Зангиатай малчдын илгээлт
2014-05-13

“Явуулын эмнэлэгтэй л больё” зэрэг хүсэлтээ Ерөнхий сайдад бичгээр гардуулаад залуу малчдын төлөөлөл нутаг нутгийн зүгт жолоо заллаа. Уудам монгол орны минь 330 сумаас ирсэн малчин залуус амралтын өдрүүдээр уулзаж дээлийнхээ өнгөөр төрийн ордондоо өнгө нэмж зангиатай дарга нарын сүрийг дарлаа. Ингэхдээ ордон дотор тасалгааны +20 хэмд монгол дээлтэйгээ хөлрөх ч үгүй сууж хөдөө талд малчин хүн ямар тэвчээр хатуужилтай болдгийг төрийнхөнд үзүүлээд буцав. Энд “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөнийг хийсэн тухай давхардуулан бичих гэсэнгүй. Залуу малчдын тухайд үргэлжлүүлж ярих зүйл багагүй үлдсэнийг дурдья гэлээ. Сүүлийн 10 жилд залуу малчдын тоо 60-аад мянгаар буурсан гэсэн тоо байдаг юм байна. Буурсан гэдэг нь мал маллах ажлын байраа хаяад хөдөөдөө дэмий тэнээд байгааг хэлээгүй бүр малаа орхиод нутаг нугаасаа гараад явчихсаныг нь хэлж байгаа байх. Энэ нутгаасаа дайжсан хэд хот суурин л бараадаа биз, бүгдээрээ Солонгос гараагүй нь лавтай.

:

Эсрэг өнцгөөсөө бол тэд хот сууринд ирж ажилгүйчүүдийн эгнээнд орсон ч гэсэн малын захаасаа явсан нь зөвдсөн байх. Учир нь хөдөөд малаа адгуулан суух нь эрх тааваараа сайхан хэдий ч бас хэтэрхий эрсдэл ихтэй. Салхи татуулан давхиж явтал Хятад  мотоциклийнх нь дугуй салж нисэж үхэж мэднэ. Гэнэтийн шуурганд хаяанаасаа төөрч хэдэн малтайгаа осгож Малайзын боинг шиг сураггүй болж ч мэднэ. Хажуу хотны Баагий согтуу уруу татаж идэр есөөр портертой айл хэсэж байж цасанд сууж хуруу гаргүй ч болж мэднэ. Залуу халуун насаа уулын тагтад элээн байж хэдэн хүүхэд өсгөөд эцэст нь нэг зудны дараа 200 мянган төгрөгийн тэтгэвэртэй үлдэж буянтай өвгөдийнхөө ясыг өндөлзүүлж мэднэ. Уулын мухарт гар мухар бүлэг малын хулгайч нартай тулж бусдын гарт хэдэн үхэртэйгээ хамт бойлуулж ч магад. Энэ бүхэн малчин заяаг хараар будаад, хийморийг нь унагаах гэсэн жишээ бус. Цахимжсан эрин зуунд амьдарч буй нас бие тэгширсэн хэсэг залуусын ахуй орчинд байгаа бодит эрсдэл.

:

Төрийн ордондоо орж том хүмүүстэй тулж уулзаж, малчин заяандаа нэгэнтээ урамшаад буцсан залуу малчдын төлөөлөл ийм эрсдлүүдийг амны билэггүй оргиж хамаагүй ярихгүй. Малчин байх сайхан шүү дээ гээд буцлаа. Хөдөөнөөс шилжиж ирээд нам дагаж дээшээ гарсан зангиатай малчин тэдний дунд байсан бол харин их юм ярих байсан биз. Гэхдээ энд хуралд сонгогдож ирээгүй үлдсэн залуусын өмнөөс хэлэх ярих зүйл үлдсэн санагдана.

:

Хөдөөд малчдын орчин тойронд шийдэх асуудал олон бий. Итгэлт баян шиг гүйлгээ ухаантай феодол биш ч тэр хэрийн бэлтэй малтай, хөрөнгөлөг айл хөдөөд олон болж байна. Үүнийг дагаад хотын бид цахим ертөнцөд тэнүүчилж явахад тэнд хөдөө талд хамжлагат ёс шиг хөдөлмөрийн хувиар бий болоод байгаа. Гэхдээ хувьсгалын өмнөх шиг харгис мөлжигч  хэлбэртэй биш. Харин ч малгүйгээ малжуулж, ажилтай орлоготой болгож байна. Гэхдээ үүнийг нь зохицуулах төрийн оролцоо зохицуулалт, тогтоол журам байхгүй тул яваандаа хамжлагат хэлбэртэй болчихож магад. Нэг мянгат малчин хаяа дагасан 3-4 өрх айлд малаа тастан өгч цалинжуулж, ажлын байр бий болгож байгаа талаар телевиз хэвлэлээр алдаршуулдан ярьдаг. Мөн малаа айлуудад тараан өгч хаврын төлнөөс зуун төлд арван хурга гэх зэрэг урамшууллаар малжуулж байгаа жишиг ч бий. Мэдээж энэ бүх хөдөлмөрийн үүрэг нь ихэнхдээ бүгд аман хэлцлээр үүсч мөн тэр байдлаар дуусгавар болж байгаа болохоороо асуудалтай. Энд хөлс хүчээ шударга бусаар үнэлүүлж хохирч байгаа малчин ч бий байх, зохих ёсны таарсан хөлс мөнгөө авч  малжиж байгаа нь ч бас бий байх.

:

Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байхгүй аман байдлаар хийж байгаа хэлцэл болохоор эзэн малчин өгдөг авдаг дээрээ луу унжвал яах вэ гэдэг бас бэрх асуулт. Баян айлын хаяа дагасан малчны хувьд эргэлзээтэй зүйл олон. Гэрээт малчин уу, туслах малчин уу. Аман тохироогоор хүний мал адгуулж байгаа нь хөдөлмөр эрхэлж байгаа хэрэг мөн үү. Мөн бол НД, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь эзэн мянгат малчин төлөх үү. Ингэсээр хүний мал адгуулж 20 жил өнгөрөхөд тэтгэвэр тэтгэлэг гэж авах уу. Зуднаар хэдэн малыг нь алдчихвал яах вэ. Малаа барьцаалж банкнаас зээл авсан тул гээд нэг өдөр шүүхийн шийдвэрээр гэрээт малыг нь туугаад явчихвал юутай үлдэх үү. Айлын хаяа дагаж мал дагасаар дараа нь өрх гэр, үр хүүхэд нь ямар баталгаатай үлдэх вэ гэсэн олон асуултад хөдөөний хүний хээгүй зангаар хариулахгүй, бүр бодох ч үгүй яваа залуус цөөнгүй байгаа.

:

Тэгэхээр одоо шинээр бий болоод байгаа туслах малчдын төлөөллийг оролцуулсан  анхдугаар уулзалтыг хийвэл зохино. Тэдэнтэй ХХААЯ-ны зангиатай мэргэжилтнүүд халз уулзаж ордонд нэг өдөр хүлээн авч  хүндлэл үзүүлээд  дараа нь малчны хотонд нь очиж хамт 7 хоновол бүр үр дүнтэй болно. Ингэвэл тэд яамны түшмэлээс хөдөөгийн  амьдралын гүнд нь орж танилцсан зангиатай малчид болоод буцаж ирэх юм. Харж ойлгосон зүйлээсээ санаа авч ярих хэлэх юм нь ч амьдралд ойр болно. Ядаж л туслах малчин айлд байсан уу, гэрээт малчин айлд мах чануулж идсэн үү гэдгээ ялгаж салгахаар бодолд автана. Малчдын хооронд үүсч буй хөдөлмөрийн харьцааг зохицуулах жишиг зохицуулалт журам гаргах хэрэгтэй юм байна, малчин гэдэг ажлын байр мөн юм бол ажил олгогч  ажилтан хоёрын дунд үүсэх хөдөлмөрийн болоод өмчийн харилцааны талаар эрх зүйн зөвлөгөө өгөх сургалт хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод ирэх юм. Хэрвээ ийм уулзалт боллоо гэж бодвол зангиатай малчдын төрд хүргэх илгээлт нь залуу малчдын өөр олон асуудлыг шинэ шатанд гаргаж тавина.

:

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин