Улс төр улам халуухан болж байна. Давхар дээлээ тайлах асуудлаас бүх зүйл өрнөсөн мэт харагдлаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдын албан тушаалаа өгч, зөвхөн УИХ-ын гишүүний үүргээ гүйцэтгэх албан бичгийг УИХ-д өргөн барилаа. Тэрбээр хүсэлтдээ “УИХ-ын гишүүн Х.Баттулга миний бие Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийж гүйцэтгэнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын ажлаа өгөх хүсэлтээ УИХ-ын чуулганы хуралдаан хүргүүллээ” гэсэн бүгтхэн тайлбар хийгээд сайдын сэнтийнээс татгалзсан хэрэг. Энэ төр ер нь юу болоод байна даа. Ноднин Р.Амаржаргал УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөж өгөхийг хүссэн. Өнөөдөр Засгийн танхимаас Х.Баттулга сайдаас татгалзав. Шинэчлэлийн бодлого томоохон эрсдэлтэй нүүр туллаа. Н.Алтанхуягийн багийнхан Хуульзүйн сайдаа арайхийн авч үлдэхээр чармайж байтал үйл явдал ингэтлээ дордчихно гэж төсөөлөөгүй нь лав. Дараа нь Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхныг огцруулах тухай яриа хэл гараад эхэллээ.
5
Давхар дээл тайлах хуулийн төсөл унасан нь Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь автоматаар огцруулах боломж алдагдсан. Уг нь МАН-ын хамгийн их хүсэн хүлээж байсан тоглолт байлаа. Гэвч амжилтыг олсонгүй. Одоо нэг нэгээр цөмөх нарийн бодлого хэрэгжүүлэхгүй бол горьгүй нь гэж тооцоолсны улмаас зарим нэг гишүүнийг эгнээндээ нэгтгээд цувраа дайралт хийж эхэллээ. Х.Баттулгын толгойлдог МоАХ-ныхон үүнд их л тус болж эхэлж байх шив. Алтан гадасынхан учир зүйгээ эвтэйхэн олчихсон бол ийм асуудал гарахгүй байлаа. Даанч эв нэгдэлтэй байж чадсангүй.
:
Н.Алтанхуягийн Засгийн газрын өдрүүдийн наран улам бүр будангуйрч байна. АН хэзээний л засаг төр барихаар дотооддоо хагаралдаад МАН-ын идэш болсоор ирсэн. 1996-2000 онд “Элсний-13” УИХ, Засгийн газрыг яаж шантаажилж байлаа даа. Тэр үйл явдал зурагдсан пянзны эгшиг мэт яруу сонсголонтой дуурьсч байна. Уг нь Р.Бурмаа, Х.Баттулгатайгаа учраа олчих л хэрэгтэй байсан юм. Элсний 13 гэдэг шиг парламент доторхи хорыг МоАХ-ынхан жинхэнэ найруулна даа. Очиж наалдах хамгийн боломжтой нь МАН. Тэд нэгдчихвэл бие даагчид, Шударга ёс эвслийнхэн ихэнх асуудлууд дээр саналаа нэгтгэчихнэ. Засгийн газар байтугай УИХ-ыг шантаажлах хангалттай хүчин болж томорно. Ингээд АН доторхи хагарлаа намжааж чадалгүй бүрэн эрхийнхээ хугацааны тал дундаас эхлээд мундраа хутгана даа.
:
МАН хэзээ ч боломжийг алдахгүй. Сонгуульд ялагдал хүлээж цөөнх болсон тэдэнд АН-ыг чадамжгүй болгох нь хамгийн том зорилт. Засаг унаж хамтарсан шинэ Засгийн газар байгуулагдлаа гэхэд танхимын сайдуудын талаас илүү хувийг авна гэж дайрна. АН үгүй гэвэл шантаажлах шиг амархан зүйл байхгүй. УИХ-д хүчтэй цөөнх хүсвэл магадгүй албан бус олонхи болох бүрэн боломжтой. МАН-ын зангаагаар тоглогдох утсан хүүхэлдэйн жүжгийн сценарийг ингэж л бичигддэг юм.
:
Төр чадамжгүй болсны шинж тэмдэг илт анзаарагдах болов. Хамтраад засаг барьж чаддаггүй, эрх мэдэлтэй болмогцоо хөлөө жийлцдэг, улс орны гэхээсээ бүлэглэл фракц, улс төрийн явцуу эрх ашгаа эн тэргүүнд тавьдгийн горыг эцсийн эцэст бид л үүрэх болдог. Эдийн засаг хямраад байхад хэрүүл, тэмцлээ хийгээд суудаг төрийг ямар чадамжтай гэж хэлэх билээ. Төрөө чадамжтай байлгахын тулд Засгийн лидерүүд бусдыгаа дагуулах ёстой. Намын лимитээр гарч ирсэн нөхдүүдэд үүрэг хариуцлагыг хатуухан сануулах ёстой. Засаг бол хэн дуртай нь орж гарч байдаг танхим биш. Хамтын хариуцлага хүлээдэг байх учиртай. Алдаа, оноог танхимаараа үүрдэг улс төрийн болоод хариуцлагын соёл ингэж бий болдог.
.
Давхар дээлийн гор ч үүнээс үүдэлтэйгээр гарч болно. Засгийн газраас гарчихсан нөхөр УИХ-ын индрээс хуучин нөхдүүдээ унагах өшөө хорслоо тайлах боломж олгохгүй байж гэмээн хариуцлагатай чадамжтай төр бий болно. Сөрөг хүчин байнга эрх баригчдынхаа алдаа оноон дээр тоглолт хийх сонирхолтой байх нь тодорхой. Эрх барьж бодлогоо хэрэгжүүлэхийг туйлаас хүсч байгаа. Ялагдлын амт тэдэнд гашуун. Ялахын хүслэн их. Ойлгож болно. Харин нэгэнт л эрх барьж үзэл баримтлалаараа улсаа хөгжүүлэх гэсэн алтан боломжоо нээсэн эрх баригчид нэгдмэл нэг толгойтой байж гэмээн бодлогоо хэрэгжүүлнэ шүү дээ.
₮
Чухам ийм л үед лидерүүд олон толгойтой бус нэг толгойтой хамтын шийдвэр дээрээ бат зогсч гэмээн нийгэм эдийн засгийн хурц асуудлуудыг шийдвэрлэж чадна. Нам дотроо фракцуудтай байж болно. Гэхдээ эцсийн шийдвэр дээр эрх баригч нам гэдэг үүднээс нэгдмэл байж гэмээн нийгэм эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарч чадна. Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг. Шаагилдсаны эцэст нэгэн зүгт хамдаа нисч чаддаг бол цувраа лидерүүдийн янз бүрийн ашиг сонирхлоос хамаагүй илүү үр дүнтэй байхсан.
:
Ерөнхийлөгч Ерөнхий сайдад танхим доторхи зөрчилдөөнөө арилга гэж сануулсан. Н.Алтанхуягийнх биш Монгол Улсын Засгийн газар шүү дээ. Тэдний үйлдэл бүхэн гурван сая ард түмний хувь заяатай шууд холбоотой. Энэ улс хөгжих үү эс хөгжих үү гэдгийг тодорхойлж байдаг танхим. Хэсэг бүлэг хүмүүсийн амбицаас шалтгаалаад төр чадамжгүй болж болохгүй.
:
Н.Бадамжав