Улстөрчид бидэнд гэнэтийн бэлэг барихдаа гаргуун. Гэнэтийн бэлэг нь сонирхол татах ч баяр бахдал төрүүлэхгүй. Энэ хаврын улс төрийн амьдралын гэнэтийн бэлэгтнүүдийн нэг нь ҮХАА-н сайд Х.Баттулга болов. Нэг л өглөө сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн гараар УИХ-ын даргад атгуулсан нь цочирдом биш ч гэнэтийн байж чадсан. Цочирдуулаагүй шалтгаан нь Х.Баттулга "Давхар дээл"-ээ тайлахыг хүсэгчидтэй нэг тал. Гэтэл "Давхар дээл"-ийг тайлахгүй нь тодорхой болонгуут мань эр үзэл бодолдоо үнэнч байгаагаа харуулж, өөрөө сайдын үүрэгт ажлаа өгөхөөр болсон нь энэ. Үүрэгт ажлаа өгөх нь ч тодорхой болов. Н.Алтанхуяг түүнийг танхимдаа үлдээхгүй гэсэн шийдвэрийг гаргачихсан. Бас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар түүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжчихсэн. Тэгэхээр УИХ-ын нэгдсэн чуулганаар ногоон гэрлээ л шийдвэр гарна гэсэн үг. Ингээд ҮХАА-н сайдын албан тушаал Х.Баттулгын намтарт бичигдэн үлдэнэ. Харин ард нь түүний оронд ҮХАА-н сайдын албан тушаалд хэн очих вэ гэсэн чамгүй том асуултыг тэмдэг хоцорно. Энд хэд хэдэн таамаг яригдаж байна.
:
Хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн тоонд ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал орж байгаа. Шүлхийтэй махыг идэж болно гэсэн үгнээсээ болж олон нийтээс чамгүй зэмлэл хүртсэн дээр нь вакцины асуудлаас болж сайдтайгаа таарамжгүй болсон гэх зүйлсийг эс тооцвол түүнд хий бага. Хамгийн чухал нь Х.Золжаргал ажлаа мэднэ. Нэг үгээр хэлбэл, Х.Баттулгын хийж байсан ажлыг үргэлжлүүлэхэд түүнд тийм ч хэцүү биш. Харин гаднаас хүн тавьбал ажилтайгаа танилцах, хаанаас юуг нь эхлэх гэхчлэнгээр цаг хугацаа алдана. Мөн газар тариалангийн ажил эхэлж буй энэ үед ажлаа мэддэг, танилцах гэж цаг хугацаа алдахгүй хүн тавибал төрд хэрэгтэй. Энэ талаас нь үзвэл Х.Золжаргалд давуу тал бий гэсэн үг. Хэрэв Х.Золжаргал сайдын суудалд очвол түүний ажлыг өнөөгийн дэд сайд Ц.Туваан үргэлжлүүлнэ гэсэн бор шувуу саарал ордонд нисч явна лээ.
:
Сайдад нэр нь яригдаж байгаа өөр нэг хүн бол Д.Нямхүү. НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдын албан тушаалыг хашиж байсан тэрбээр энэ удаа бялуу амталж магадгүй нь. Д.Нямхүү Ерөнхий сайдтай нутаг нэгтэн. Бас “Чацаргана” хөтөлбөрийн үндэсний зөвлөлийн гишүүн гээд танхимын тэргүүлэгчтэй хамаатах зүйл олонтой. Дээр нь Х.Баттулгад ч түүнд суудлаа залгамжлуулах шалтгаан бий. Олон зүйлээр бизнесийн хамтрагч тэдэнд тохироо хийсэн зүйл байхыг үгүйсгэх аргагүй. Эндээс харвал АН доторх "Кроун" франкцийнхан анх удаа засагт орж, томоохон хувь хүртэх магадлал өндөр байна. Д.Нямхүү ч, Х.Золжаргал ч "Кроун" франкцаас угшилтай.
:
Харин Х.Баттулгын улс төрийн байр сууринаас харвал тэрбээр суудлаа МоАХ-ны хэн нэгэнд үлдээнэ. Энэ өнцгөөс бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж хамгийн өндөр магадлалтай. Энэ тохиолдолд Ш.Түвдэндорж Х.Баттулгын эсэргүүцээд байгаа "давхар дээлтэн" болно. Тэгэхээр Ш.Түвдэндорж зөвхөн таамаг төдийн яригдаад өнгөрч болзошгүй. Дээр нь Х.Баттулга сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа "манайхнаас ажил албанд томилогдсон цөөн нөхөд бий л дээ. Тэдний зарим нь ч ажил албыг нь буцааж өгнө гэж ярьж байгаа" хэмээн ярьсан удаатай. Тэгэхээр энэ засгийн үед МоАХ-ныхон албан тушаалын төлөө төдийлөн хөөцөлдөхгүй нь гэж харж болно.
₮
Төрийн ажлыг бус улс төрийн амьдралаа хөөхөөр шулуудсан Х.Баттулгын оронд тавих хүнээ АН-ынхан хэдийнэ яригдаж, магадгүй тодорхой болгочихсон байх. Энд Х.Баттулга ч чухал үүрэг оролцоотой. Эхэлсэн ажлаа хэнд үлдээхээ мэдэх эрх мэдэлтэй нэгэн. Юутай ч "Кроун"-ынхны талаас нар мандах магадлал чамгүй өндөрт байна.
:
В.Хэрлэн
Уншиж байна |