх ёстой. Уул уурхайн салбар өөдлөх өнгө нь бүрхэг энэ үед улсын нуруунаас ачааны хүндийг тэд л хөнгөлнө. Мал аж ахуйн салбарынхны байдал ч тийм таатай биш байгаа. Толгой нь мултарч үүр нь бужигнаад байхад тэднээсээ илүү ихийг хүсэх зориг зүрх даанч алга.
5
Н.Бадамжав