Монголчууд хэзээнээс долларыг "Ноён" гэж өргөмжилсөнийг мэдэхгүй. Бодвол монгол төгрөгийг дарлаж эхэлсэн тэр цагаас биз. Ноён гэдэг үгийг бүдүүлэг бас бараанаар утгачилбал дээрэлхэх, дарамтлах, захирах, зандрах гэсэн утгыг илэрхийлнэ. Тэгэхээр Монголын нутаг дэвсгэрт ам.долларыг ноён гээд өргөмжилчихсөн болохоор зарц нь монгол төгрөг болж таарна. Зарц нь ноёны өмнө ямагт бөхөлзөх бичигдээгүй хуультай. Төгрөг зарц энэ үүргээ гайхалтай сайн биелүүлж байна. Өнөөдөр Монголын 1812 зарц нэг ноёны өмнө бөхөлзөж байна. Цаашид ноёны тоо 1900 бүр 2000 хүрвэл гайхах зүйлгүй. Ноён зарцаа хэрхэн дээрэлхэхээ мэднэ. Ганцхан зарцаа дээрэлхээд зогсохгүй түүний хавьтсан ойртсон бүхнийг өөрийнхээ эрхшээлд байлгах туйлын сонирхолтой. Сонирхол биш бүр албадлага юм байна. Үүнийг киноноос харж болно. Ноён зарцынхаа гэр бүл, үр хүүхэд бүгдийг нь харцаараа хөдөлгөдгийг. Яг л үүн шиг ноёны өмнө зарц төгрөг, түүний ойр тойрныхон бүр тодруулбал монголчууд бүгд бөхөлзөж байна.
:
Төв банкны мэдээллээс харвал ноёны тоо (нөөц) буурсаар байгаа гэнэ. Энэ үзэгдэл 2013 оны хоёрдугаар улирлаас эхлэн эрчимтэй явагджээ. Ноёны хэмжээ буурахын хэрээр зарцын тоо нэмэгддэг. Өөрөөр хэлбэл цөөн тоотой байлаа ч ноёны хүч чадал улам нэмэгдэж, илүү олон төгрөгийг зарцалж байна. 2011 онд манайх нийт дөрвөн тэрбум гаруй ноёнтой байв. Харин 2014 оны эхний улирлын байдлаар 2.4 тэрбум болон ноёны тоо буурчээ. Тооны тоо 1.6-аар буурсан ч хүч чадал нь хэд дахин нэмэгдэж, төгрөгийг ч түүний хань хамсаатныг ч илүү их дарамттайгаар зарцлахаар шийдчихэж. 2013 оны арванхоёрдугаар сараас хойш зогсолтгүй хүчирхэгжиж байгаа ноёны өлмийд сөхөрсөн төгрөг зарц боолчлолоос гарахын тулд ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулахыг таашгүй. Баттай мэдэгдэж буй зүйл яг өнөөдрийн Монгол Улсад ам.доллар ноёны үг, үйлдэл нь хууль болж. Түүний өмнөөс зөрүүдэлж, сөрж зогсоод ч нэмэргүй. Яг л "Цас ханзлагч" шиг зогсолтгүй давшлах мөнхийн хөдөлгүүр залгасан мэт урагшилж байна.
:
Нэгэн цагт 1380 зарцыг боолчил хэмээн албадах гэсэн ч ноёныг дийлээгүй. 1200, 1300 байхдаа ноён хүч чадлаа зөвхөн зарцдаа гаргадаг байв. Харин 1500, 1600, 1700, 1800 хэмээн цааш ахисаар ноён сүүлийн 20 жилд байгаагүй хүч чадлыг үзүүлж, хамааралтай бүхэнд бяраа үзүүлж байна. Товчхондоо ноён Монголын түүхийн сүүлийн 20 жилд байгаагүй олон зарцтай боллоо. Эрх мэдэл, хүч чадалдаа эрдсэн ноён эцэстээ солиорч анагаагч шаардаж эхлэв. Солиорлыг нь зогсоож, эмчилнэ гэж найдаж байгаа эцсийн тун анагаагчийн нэр нь "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног". Анагаагчийн тунг нь тааруулах гэж суух хооронд ноёны солиорол улам нэмэгдэж, юунд ч дийлдэхгүй хурц хэлбэрт орж болзошгүй нь. Тэр хүчирхэгжихийн хэрээр зарцын нуруу улам бөхийнө. Харин тэр цаг хугацаа Монголын түүхэнд "Төгрөгийн боолчлолын үе" хэмээн тэмдэглэгдэнэ.
:
В.Хэрлэн