АН-ын засаг төр барих ахуй дор элдэв сонин гэнэтийн юм их болох юм. Р.Амаржаргалын араас алхаад марш гээд байхад хөдлөх гишүүн олдохгүй байсан бол одоо засаг нь үлдэх болчихоод байхад тэгвэл би гарлаа гэсэн нэгэн сайдын аяаглал чуулганы түүхнээ тэмдэглэгдэн үлдэв.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Х.Баттулга гишүүний засгаас гарах гоморхол төмөр замын царигийн шийдвэр тогтоолтой холбоотой ч байж болох талаар санаа хавчуулж байна. Энэ үнэн бол асуудал шударга зарчим ч гишүүний тухай биш төрийн дээр нам, тэр намыг нь оройлсон лидер бизнесменүүд байгааг л бас дахин харуулсан хэрэг болно.
5
Өнгөрөгч пүрэв гариг буюу тавдугаар сарын 1-нд Засгийн газар Төмөр замын шинэ шугам цариг ямар байх тухайд УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан байна. Энэ нь цаг хугацааны хувьд улс төр тун халсан үед өргөн баригдсан төсөл боллоо. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл, Давхар дээлний асуудал, сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай хэлэлцүүлэг чуулганы танхимд хойморлож улстөрчдийн зөрчил талцал хэрхэн хагарах дээр олны анхаарал төвлөрөөд байсан өнгөрөгч 7 хоногт бараг бүтэн 6 жил яригдсан төмөр замын царигийн асуудлыг нэг тийш болгох тогтоолын төсөл УИХ-д өргөн баригджээ. Ямартай ч өргөн царигийн талд бат зогсож ирсэн Х.Баттулга гишүүний талд шийдвэр гарсангүй гэж болохоор. Энд нэг асуулт бий болж байна.
5
Энэ тогтоолын төсөлд Х.Баттулга гишүүний хамгаалдаг өргөн царигийн асуудал хэлбэрийн хувьд үлдэж бусад гол экспортын гарцууд бараг бүгд нарийн царигтай байхаар батлагдах тогтоолын төсөл өргөн баригдсан бололтой. Энэ нь Х.Баттулга гишүүний хувьд гэнэтийн шийдвэр байгаагүй ч таатай биш байсан байж болох юм. Танхимын сайд, УИХ-ын гишүүн хүний гадуур ийм том асуудал дэвшүүлсэн тогтоолын төсөл зүгээр нэг гараад явчихгүй. Тогтоолын төсөл нарийн царигийг дэмжсэн талдаа буюу төмөр зам тавигдах гол боомт гарцууд нарийн царигтай байхаар болсон нь Х.Батулга гишүүний тэвчээрийн хязгаарт цэг тавьсан байж болох юм. Тэрбээр өөрийн байр сууриар царигийн асуудлыг тогтоолд тусгуулах сануулга болгож давхар дээлний хуулийн төсөл дээр Засгийн газрыг унагаах талд кнопдсон байх талтай. Сануулга олигтой явсангүй, харин ч бүр юм юмны гогцоо зангидаж байсан давхар дээлний хуулийг нь унагаагаад буцаачихлаа. Төмөр замын царигийн талаарх тогтоолын төсөл ч өөрчлөгдсөнгүй УИХ-д өргөн баригдлаа. Тогтоолын төсөлд “Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай, харин Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барихаар тусгасан. Өөрөөр хэлбэл, хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам барихаар болж буй хэрэг. Тамирын голын мөсийг долоох шахам гэдэг шиг өргөн царигийн төлөө 6 жил хөндлөн зогсож чадсан хэрнээ санасандаа хийж чадсангүй гэсэн чамлал гомдолтой үлдсэн байхад Х.Батулга гишүүнийг ойлгох хүн олон. Өөрийн сууж байгаа танхимыг унагаахын эсрэг кнопдож сөрөг хүчинтэй сэм үгсэж шивнэсэн гэсэн дайралтыг даан байж зүтгэсэн нь талаар болоход танхимаасаа гарна гэх нь Х.Баттулга гишүүн шиг зиндаатай, зангарагтай хүнд байх зүйл. Өнөөгийн засгийн газарт түүний эзэлж ирсэн орон зай том. Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрт том зай эзэлж байгаа Сайншандын үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг Х.Баттулга гишүүнгүйгээр төсөөлөхөд хэцүү. Сайншандын бүсийн тухайд бол бараг автор нь болсон хүн. Тэрбээр зүгээр нэг лоозогногч биш ажлыг зоригтой барьж аваад эхлүүлчихдэг, хийчихдэг хүн гэдгийг олон түмэнд харуулж чадсан том орон зайтай бизнесмен. Түүний бизнес эрхэлж ирсэн явцад илэрдэг хурц шийдэмгий, зоригтой шартай, өөрийнхөөрөө байдаг зан чанар нь улс төрд тийм ч таатай характер биш болохыг энэ үйл явцууд түүнд хэлж өгсөн ч байж магадгүй.
6
Х.Баттулга гишүүн дээрх таамаглан бичсэнээс огт өөр нөхцөл байдлаас буюу цэвэр улс төрийн алхам хийж, давхар дээл болоод засаглалын хямралыг засахын талд зогссон байж ч болох. УИХ-даа хянуулах биш харин ч удирдан залах болсон энэ Засгийн газрын танхимд түүн шиг түс хийтэл үгээ хэлж, тэсэрч чаддаг сайд тийм олон байхгүй. Тийм ч болохоор үүндээ эрдэж би энэ засгийг чинь аваад явья гэж шууд хэлээгүй ч тэгж бодсон байж болох талтайг давхар дээл тойрсон үйл явдлын өрнөл харуулж байсан.
6
Өнгөрөгч онд Р.Амаржаргал гишүүн хариуцлага үүрэхийн жишээ болж гишүүнээсээ больё гэхэд араас нь бусад бас алхаад марш гэж хэлж байсан. Харин Х.Баттулга гишүүнийг эргээд марш гэх нь зохих биз. Монголын төрд бэлтэй хэрнээ зоригтой, аялдан дагадаггүй нэг аавын хүү байж л байг гэж ард түмэн түүнийг хаана ч өмөөрнө. Харин хариуд нь Халтмаагийн хүү Баттулга ард түмнээ бодсон ямар шийдэл, улс төрийн алхам хийхийг олон түмэн анхааралтай харж байна. Зөвхөн сайдын суудал дээр ч бус царигийн шийдэл дээр ч буулт хийх болов уу гэж харж байна.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/