Тавдугаар сарын эхний өдрүүдэд эх оронд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. Энэ долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд орон үйл явдал өрнөж, цөөнгүй шийдвэр ч гарсан. Агуу их Ялалтын баяр тохиосон энэ долоо хоногт эх орноо хамгаалах цэрэг эрсийг бүртгэл эхэллээ. Мөн МИАТ ХК дахин нэг шинэ хөлгөө хүлээн авч, Европийн нэгэн шинэ чиглэлд сүүн зам татуулахаар болов. Харин Төрийн ордонд эх орны өнцөг булан бүрээс ирсэн залуу малчид чуулж, баялаг бүтээгчдийн эгнээнд албан ёсоор орсон. Энэ бүхнээс гадна бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр тохиож, төрийн тэргүүн энгийн иргэн гэлтгүй бүгд байгаль экологийнхоо төлөө хүчээ нэгтгэв. Долоо хоногийн хугацаанд болсон үйл явдлуудаас товчлон хүргэхэд ийм байна. Харин одоо онцлох үйл явдлуудыг тоймловол:
а
Спортынхон одтой байлаа
а
Шатрын сонирхогчдын дэлхийн аваргаар монгол залуу тодорсон үйл явдал өнгөрсөн долоо хоногийн таатай мэдээллийн нэг байлаа. Сингапур улсад болсон шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, “Мончесс” клубын тамирчин Гижирийн Мөнхбаяр түрүүллээ. Эх орноо төлөөлөн оролцсон 15 тамирчныг түүчээлж, дэлхийн 184 тамирчныг манлайлсан Г.Мөнхбаяр найман оноогоор түрүүлж, Дэлхийн аварга болсон юм. Ингэснээр тэрээр олон улсын Шатрын холбооны мастер цолны болзолыг хангаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Монголын спортын салбарт болсон өөр нэг тэмцээн нь Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн цомын тэмцээний “С” хэсгийн тоглолт байлаа. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Эрчим” багийнхан Камбожийн багийг 3:1 ээр ялж, хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
а
Энэ өдрүүдэд дуулдсан бас нэг баярт мэдээ нь Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Азербейжан улсын Баку хотод болсон “Их дуулга” гран при тэмцээнийн аварга болсон явдал байв. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн МУГТ, Дэлхийн аварга М.Уранцэцэг өрсөлдөгч нараа илт давуугаар ялж, эх орныхоо төрийн далбааг Бакугийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшүүллээ.
а
Хаалттай "шүүх хурал"
а
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай асуудлыг хаалттай хэлэлцэв. Улсын нууцтай холбоотой асуудал яригдах учраас хаалттай байх шаардлага гэнэ. Уг нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн үндэслэлд улсын нууцтай хамаараад байх зүйл байхгүй. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цагдаагийн албан хаагчдаас уучлалт гуйх гэх мэт асуудал багтсан огцруулах саналаас харвал Хуульзүйн сайдыг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй. Гэсэн хаалттай хэлэлцсэн. Бүр ингээд зогсохгүй Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарыг хуралдаанд дуудаж, шүүх хурал маягийн зүйл болов. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хууль хяналтынхаас асууж тодруулах зүйл байсан гэнэ. Дээр нь хуралдаанд оролцсон 68 гишүүний 30 гаруй нь асуулт асууж, 40 гаруй нь санал хэлэх хүсэлт гаргасан байв. Ул орны эрх ашигтай холбоотой чухал асуудал хэлэлцэх үед хуралдаанаа хаяж гардаг эсвэл бүр ирдэггүй гишүүд энэ өдөр хүний мууд ихээхэн дурлав. Гэсэн МАН-ынхан "мэдээлэл хангалтгүй, тодруулах шаардлагатай асуудал байна" хэмээн ажлын тав хоногийн завсарлага авав. Ирэх долоо хоногийн пүрэв гаригт дуусах завсарлагын хугацаанд хөшигний ард багагүй үйл явдал өрнөх байх. Ямар ч байсан ирэх долоо хоногт болох чуулганы хуралдаан мөн л халуухан уур амьсгалтай болж, Х.Тэмүүжин сайд суудалдаа үлдэх эсэх нь тодорхой болох биз ээ.
а
Овлигогүй монгол
а
“Цэцэрлэгжилт” компанийн ажилтан залуу архидан согтуурсан үедээ 10 оюутныг барьцаалж, хүний амь бүрэлгэсэн хэрэг Хан-Уул дүүрэгт байрлах Мод үржүүлгийн газарт гарлаа. Дорнод аймгаас Улаанбаатар хотод үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирсэн 10 оюутныг барьцаалж, хамт ажиллаж байсан нэгийгээ хөөж, нөгөөг нь хүнд гэмтээсэн залуугийн хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байна. Архи уун согтуурж, "ална" хэмээн араатан мэт аашлах залуусын тоо улам нэмэгдэж, овлигогүй, арчаагүй, архичин хэсэг бүлэг нийгэм, гэр бүлдээ хор хөнөөл учруулсаар байна. Нэг удаагийн архидалт өөр нэгний амь насаа алдахад хүргэж, нөгөөг нь өнөөдөр хоригдож байгаа 7000 ялтны нэг болгон, торон хашаа руу илгээж байна.
а
Эдийн засгийн амь тариа
а
УИХ-ын нэгдсэн чуулганаар эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлэх "амь тариа"-г баталсан. Ам.долларын ханш тэнгэрт тулж, монгол төгрөг газарт хэвтэж буй энэ цаг хугацаанд дөрвөн чиглэлийн арга хэмжээ авбал эдийн засаг сэхнэ хэмээн үзжээ. Үүнд, гадаад вальютын урсгалыг нэмэгдүүлэх, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн бодлого зээл санхүүжилтын эх үүсвэрийг тодорхойлох, төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх гэсэн асуудал багтаж буй аж. Энэ дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээ авахаас 18 нь ойрын хугацаанд, өнөөгийн санхүүгийн хүндрэлээс гарахад зориулагдсан, 18 нь тогтолцоог шинэчлэх зорилготой юм байна. Энэ хүрээндээ хайгуулын үйл ажиллагаа бүр тодруулбал 300 гаруй лицензийг сэргээснээр 100 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа сэргэж, үүний хүрээнд жилд 300-400 сая ам.долларын валютын урсгал нэмэгдэх гэнэ. Тавантолгойгоос 3-5 жилийн дотор 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлнэ гэх мэтээр гэнэт ухаарсан шийдвэрүүд цөөнгүй байна. Бас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах аж. Ямар ч байсан эдийн засгийн хүрээнд авах арга хэмжээ, баримтлах бодлого тодорхой боллоо. Харин одоо 100 хоногийн хугацаанд хэрхэн эрчимжихийг нь харах л үлдлээ. 100 хоногийн тоолуур аль хэдийнэ гүйж эхэлсэн.
а
В.Хэрлэн
Уншиж байна |