Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2014 оны эхний дөрвөн сард 434 нялхас энджээ. Энгийнээр бодвол нэг сард 100 хүүхэд эндсэн гэсэн үг. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 8.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Яг л махны үнэ нэмэгдэж, долларын ханш өслөө гэдэг шиг үхсэн хүний тоо ч зогсолтгүй өсдөг болж. Харин статистикчид үүнд болох ёстой зүйл болдгоороо болж байна гэсэн хариултыг өгөв. Өөрөөр хэлбэл, төрөлт нэмэгдэж байгаа учраас эндэгдэл нэмэгдэх нь мэдээжийн асуудал гэсэн тайлбарыг өгч байх юм. Энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд төрсөн хүүхдийн тоо 984 болж, 3.8 хувиар өсчээ. Төрсөн хүүхдийн тоо 984 болж нэмэгдсэн байхад эндсэн 434 бол юу ч биш л гэнэ. Төрөлт нэмэгдэхийн хэрээр нялхасын эндэгдэл өсөх "хууль"-тай бололтой. Товчхондоо бол илүүдэл нь үхэж, үрэгдэж байхад гэмгүй л гэсэн үг болж таарав. Төрсөн хүүхдийн бараг 50 хувьтай тэнцэх хэмжээний хүүхэд эндсэн байхад болох ёстой зүйл болж байгаа мэтээр хандаж байгаад гомдож, харамсмаар. Гэхдээ хэнд гомдох вэ?!
:
Хамгийн түрүүнд эмчийн тухай бодол толгойд эргэлдэв. "Чи ганцаараа төрж байгаа юм уу", "яах гэж жирэмсэн болсон юм", "жаргаж байхдаа ингэж өвдөхөө бодохгүй яасан юм" гэхчлэнгээр өвдөхийн хажуугаар загнаж, зандчих нь хүүхдийг чинь аврах, алах нь миний эрх гэх шиг сонсогдоно. Мэдээжийн эмчийн өмнөөс, түүний төлөө жирэмсэн болоогүй ч эмч учраас аврал эрж ирсэн. Харамсалтай нь эмч нар хандсан бүхэнд аврагч байж чаддаггүй. Хамгийн сүүлд гэхэд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэг нярай энджээ. Шалтгаан нь нярайн гар нь хугарсан. Таван килограмм жинтэй ургийг жам ёсоор нь төрүүлнэ хэмээн зөрүүдэлсэн эмч хүүхдийг хүчээр татаж гаргахдаа гарыг нь хугалж, амь насанд нь хүрсэн байх юм. Таван килограмм жинтэй ураг тээж буй эх хүндрэлтэй төрөхийг надаас илүү мэдэх хүн нь эмч. Гэтэл жам ёсоор нь төрүүлнэ тарилга, дусал хийж хэдэн цагаар зовоосны эцэст вакуум таталт хийнэ хэмээн хүүхдийг татаж гаргасан байна. Ингэхдээ хүүхдийн зүүн гарыг хугалж, баруун гарынх нь ясанд нь цууралт үүсгэснээ тоолгүй орхисон. Мөн татах явцад хүүхдийн тархинд хаван үүссэн зэргээр дөнгөж төрж буй тэр нярайд дааж давахын аргагүй өвчин зовиур үлдээсэн хүнийг аврагч гэж хэлэхэд хэцүү. Харин энэ бүхэнд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Х.Жаргал "Яагаад хугарсныг нь би мэдэхгүй. Наад асуудлыг чинь шүүх цагдаа шийднэ" гэсэн хариултыг өгч байна. Яагаад ийм харгис хэрцгий, дээрэнгүйг ойлгосонгүй.
:
Ямар ч байсан статистикчдийн нэгэн адил тэр ч илүүдэл нь энэ хорвоогоос явах ёстой гэж үздэг бололтой. Монгол Улсын хүн ам нэмэгдэж байна, гурван сая дахь иргэндээ тийм, ийм зүйл өгнө хэмээн төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэж байх хооронд зуу зуун нярай эндэж байна. Ганцхан сард 100 нярай. Янз бүрийн шалтгаанаар. Бурхан байгаад ч нэмэргүй давагдашгүй хүчин зүйлээр нэг хэсэг нь эндэж байхад нөгөө хэсэг нь аврагчийнхаа гарт амиа алдаж байна. Халуун усаар дөнгөж төрсөн нярайг шалзалдаг нэгэн байхад ясыг нь хугалж гэмтээдэг нэгэн бас байх. Монголын үрс маш олон болохын тулд дэндүү урт, хэтэрхий бартаат замыг туулах нь дээ.
.:
В.Хэрлэн