Газар шорооны амт
2014-05-11

Шороо идэж, газар үнсэж, туйлдан мөлхөх хэн нэгнийг кино жүжгээс бид хардаг. Яагаад хар шороог амандаа үмхэлж, түүнээс нь юу амтагдаж, хатсан газарт нулимсаа шингээх хүртэл нь огшоох ямар хүчин зүйл, учир шалтгаан байсныг киноны дараа өрнөх үйл явдал хэлээд өгдөг. Харин амьдрал дээр тэвэрч цээжинд багтахгүйг мэдсээр авч тэвэрмээр санагдах эх орон газар шорооны үнэр болоод үнэ цэнийн талаар бидэнд хэн ярьж сануулж байна. “Газар битгий сэндийч” гэж эрс сануулах буурлын зэмлэлийг амьдралдаа нэг л сонссон. Зандраагүй ч хатуу шийдэмгий хэлсэн тэр үгэнд нь өмгөөлөл харамлал, газар шороогоо бүтэн байлгахын төлөөх сэтгэл нь бүгд багтаж сонсогдсон болохоор “газар битгий сэндийч” гэж бид ганц л хэлүүлдэг байсан. Одоо харин энэ ЗЭМЛЭЛ үгийг ард түмнээрээ нэг дуугаар хэлэх болсон цаг ирсэн мэт.

1

Нийт газар нутгийн 60-аад хувь нь лицензжиж үл мэдэх хэн нэгний гараас гарт бирж дамнан барьцаалагдаж байгаа. Хэдхэн жилийн өмнө лиценз зарна гэсэн бүхэл бүтэн зар зуучлалын сүлжээ үүсч ашиг малтмалын хэрэг явдал хариуцдаг төрийн нэг агентлагийн үүдэнд үүрийн 6 цагаас лиценз дамлагчдын урт дараалал үүсдэг талаар яриа гарч байлаа. Нэг ёсондоо газар шороогоо ухаж сэндийчих эрхийг зүгээр авч бусдад дамлан зарах хүсэлтэй хүмүүсийн урт дараалал. Харийн хэдэн хар элэгтэн бидний газрыг зарахаар ийн оочер дараалал үүсгэх бол байж болох байх. Харин тэр үед эх орныхоо газрыг нэгэн удаагийн ашгаар өгчих гэсэн сувьдаг нөхдүүд сүрэглэн хайгуулын лиценз гэдэгт дугаарладаг байлаа. Тийн дугаарлагчдын ихэнхид нь хайгуул хийх хямдхан өрөм ч үнэндээ байгаагүй. Дамлан зарах хар зах бий болсон байсан. Гэхдээ бас түүнийг нь хулдаад авчих мөнгөтэй үндэсний баячууд бас тийм олон байгаагүй юм. Үүнийг дагаж лиценз авсан болоод зарсан эрхмүүдийг мөр даран мөшгиж “газар шороог минь бүү сэндийч” гэж бахирч байгаад мөнгө салгаад чимээгүй болчихдог дэлсээчид бас гарч ирсэн. Эцсийн дүндээ уулынх нь овоог нь тахиж, усыг нь ууж өссөн унаган нутгийн малчид л хөөрхий аргалын савар, хэт хутганаас өөр зэвсэггүй гар хоосон шахуу зогсож “газар битгий сэндийч” гэж тэмцсэн. Хүч мөхөстөхөд төр засаг руугаа харж тусламж өмгөөлөл эрсэн. Олигархжих замдаа эргэлтгүй орж явсан төр баригчид өөрсдөө лицензээр сонгуулийн хандивын өрөө төлж эхлээд байсан тул зүгээр л буруу харчихсан.

1

Явсаар яагаад ийм болчихов. Үүнийг бид зөвшөөрсөн бил үү гэж ард түмэн гайхсан. Ардчилсан Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг бас газар нутгийг ард түмний өмч болохыг баталгаажуулсан. Энгийн ардын хувьд бол энэ нь “газрыг ард түмний хамгаалалтад авсан. Хэн ч дураараа сэндийчихгүй” гэсэн заалт хэмээн ойлгосон. Ахмад үеийнхэнд газар шороогоо алдаж болох ганц айдас байсан нь баахан хятад иргэн нүүдэллэн ирж газрыг нь хагалж сэндийчэн тариа ногоо тариад суурьшаад байх төсөөлөл. Харин ардчиллын үед алгын чинээ цаас барьсан монголчууд нь өөрсдөө лиценз гэдэг төрийн тамгатай зөвшөөрлөөр газар  сэндийчиж, харийнханд бэлчээрийг нь зарчихна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм.

1

Ардчилал мандтугай гэсэн 1990-ээд он. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй, та газраа өмчилж ав гэхэд хүмүүс баярласан. Харин газрын хэвлий дэх баялгийг бүгд хувааж хүртье гэхэд ард түмэн уухайлаагүй. Учир нь өвөө нь, аав нь “газар битгий сэндийч” гэж нэг л удаа хэзээ ч мартахааргүйгээр хэлсэн учраас бодсон. Том ордуудыг эргэлтэд оруулж, хөрсөн доорх баялгийг юм болгож энэ үе биш гэхэд дараа үе сайхан амьдраг гэж заримыг нь зөвшөөрсөн. Харин хөндий дүүрэн хэрсэн машины зам шиг уул, ус бүрийн амыг лицензжүүлээд хайгуул хийгээд ухаад байхыг ард түмэн хэзээ ч төрд зөвшөөрөөгүй. Газрын тухай хуулийн төсөл, ашигт малтмалын тухай хуулийн төслүүд УИХ-аар хэлэлцэгдэхээр бэлэн болсон байна. Давхар дээлний асуудал дээр намынхан Үндсэн хууль зөрчсөн ч  өөрсдийгөө зөвтгөсөн, хамгаалсан. Харин газар шорооны тал дээр Үндсэн хуулийн дор төр барих нь хөдөлбөргүй гэж ард түмэн улстөрчдөд итгэж найдсаар байна.

1

Эзэн хаан байсан ч, эрх зүйт төрийн тэргүүн байсан ч эх орондоо хэн байсныг нь туйлын ганцхан хэмжүүрээр дүгнэчихдэг. Газар нутаг, тусгаар тогнолоо хэр сахин хамгаалсан бэ гэсэн туйлын ганц  асуултын хариултаар... Үндсэн хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэсэн байдаг. Үүний өмнөх  үе үед монгол хүн бүр “Газар битгий сэндийч” гэдгийг үр хүүхэддээ хуульчлан хэлдэг байсан юм.

1

Энэ өдрүүдэд бид ам.доллар гэдэг валютын доор орж тоолдог төгрөг маань үнэгүйдэж байгаа нь үнэн. Гэлээ ч “газар битгий сэндийч” гэсэн өвгөдийнхөө үгийг одоо ч бүгд дуу нэгтэй хэлж чадах юм.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zerleg kapitalizm:
capitalist niigem gedeg chin dalduur mongo huvaaj avdag tsoonhiig helj bui yum
2014-05-12
тоймч:
зөв шүү үүүүүү
2014-05-12
мэддэг юм аа бичээрэй :
газар битгий сэндийч гэсэн гурван үгий цаана маш их зүйл бий чи түүнийг үхэн үхтлээ ойлгохгүй байх харамсалтай бгаа биз
2014-05-12
boogii:
vnen shvv!!gazar bitgii sendiich gej heleh hvn manau turiin manuuhainuudad l law alga!!yaj gazar nutgaa zarj uurtuu heden yum naah we gesen nowshnuud!!!!!!!
2014-05-12
bayaraa:
meddeg yumaa bicheerei.
2014-05-11
ynshigch:
gazar bitgii sendiich gej heleed ugdug turiin ezen eronhiilogchtei ch boloosoi,hairan gazar shoroo mini,daanch de
2014-05-11