Ажил үүргээ гүйцэтгэж байсан Замын цагдааг мөргөж, гэмтээсэн хэрэг өчигдөр орой 17:30 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарчээ. Аз болоход хүний амь нас эрсдээгүй байна. Хэрэв энд муу зүйл болсон бол 2011 онд БЗД-ийн нутаг дэвсгэр Цайзын уулзварт замын цагдаагийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байгаад, согтуу жолоочид дайруулан амиа алдсан харамсалтай явдал давтагдах байв. Өчигдөр болсон ослын газарт цагдаагийнхан очиж үзлэг хийхэд Замын цагдааг мөргөж гэмтээсэн 5505 УБП улсын дугаартай Ниссан Армада загварын машины тормоз барьдаггүй байснаас гадна жолооч нь “цастай байсан болохоор би замын цагдааг хараагүй” гэж мэдүүлжээ. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан аж.
:
Ард иргэдийнхээ өмнө тангараг өргөн, тэднийг аюулгүй, амар амгалан байлгахын тулд ажилладаг Замын цагдаагийн албан хаагчид эрүүл, согтуу жолооч нарын ослын бай болсоор байх уу. Бодох асуудал. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 400 гаруй замын цагдаагийн албан хаагч байдгаас 200 орчим нь өдөр тутам гудамж, замд хяналт тавьж, зохицуулдаг. Гэтэл нийслэлд өдөрт 411 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Ингэхээр нэг албан хаагч ойролцоогоор хоёр мянган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянана гэсэн үг. Энэ нь өндөр хөгжилтэй манай хоёр хөршийнхтэй харьцуулвал 8-10 дахин их тоо. Тухайлбал, БНХАУ-д нэг замын цагдаад 350 тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг зохицуулах үүрэг ногддог бол ОХУ-ын замын цагдаагийн албан хаагч 250 тээврийн хэрэгслийг хянаж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцуулах үүрэгтэй байдаг аж.
:
2012 онд Монгол Улсын Засгийн газраас “замын цагдаагийн нэг ажилтанд 350 тээврийн хэрэгсэл оногдохуйцаар төлөвлөж, хүн хүч, орон тоог хангах” тухай 53 тоот тогтоол баталжээ. Гэвч хоёр жилийн өмнө цаасан дээр батлагдсан тэрхүү тогтоол, өнөөдөр бодит амьдрал дээр хараахан хэрэгжиж амжаагүй байна. Нэг албан хаагч хоёр мянган автомашинд хяналт тавина гэдэг ойлголт манайхаас өөр оронд байдаггүй байх. Замын цагдаагийн газрын хөдөлгөөн зохицуулагчид хоногийн 24 цагт үүргээ гүйцэтгэдэг. Тэд гурван ээлжээр буюу 07:00-15:00, 15:00-23:00, 23:00-07:00 цаг гэж ажиллана. Хэдийгээр ээлжинд гарч буй ч тогтсон цагтаа бууна гэдэг ховор тохиолдол гэнэ. Замын хөдөлгөөн түгжрэл, саатал ихтэй үед ажлын цаг нь хэтэрч, оройтож буудаг гэж хөдөлгөөн зохицуулагчид ярьдаг.
:
Тэдний ажил усан бороо, цасан шуурга, халуун нар, хаврын хавсаргатайд ч үргэлжилнэ. Улсын баяр наадам, цагаан сар, шинэ жилээр ч амардаггүй. Харин авдаг цалин нь 500 мянган төгрөг. Халуунд халж, хүйтэнд хөрч, олны аюулгүйн төлөө өдөр шөнөгүй зам дээр зогсдог тэдний 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг байна. Тэдний дотор Дарь-Эхийн уулан дээр хашаагүй газар гэрээ бариад, ээжтэйгээ хамт амьдардаг албан хаагч хүртэл байдаг тухай дарга нь ярьж байсан.
:
Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвөөс Замын цагдаагийн газрын хөдөлгөөн зохицуулагчдын ажлын байран дээр жилийн дөрвөн улирлын турш судалгаа хийжээ. Уг судалгаагаар Замын цагдаагийн албан хаагчдын ажлын байр нь хүнд хортой нөхцөл гэдэг зэрэгт хамрагдсан байна. Тэдний эрүүл мэндэд байгаль цаг агаарын нөхцөл байдлаас гадна автомашины хорт утаа сөргөөр нөлөөлдөг аж. Мөн өдөр тутам хууль сахиулах үйл ажиллагааг явуулж, зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцох зэрэг нь хөдөлгөөн зохицуулагчдыг сэтгэлзүйн дарамт, стресст оруулдаг болох нь тогтоогджээ.
:
Зарим хүмүүс замын цагдааг нохой мэт дорд үзэж, өөдөөс нь эзэн шиг харьцдаг. Ард олны аюулгүйн төлөө тангараг өргөсөн цагдаа бахархалтай албан хаагч. Дөрвөн цагийн эргэлтэд үүргээ гүйцэтгэн, таныг хамгаалж, харин өөрөө болзошгүй эрсдэл, аюулын дунд зогсож байгаа тэдний оронд өөрийгөө тавиад ганцхан удаа бодоод үзээрэй. Тэд чинь та бидэнтэй л адилхан хүн, ард иргэд нь замын цагдаагийн ажлыг хүндэтгэж, Төр засаг нь тэдэнд жаахан анхаарал хандуулах хэрэгтэй мэт.
.
Б.Буд