Дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхээр 7.4 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа нь эдийн засаг сайжрах нь уу гэх итгэл найдварыг төрүүлж байна. Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн хэмжээ 18.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбарын хэмжээ 15.7 хувиар өссөн нь гол шалтгаан болж ДНБ, энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өсчээ. Эдийн засаг хямарсан уу үгүй гэх маргаан ид өрнөж байх энэ үед сайн мэдээ мөнөөс мөн. Зарим эдийн засагч энэ өсөлтийг улирлын чанартай өсөлт гэж дүгнэж байгааг ч анхааралдаа авахгүй бол болохгүй. Мал төллөлт, ноолуурын улирал гэдгээрээ “мөнгө тарьдаг” цаг л даа. Дээр нь барилгын салбарт анхаарлаа хандуулж хөрөнгө оруулалт чамлахааргүй оруулсны ашиг тус гарч байна. Гэхдээ хүн амын амьжиргааны төвшин үнийн дарамтад хэвээрээ л байна. Болгоомжилвоос зохилтой дүр зураг.
1
Эдийн засгийн үзүүлэлтийг өөд нь татдаг уул уурхайн салбарт өсөлт ажиглагдахгүй байгаа нь толгойны өвчин болоод байгаа юм. Роялти буурснаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 дахин их алт Монголбанкинд тушаагдсан байх юм. 1320 тонн. Роялти буурсан нь Монголбанкинд алтаа тушаагаад төлбөрөө төгрөгөөр авбал 2.5 хувийн роялти төлнө, тушаахгуй бол үндсэн таван хувийн роялти дээрээ, үнийн өсөлтөөс хамаарсан таван хувийн роялтиг нэмж төлнө гэсэн утгаараа эдийн засагт боломжийн түлхэц өгч байгаа юм. Өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн хэрэгцээг хангахад чамлалттай. Хөдөө аж ахуйг жаахан дэмжээд өгөхөд л эдийн засагт үзүүлж байгаа нөлөө ийм хурдан үр дүнгээ өгч байна. Харин уул уурхай бол адармаатай. Хөгжлийн гарц мөн үү гэвэл мөн. Яаж дэмжих арга чаргаа олохгүй байгаагийн улмаас уул уурхайн орлогоос хэт хамааралтай хөгжлийн бодлоготой болсон хэрэг. Орлого тасалдвал эдийн засаг царцанги болж цусны эргэлт удааширна. Зарим газраа бөглөөнд орно. Зүрх болсон хөгжлийнхөө эрч хүчийг амин дэмээр хангаж чадахгүй.
1
Ашигт малтмалын хамгийн том зах зээл өмнөд хөрш байгаа нь бидний давуу тал. Гэхдээ түүнд нийлүүлж байгаа нь олон. Ашигт малтмалын арвин нөөцтэй Монголыг тойроод түүхий эдээ хангачих бололцоо тэдэнд бий. Өмнөдөөс Австрали, хойноос ОХУ том нийлүүлэгчид. Сүүлийн жилүүдэд Африктай ихээхэн түншлэх болсон нь Монголын бололцоог улам бүр хумигдуулж байгаа юм. Харин Монгол хоёр их хөршийн дунд хавчуулагдсан, дэд бүтэц муу хөгжсөн болохоор өмнөд хөршөө царайчлахаас өөр аргагүй. Газрын ойр, дэд бүтэц харьцангуй сайтай оросууд байгалийн баялгийн нийлүүлтийн хөзрийг гартаа хэдийн атгачихсан. Монголчууд л томроод байдаг болохоос биш биднээс хямд үнээр хэрүүл уруулгүй нийлүүлчих боломжийг олон орон атгачихаад байна. Хятад бол дундаршгүй хэрэглэгчид. Тиймээс бүх дэлхий анхаарлаа хандуулаад байгаа хэрэг. Хятадаа байг гэхэд Европ, Зүүн өмнөд Азийн орнууд руу экспорт хийхэд энэ хоёр хөршийн нутаг дэвсгэрээр л дамжина. Хамгийн ойрхон нь Тэньжин боомт бөгөөд 3000 км, хойшоо бол түүнээс ч хол газрыг даялан өнгөрч гэмээн нийлүүлэгч нартаа хүрнэ. Эрсдэлийн хамгийн өндөр өртөгтэй нь Монгол болоод байна. Нүүрс, төмөр, зэсийн хүдэр бараг 100 хувь, жоншны 80-90 хувь нь урагшаа чиглэж байна. Тэдний эдийн засгийн өсөлт саараад ирэхээр манай эдийн засаг зогсонги байдалд орно. Дан ганц уул уурхай ч биш ноолуурын зах зээлийн 85 хувийг тэд атгаж байгаа. Бидний тарьж байгаа улаан буудайн ургац сүүлийн жилүүдэд тасалдаж байгаагийн гол шалтгаан Хятадын захиалгаар таримлын сэлгээнд тосны ургамал рапс. Улаан буудай тариалах хэмжээ 10 гаруй хувиар буурч 400 орчим мянган тонн улаанбуудай хурааж авахад хүргэсэн. Урд хөрш мөнгөө тоолоод авч байгаа болохоор Засгийн газрын хэзээ өгөх нь мэдэгдэхгүй мөнгийг хүлээж суусанд орвол ийм сонголт хийх нь тариаланчдад ашигтай.
1
Тэд арай л өөр зүйл сонирхоод байгаа нь анзаарагдаж байгаа юм. Зах зээл нь улам бүр хумигдаад байгаа Монголд хөрөнгө оруулах нь ашиггүй гэж тооцоолсон олон хөрөнгө оруулагч нүүрээ буруулллаа. Татвар, хууль эрхзүйн орчин нь гүйцэд төлөвшөөгүй, хэзээ л бол хэзээ хөөгөөд гаргачихаж чадах учраас бидэнд найдахаа болиод байна. 2008-2012 оны хооронд 8.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 87 хувь нь Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт байлаа. Анхны хөрөнгө оруулалт 2012 онд дууссан. Дараагийн хөрөнгө оруулалт чухам ийм шалтгаанаар л тасалдаад байна. Аргагүй шүү дээ. Аливаа ордыг ашиглахад эрчим хүч, тээвэр, ус чухал шаардлагатай. Алийг нь ч бид шийдэж чадаагүй л явна. Төмөр замын маргаан хэдэн он дамжин хэлэлцэгдсээр сая л нэг УИХ-д тогтоолын төсөл нь орж байна.
1
Өнөөдөр автомашинаар л ашигт малтмалаа зөөж байна. Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал өөрөө овор ихтэй болохоор ашиг орлого нь тээврийн зардалдаа л явчихаж байгаа юм. Төмөр зам барьчихсан бол манай экспортын орлого жилд 300 сая ам.доллароор нэмэгдэх байлаа гэж салбарынхан ярьж байна лээ. Үнэний ортой л үг. Боргосон нохой болгоны өөдөөс чулуу шидсээр байгаад л энэ. Уг нь хазаад авахаар нь л төр төмөр ташуураараа гөвчих учиртай байсансан.
1
Одоо ч оройтох юу билээ. Хамаг л цаг заваа хэрүүл маргаанд өгсөөр байгаад хөгжих цаг хугацаа үлдсэнгүй. Стратегийн чухал ордууд урд хөршөөс эрчим хүчээ татаж байна. Бас л мөнгө урсана. Эцсийн дүндээ ямар ч ашиггүй хусмын төдий л орлого олно. Усны хайгуул хийгээд ч олигтой үр дүнд хүрээгүй л сууна. Нөгөө л ямар нэг шалтаг шалтгаанаар боргоогч эх орончид гаргасан шийдвэр болгоныг нь цуцлаад хаячихна. Өнөөхөндөө хусамтай төдийхөн л байна. Удахгүй хусам ч үгүй болбол яана.
1
Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж хэлэмгүй ч тийм муу ажилласан гэж бодохгүй байна. Сайдууд нь танхимаасаа урваж, УИХ-ын танхимд намын нөхөд нь дэмжихгүй болохоор яаж ч ажил явах билээ. Нөгөө талаар Ерөнхий сайд нь танхимаа гартаа барих чадамжгүй байхаар засаглалын ямар ч шийдвэр хэрэгжихгүй шүү дээ. Цаасан дээр л засаглал байгаа болохоос хэрэгжүүлдэг нь ховор болохоор хэтийн ирээдүйг бодохоор гол гонсойх юм даа.
1
Н.Бадамжав