Хорих ангид сэжигтнээр хоригдож байхдаа нас барсан Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайханы талаарх мэдээ олон нийтийн анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Том гэж болох гэмт хэрэгт сэжиглэгдэн хоригдож байхдаа гэнэт нас барсан нь ийн олны анхаарлыг татаж янз бүрийн сэжиг таамаг гарах нөхцөл болж байгаа тал ч бий байх. Түүний хэн байсан ямар ажил албан тушаал эрхэлж байсан талаар МАН-аас өнөөдөр гаргасан эмгэнэлдээ тодорхой дурджээ. Хэдийгээр тэр гэмт хэргийн сэжигтэн байсан ч сайн аав, сайн хань, төр улсдаа хүчээ өгсөн нэгэн байсан байж таарна. Амьдралынхаа сүүлийн идэвхтэй 10-аад жилд /2003-2012/ онд Газрын тосны газрын дарга, хэлтсийн даргаар ажиллаж байсан талаар эмгэнэлд дурджээ. Энэ хугацаандаа алдаа гаргаж “Петро Чайна дачин Тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос тодорхой хэмжээний мөнгийг угааж улсад хохирол учруулсан хэргээр хуулийнхан түүнийг шалгаж байсан. Хэвлэлд мэдээлснээр 40.5 сая ам.долларын орлого зувчуулсан хэрэг гэж мэдээлэгдсэн. Их мөнгө, улсад том хохирол. Үүнийгээ шалгуулж үнэн мөнөө тогтоолгох явцад тэрээр ийн гэнэт нас барлаа. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье.
:
Эр эндэж эрэг нурдаг гэдэг. Түүний амьдарч ирсэн хугацаан дахь албан тушаалд хүрч, амжилт гаргаж гялалзаж явсан он жилүүдийг харахад МАН /МАХН/-тай салшгүй холбоотой өгсөж ирсэн харагдана. Энэ талаасаа тэрээр улс төр, түүнийг дагасан өндөр албан тушаалын өгөө авааны эргүүлэгт зайлшгүй татагдах орчинд байсан байж болохоор. Талийгаачийн гэнэтийн үхэлд хэн нэгнийг буруутгахаас өөр харах зүйл энд байна. Амьдралынх нь энэ харамсалтай төгсгөл бол төрийн албан тушаал эрх мэдэлд хүрэхийн хамт нам бүлэглэлд ач хариулах болдог манай улс төрийн намуудын дотоод ялзрал, хар сүүдрийн тусгалыг харуулсан хэрэг гэж болно.
.
Улс төрийн эрх мэдэл албан тушаалд хариу нэхсэн шантааж нь төрдөө зөв сэтгэлтэй зүтгэж ирсэн зөөлөн даруу хүмүүсийг ч хар ангалд татан унагааж байна. Өнгөрсөн оноос Ерөнхийлөгчийн сонгууль даган идэвхжсэн авилагачдыг намнах ажиллагаанд цөөнгүй хүмүүс их хэмжээний мөнгө идэж уусан талаарх сэжиг таамаг ил болж хүчнийхэн шалгаж эхэлсэн байдаг. Энэ хүрээнд шалгагдаж буй хүмүүсийн ард маш том улс төрийн нөлөө байсныг хэн ч үгүйсгэхгүй. Нарийн харвал тэд намаа санхүүжүүлэх мөнгө олох даалгаврыг гүйцэтгэж байснаараа золиос болсон тал ч харагддаг. Энэ талаас нь харвал тэд том сүлжээний хэлхээг мэдэх гэрч нар юм. Тэрээр сэжигтэн байсан. Бас гэрч байсан ч гэж болно. Энэ талаасаа бол түүний эрүүл мэнд болоод амь нас нь төрийн хамгаалалтад байх байсан. Гэвч харамсалтай нь тэрээр сэжигтнээр татагдсан учраас саяхан батлагдсан гэрч хохирогчийг хамгаалах хуулийн үйлчлэлийг авч чадсангүй. Энэхүү харамсалтай хэргийн ард ар гэрийнхэн болоод өмгөөлөгчийн зүгээс талийгаачийн амь нас эрүүл мэндийг хамгаалах талаар анхаарал тавиагүй, хайнга хандсан гэсэн гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Ийм гэнэтийн хагацал үзсэн хүмүүс бүгд л ямар нэг хэмжээний гомдол нэхэлтэй үлдэх нь зүй. Хэргийг шалгаж буй хүчнийхэн, хууль шүүхийнхэн одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг авсан байсан гэж байгаа. Гэхдээ ийм харамсалтай тохиолдлын ард манай өнөөдрийн хуулийн үйлчлэл ямар хатуу чанга, хүнлэг бус байгаа нь харагдаж байгаа юм. Хүнд хөнгөн аливаа хэрэгт сэжиглэгдсэн тохиолдолд манай хуулийн практикт таслан сэргийлэх арга хэмжээг ихэнхдээ цагдан хорих байдлаар авч хэрэглэдэг. Хуулиндаа ч ийм л талдаа сууж өгсөн. Талийгч хэрвээ хүний эрхийг дээдэлсэн, шинэчилсэн хуулийн орчинд шалгагдаж байсан бол арай өөр нөхцөлд таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагдах байсан ч байж болно. Магадгүй эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хууль шинэчлэгдэн батлагдаж мөрдөгдөж байсан бол талийгаачид тодорхой эрхүүдийг нь хязгаарласан байдлаар гэрийн хорионд байж шалгагдах, нэг бол хуульд заасан мөнгөний барьцаатайгаар гадуур байж шалгуулах зэрэг хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрэх байсан.
.
Энэ мэт хүний эрхийг хангах, энэрэнгүй байх хуулийн шинэчлэл хийгдэж эхэлсэн ч одоо гацчихаад байгаа. Бүр санаачилж эхлүүлсэн сайдыг нь унагаах талаар чуулганаар хэлэлцсэн. Х.Тэмүүжин сайдын хэрэгжүүлж эхлээд буй хуулийн шинэтгэл явсаар хуулийн олон хатуу заалтыг хүнлэг энэрэнгүй байх зарчимд ойртуулах, хэрэгтэн сэжигтэн байлаа ч хэргээ шударгаар дарамтгүй шалгуулах бололцоог хангах, хэрэгт холбогдогчдын эрх, эрүүл мэнд, амь насны баталгааг хангах, ингэхийн тул цаг үеийн шаардлагад нийцүүлж хууль болоод хүчний байгууллагын тогтолцоог бүхлээр нь шинэчлэх зорилготой л байгаа. Гэхдээ энэ шинэчлэл одоо зогсонги байдалд ороод байна.
.
Талийгаачийн гэмт хэрэг хийсэн эсэхийг шалгаж байсан болохоор хэрэгтэн гэж ярих үндэслэлгүй. Тэр тодорхой хэрэгт сэжигтэнээр шалгагдаж байсан. Одоо бурхны оронд одлоо. Түүний төөрөг зураг насны хэмжээ нь алтан хайрцганд нь юу гэж буусныг мэдэх зүйл алга. Гэхдээ түүний амьдралын нэг хэсэгт манай бохир улс төрийн орчны сүүдэр нөлөө туссан байсан нь тодорхой. Түүний шалгагдаж байсан хэргийн ард нам бүлэглэл дамжсан мөнгө угаах ямар том сүлжээ яаж бууж байсныг одоо хэн ч хэлэхгүй, мэдэхгүй болж байх шиг байна. Тэр олон асуултын хариултыг өөртөө авч тэнгэрт одлоо. Бидний хувьд хөндлөнгөөс талийгаачийг сайн муу гэж дүгнэх элдвээр тохуурхан бичих нь нь ёс зүйн хувьд ч, хүний жудгийн хувьд ч үл зохих хэрэг болох юм.
.
Талийгаачийг нэг бол сайнаар дурс нэг бол бүү дурс гэдэг. Тэр их нөхөрсөг эелдэг даруу хүн байсан гэдэг. Өр зөөлөн, үг сөрдөггүй хүн улс төрд нэг орвол амар тавьж явуулдаггүй, хатуугаар зууж хар нүх рүү чирдэг гэдэг нь үнэнч байх. Аавын хүү алдаж “аавын хаалга” татахад хүнлэг ардчилсан нийгмийн гэрэл араас нь тусдаг байлгахын тулд хуулийн шинэчлэлийг төгс хийж дуусгах л ёстой гэдгийг энд дахин хэлэх хэрэгтэй болж байна.
.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/