Тансаглалаа танах 100 өдөр
2014-05-12

Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолоо чуулганаар соёрхуулж авсан Засгийн газрыг яаж хөдөлж, хэр сэхээрсэн бодлогоор ажиллахыг олон нийт анхааралтай харж байгаа.

Өнгөрсөн сард дээлнийхээ хормойноос сайн чангаалгаж мориноосоо уначих шахсан Засгийн газар арай өөр хандлагатай бүтээлч болсон мэт санагдлаа. Өнгөрсөн бямба гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны хэд хэдэн шийдвэр цаг үеийн шаардлагад нийцсэн алхмыг эхлүүлж байгаа юм байна гэж дүгнэж  болохоор байна.

5

Энд Засгийн газар анх удаа гэж болохоор төрийн ажил үйлчилгээнд шүүмжлэлтэй, үнэлэлт өгсөн байдлаар хандаж, төрийнхний одоогийн үрэлгэн  байдлыг зогсоож болох тогтоол шийдвэрүүдийг гаргажээ.

Засгийн газарт үйл ажиллагаагаа илүү үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, төрийн чиг үүрэг давхардалгүй хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтаа оновчтой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойлгомжтой стандартаар, шуурхай, тэгш хүртээх, нийгмийн хамгааллын оновчтой зөв бодлого явуулах замаар төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, хэмнэх, бууруулах шаардлагыг бий болсныг хүлээн зөвшөөрсөн байна.

5

Энд Монгол Улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл оны эхнээс тасалдаж, улмаар жилийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд хүндрэл учирч болзошгүй байгааг анхаарч хэлэлцсэн бололтой. Эдийн засгийн хүндрэлтэй байсан өдрүүдэд төсвийн нийт урсгал зардал төлөвлөснөөс өсөлттэй явж ирсэн юм байна.  Нийт урсгал зардлын өсөлтийн 50.2 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтөөс, 10.9 хувь нь нийгмийн халамжийн зардлын өсөлт, 11.7 хувь нь төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламж, мөн хууль тогтоомж батлагдсанаар үүссэн бүтэц, орон тооны өөрчлөлтөөс, 8.6 хувийг зээлийн үйлчилгээний төлбөр, 8.4 хувь нь хэрэглээний үнийн өсөлтөөс хамаарсан бараа, үйлчилгээний зардлын өсөлтөөс тус тус нөлөөлсөн гэжээ.

5

Үүнд дүгнэлт хийж 2014 оны төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа тэвчиж болох зардлыг бууруулж, төсөв хэмнэх, үр ашигтай байдлаар өөрчлөн зохион байгуулах тухай удирдамжийг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгож, тодорхой чиглэлээр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг  холбогдох байгууллагад даалгасан байна.

5

Өндөг тансаг хэрэглээ тул бүү ид гэж иргэддээ уриалж байсан засаг өөрөө шат шатандаа өндөг, салат мэтийн илүү тансгаглалаасаа танаж, өөрсдөдөө унацгүй, төрд хэмнэлттэй зардлаар төрийн ажил үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх талаар анхаарч эхэлсэн нь сайшаалтай.

5

Мөн Засгийн газраас ЖДҮ-ийг дэмжих талаар анхаарч хэлэлцжээ. Хэдийгээр доод нэгж,  зорилтод бүлэгтээ бараг хүрдэггүй агаараар явчихдаг ч ЖДҮ–ийг дэмжих  зарим хөнгөлөлтийг цаашид үргэлжүүлэхээр хуулийн төсөл өргөн барихаар тогтсон байна. Үүнд жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг сунган, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж үзэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын хүрээнд орж байгаа хуулийн өөрчлөлт тул чуулганаар ногоон гэрлээр гарах нь тодорхой. Харин батлагдсан хойно хуулийг хэрэгжүүлэх журмаа заавал эргэн харж энэ татварын чөлөөлөлтийг өөр нөхдүүд  давхар эдлээд ашиг цохиод байгааг судалж гаргаж ирэх ёстой.

5

2009 онд УИХ-аас  баталсан жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсан. Энэ хугацаа хүртэл гаалийн татварын чөлөөлөлтөөр  ЖДҮ сэргэсэн үү, хэсэг бүлэг ов мэхтэй бизнесүүд ЖДҮ нэрээр халхлан хил гаалиар татваргүй бараа, тоног төхөөрөмж оруулж ирж ашиг цохисон уу гэдгийг Засгийн газар эргэж харах дүгнэх хэрэгтэй.

5

Өнгөрсөн хоёр жилд татвараас чөлөөлөх хуулийн хаялгаар жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлж ирсэн гэж байгаа юм. Гэвч нэгж дээрээ яг бор зүрхээрээ яваа ЖДҮ эрхлэгчид энэ хөнгөлөлтийг авч чадсан уу гэвэл өөр дүн гарна. Хуулийн дагуу татварын чөлөөлөлтийг эдлэх боломж нь хэрэгжих  журмаараа улсын бүртгэлийн газраас  ЖДҮ мөн гэсэн гэрчилгээ авахаас эхэлдэг. Эндээс л татварын чөлөөлөлт жинхэнэ эзнээсээ төөрч завхрал  эхэлдэг талаар ЖДҮ эрхлэгчид гомдоллодог. Гаалийн татвараас чөлөөлөгдөх ногоон карт болон  ЖДҮ эрхлэгч гэсэн гэрчилгээг нь элдэв арга, хуурамч цаас бүрдүүлэлтээр том команиуд авчихдаг. Ингээд их мөнгө хаяж зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж  сэлбэг хэрэгслийг гаалийн татваргүй бөөндөн оруулж ирдэг. Дараа нь түүнийгээ хөөрхий мөнгө муутай ЖДҮ эрхлэгч нарт зарж сул ашиг цохидог. Энэ мэт ЖДҮ –ийг дэмжих зорилготой  элдэв хөнгөлөлт, зээл тэтгэлэг нь өөр том бизнесменүүдийн сул ашиг олж, хөлжих боломж болоод байгаа талаар ил ярьж, эмхэлж цэгцлэх ёстой байх.  Тэгэхээр засгийн газар ЖДҮ эрхлэгчдийг татвараас чөлөөлөх хуулийн үйлчлэлийн хугацааг сунгаж сэргээхийн зэрэгцээ хууль хэрэгжүүлэх журамд байгаа цоорхойг харж хэрэгжилтэд нь тавих хяналтаа чангатгах хэрэгтэй байгаа юм.

5

Эндээс татварын чөлөөлөлт зорилтод бүлэгтээ хоёрдолгүй хүрч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид техник технологийн шинэчлэл хийж, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд төрөөс  бодлогын хувьд  дэмжсэн  дэмжлэг бодитой хэрэгжинэ.

5

Эрх баричдын эдийн засгийг идэхжүүлэх 100 хоног нь эхэлсэн. Үүнийг ухаарч Засгийн газар өөрсдөө идэвжхсэн байгаа нь харагдлаа.  100 өдрийн арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааны эхний хурлыг нь харахад ингэж дүгнэж болохоор байна. Ер нь бол төрийнхөн төсвийн мөнгөөр туйлдаг тансаглалаа тэвчих  100 өдрийн аян өрнүүлж, яс хэмнэлт хийхэд л улсын төсөв сэвхийгээд босоод ирэх юм.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
төсөв танахаас өөр ажил хийж чадахгүй, ядахдаа данхайсан төрийн аппаратаа цэгцлэхээс эхэлбэл ард түмэн үнэшинэ, даанч тэгэж чадахгүй, яамдын тооноос эхлээл төрийн захиргааны албан хаагчдын тоог дэнндүү нэмсэн дээ. тэдгээр нэмэгдсэн хүмүүс нь төрийн алба хаах түвшинд бэлтгэгдээгүйгээс яамдын ажил ямар байгааг эрх биш гадарлаж байгаа болов уу
2014-05-12
иргэн:
өмнө нь хэдэн зуун өдөр амарч байсан юм байх даа, хөөрхий.
2014-05-12