Дэлхийн дайдыг махир сэлмээрээ хэмжиж, үүнээс цааш газар үгүй гэж санааширч суусан Монгол цэрэг өнөөдөр төрийн сүлдэт малгайгаа газарт дэвсчихээд дээр нь Ганнам стиль хэмээх солонгос поп дууны аянд дэвхцэн бүжиглэж байгааг хараад уур бухимдал минь зэрэг асах шиг болов. Асууж сурахаар чөлөөт үзүүлбэр гэсэн ядруухан тайлбар өгч суух юм. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг дээ. Жагсаалдаа жигдэрч, алхаа тавьж байгаа нь сайхан ч Ганнам стилийн аян дор төрийн сүлдэт тэргүүнээ өлмий дороо өшигчин зогсох нь энэ улсын нэр хүнд хэр байгааг төвөггүй тодорхойлж болно. Гэтэл улс орнууд цэргийн жагсаалаа яаж хийж байна вэ. Дэлхийн II дайны ялалтыг олон оронд өргөн дэлгэр тэмдэглэсэн. Дэлхийн хүн амын 80 орчим хувийг хамарсан их дайн болохоор арга ч үгүй биз.
:
Хамгийн мундаг нь хэзээнээс оросууд байлаа. Улаан талбай дүүрэн цэрэг эрс, зэвсэг техникийн цуваа. Дивиз дивизээрээ яг л хайрцаг мэт эгнэн жагсаад Кремлийн хананы дагуу эгнээ эгнээгээрээ огтын алдаа эндэгдэлгүй жагсч өнгөрнө. Бүхэл бүтэн дивизээс гав ганцаараа үлдсэн дайчин эр хамтдаа тулааны халуун галын өөдөөс эрс шийдэмгий мөр зэрэгцсэн анд нөхдөө хүлээн орь ганцаар цэрэг эрс болгонд зориулсан эгнээ сандлын дунд таягныхаа бариулыг эрүүгээрээ тулан сууна. Сүрт жагсаал, баяр цэнгэл, гуниглал харуусал ээлжилсэн энэ өдөр Оросын аугаа түүхийг дэлхийд сануулав. Их дайнд АНУ-аас хэдэн хувь илүү хувь нэмрээ оруулсан монголчууд Ганнам стиль бүхий бүжиг дэглэлтээр цэргийнхээ сүр хүчийг харуулав.
.
Цэргийн парадын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Крымд онцгойлон баяр хүргэсэнд өрнөдийнхөн тэр дундаа АНУ ихээхэн шүүмжлэлттэй хандсан. Оросууд тоосонгүй. Тэд сүлжмэл шаахай, ноорсон хантааз, анжисны мөрөнд цус шүүрсэн нуруутай хэрнээ Европын талыг өчиггүй буулгасан хүчирхэг Германы нацизмыг зогсоож чадсан. Чухам үүнийх нь төлөө дэлхий дахин Сталиныг бурхан адил дээдлэж байлаа. Ард түмэн гэдэг ходоод хоосон, хөл нүцгэн, гар хоосон ч гэлээ нэгдэж нягтарч чадвал ямар аугаа болж болдгийг нотлосон. Өнөөдөр ч В.Путин тийм ард түмнийг нэгтгэж өөрийнхөө ашиг сонирхлыг тэдэнтэй хамтатгаж чадаж байна. НАТО, АНУ бол асуудал биш. Бид ийм хүчирхэг ард түмэн гэдгээ ердөө цэргийн парадад хандаж байгаа үйл хөдлөл, илэрхийллээрээ харуулж чадлаа. Дараахан нь Украины Донецск салан тусгаарлах санал асуулгаар санал нэгтэйгээр оросын талыг баримтлав.
:
Украин Оростой муудалцсаныхаа хариуд дэлхийн дайны ялалтыг тэмдэглэхээс татгалзсан нь тавдугаар сар тэр чигтээ Оросын баяр байдгийг мартсан улстөрчдийн буруу алхам болсон юм. Зүүн хэсэг нь тэртэй тэргүй Оросын нөлөөнд орох эгзэгтэй үед тунчиг буруу алхам болсон тухай өрнөдийнхөн шуугиж байна. Үнэний хувь бий. Ард олны сэтгэлийн хөөрлийг зөв залж эв нэгдлийн галыг асааж чадвал юунд ч хүрч болохыг энэ үйл явдал дахин санууллаа. Бидэнд санаж сэхээрэх маш олон зүйл байна. Оросыг үгүйсгэсэн 20 жилийн босгоос ажихад өмнөд хөршөөс нийгэм эдийн засгийн үлэмж хамааралтай болсон гашуун түүхийн улбаа мэдрэгдэнэ.
.
Манай цэргийнхэн энхийг сахиулах бүхий л үйл ажиллагаанд оролцож улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа хэдий ч Ганнам стилийн аянд хөөрцөглөсөн дүрэмт хувцасны шоу болгоод л өнгөрлөө. Уг нь манай Ерөнхийлөгч цэргийн хүнсэн. Тэр ч байтугай Львовын цэргийн сургуулийг дүүргэсэн нэгэн. Ирэх жил чөлөөлөх дайны 70 жилийн ой болно. Монголчууд их дайны сүүлийг мушгилцаж, халуун цус бүлээн амь, эд материалын асар их тусламжийг өргөсөн түүхэн гавьяатай. Цэргийнхэн мундраа хутгахгүй төр нь төвшин хүчирхэг байж чадвал тэнэг ард түмэн гэж байдаггүй, тэнэг удирдагч гэж л байдаг гэдгийн бас л нэг сонгодог жишээ болон түүхнээ үлдэнэ. 90-н онд бид түүхэн хувьсгалыг оготны хамраас цус гаргалгүйгээр хийж чадаж байлаа. Улсын сүр цэрэгтээ гэгчээр арми ардынхаа өмнөөс буу шагайгаагүй. Тэр үед удирдагч нь удирдагч байж. Цэрэг эрчүүд ч жагсаалдаа хайрцаг мэт жигдэрдэг байлаа. Тэднийг ард түмэн улсынхаа сүр хүчийг хэмээж хүндэлдэг байв. Үндэсний эв нэгдлийг сануулсан тун чухал үйл явдлын дүр зургаас жижигхэн дүгнэлт хийхэд ийм л байна даа.
.
Н.Бадамжав