Ирэх зургаадугаар сараас хилийн үнэ нь 900 ам.доллароор үнэлэгдсэн шатахуун манай улсад орж ирнэ. Одоо шатахууны хилийн үнэ 1100 орчим ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд Газрын тосны газар болон шатахуун импортлогч компанийн удирдлагууд ОХУ-ын “Роснефть”, “Роснефть-MMG” компанийн төлөөлөлтэй харилцан тохиролцож, үнийг 900 ам.доллар болгожээ. Манай улсын шатахуун импортлогч компаниудын ихэнх нь тодруулбал, 10 гаруй байгууллага “Роснефть”-ээс бүтээгдэхүүнээ авдаг. Товчхондоо бол Монголын шатахууны зах зээл “Роснефть”-ээс тодорхой хэмжээгээр хамааралтай гэсэн үг. Тиймээс “Роснефть”-тэй хэл амаа ололцох нь амин чухал асуудлуудын нэг. Харин энэ амин чухал харилцаа нааштайгаар эргэж Сингапурын бирж дээр суурилсан шатахууны үнийг мөрдөхөөр болсон нь таатай мэдээ. 1400, 1200, 1100 ам.доллар гэх мэтээр буурсаар одоо шатахууны хилийн үнэ гурван оронтой тоо руу орлоо. Ингэж шатахууны хилийн үнэ буурсан учраас зургаадугаар сараас дотоодод худалдаалагдах шатахууны жижиглэнгийн үнэ буурч магадгүй гэсэн горьдлого төрнө. Харамсалтай нь бодит байдал дээр сохор зоосоор ч буурахгүй болов уу. Учир нь ам.долларын одоогийн ханш тийм боломжийг олгохгүй нь. Хилийн цаадах үнийг хичнээн хямдруулж, буурууллаа ч дотоод дахь ам.долларын тэнгэрт тулсан ханш хэрэглэгчдэд нар үзүүлэхгүй. Уг нь манайд шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байх бага багаар ч атугай нөхцөл бүрдээд буй. Шатахууны хилийн үнэ нэмэгдэнгүүт манайх импортын татвараа тэглэдэг. Импортлогч компаниуд цаашлаад иргэддээ дарамт учруулахгүй гэсэн нэг бодлого. Харин хилийн үнэ боломжийн, хэн хэндээ хал балгүй болвол татвараа буцааж тавьдаг. Энэ нь төсөвт хөрөнгө төвлөрүүлэх нэг арга. Эцэстээ энэ бүхэн үнийг тогтвортой байлгах ганцхан зорилготой.
5
Харин одоо эдийн засагт хийж байгаа эцсийн амь тариа болох "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-т найдах л үлдэж байна. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлого үр дүнтэй явагдаж, эдийн засаг тогтворжин, ам.долларын ханш доошилбол олон зүйл дээр эерэг хариу гарна. Үүний нэг нөгөө л шатахуун. Орост найтаахад Монголд ханиадаг гэдэг шиг шатахууны үнэ нэмэгдэнгүүт талхны өртөг өсдөг хамааралтай. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийн өсөлт зөвхөн унаа тэрэгтэй хүнд хамаатай асуудал биш. Тэгэхээр дотоодод валютын ханш доошлон тогтворжвол ирэх зургаадугаар сараас бид арай хямд өртөгтэй шатахуун хэрэглэж магадгүй л юм. Зөвхөн магадгүй шүү. Албаны хүн бол шатахууны жижиглэнгийн үнэ буурахыг үгүйсгэхгүй байгаа ч яг буурна гэж хэлэхгүй байгаа. Ам.долларын ханшийг урьдчилан таамаглах аргагүй учраас тэр байх. Ямартай ч шатахууны хилийн үнэ тодорхой хэмжээгээр буурлаа. Харин хэрэглэгчдэд хүрэх үнэ хэд байх нь дотоод зохицуулалт, импортлогч компаниудын "хайрын" сэтгэлээс ихээхэн хамаарах юм.
5
В.Хэрлэн