Шинэчлэгчдийг ширвэсэн долоо хоног
2014-05-04

Улс төрийн амьдралд халуухан үйл явдлууд өрнөсөн долоо хоногийн мэдээллийг тоймлон хүргэж байна. Давхар дээлийг тайлах, Хуульзүйн сайдыг огцруулах зэргээр олон асуултыг дагуулсан үйл явдлууд өнгөрсөн долоо хоногт өрнөлөө.

g

Х.Тэмүүжин огцрохгүй

1

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах компанит ажил сүүлийн хэд хоног үргэлжлэв. Хазайсан дээр нь түлхэх ажиллагаа гадна, дотно ялгаваргүй явагдаж, эрхэм сайдын буруу цагт буруу хүмүүст итгэлээ хэмээн халаглахад хүргэсэн. Өөрийн намын нөхөддөө гомдлоо илэрхийлсэн хэрэг л дээ. Ийн янз бүрийн хатгаас матаасаар эхэлсэн огцруулах ажиллагаа Төрийн ордны гадна дотногүй явагдлаа. Төв талбайн нэг талд түүнийг огцруулахыг хүсэгчид нэгдсэн байхад нөгөө талд нь “Бид Тэмүүжинтэй хамт” гэсэн лоозон барьсан дэмжигчид нь ч мөчөөгөө өгсөнгүй. Харин Төрийн ордон дотор анхны санаачилга гаргасан эрхэм гишүүн О.Баасанхүү учраа олохгүй паанагтаж, огцруулах саналаа татна, татахгүй хэмээн орон гарантав. Хар хүний өмнөөс шар хүн болон аашилсан тэрбээр Х.Тэмүүжин сайдыг цагдаагийнхнаас уучлалт гуйвал огцруулах асуудлаа татна хэмээн юуны төлөө, хэний ашиг сонирхлыг илэрхийлэгч болох нь мэдэгдэхгүй, толгой эргүүлэв. Ямар ч байсан асуудлын эхлэлийг тавьсан эрхэм гишүүн өөрөө ч юуны төлөө гэдгээ ойлгохгүй яваа бололтой. Харин энэ хооронд УИХ дахь АН-ынхан хуралдаж, Х.Тэмүүжинг огцруулахгүй гэсэн саналд нэгдэв. Ингэхдээ шинэчлэл Х.Тэмүүжинтэй хамт гэсэн сүрхий баримтлал гаргасан харагдана лээ. Харин МАН-ын бүлгийнхэн Хуульзүйн сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн саналд нэгдээд буй. Тэдний хувьд шалтгаан чухал биш. Гагцхүү нэгийг нь ч болов сугалах замаар Шинэчлэлийн гэсэн тодотголтой Засгийн газрыг ганхуулах зорилготой. Энэ мэтээр Хуульзүйн сайдыг тойрсон олон асуудал өрнөсөн ч энэ бүхэн түүний суудалд тийм ч их нөлөөлөхгүй. Учир нь түүний ард Ерөнхийлөгч гэх асаалттай танк бий. Х.Тэмүүжинг огцруулахгүй, хамгаална гэдгээ ил цагаан хэлсэн Ерөнхийлөгчийн үг бэлгэ тэмдэг төдий зүйл биш. Дээр нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимаа цөмлөхийг хүсэхгүй. Тэгэхээр Хуульзүйн сайд Х.Тэмүүжин огцрохгүй гэсэн үг.

g

Х.Баттулгын гэнэтийн бэлэг

1

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга УИХ-ын баасан гаригийн чуулганы үеэр хэний ч тооцоолоогүй гэнэтийн бэлгийг задлав. Тэр нь сайдын албан тушаалаа өгч, зөвхөн УИХ-ын гишүүний үүргээ гүйцэтгэх албан бичгийг спикерт өргөн барьсан явдал байв. Тэрбээр хүсэлтдээ “УИХ-ын гишүүн Х.Баттулга миний бие Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийж гүйцэтгэнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын ажлаа өгөх хүсэлтээ УИХ-ын чуулганы хуралдаан хүргүүллээ” хэмээснээс өөрийг тайлбарласангүй. Нарийн ширийн нь одоо ч гэсэн нууц гэсэн үг. Тэгвэл Х.Баттулга сайд яагаад дан дээлтэй болохыг хүсэв. Давхар дээл тайлах санал хураалтад хоёр ч удаа намынхаа эсрэг санал өгч, эсэргүү нэр зүүгээд байгаа тэрбээр үзэл бодолдоо үнэнч байгаагаа өөрийн албан тушаалаараа харууллаа хэмээн тайлбарлаж болно. Гэвч үүний цаана ямар нэг ашиг сонирхол байх л ёстой. Нөгөөтэйгүүр АН доторх Алтангадас, МоАХ гэх хоёр том фракцийн дунд үүссэн томоохон сөргөлдөөн эцэстээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг нураах хэмжээнд хүртэл өндрөө авсан байж болзошгүй. Х.Баттулгын фракцийнх болох УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Зам, тээврийн сайд Гансүх хоёрын нэгийг нам нь, нөгөөг нь Засгийн газар хавчиж эхэлсэн нь түүний хөдлөх үндэс суурь болсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ч засгаас гарах хүсэлтээ өгөх дараагийн хүнийг Гансүх гэсэн бор шувуу нисч эхэлсэн. Ямартай ч тэр Ерөнхий сайдтай гар нийлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ирэх долоо хоногийн УИХ чуулганы хуралдааны шийдвэрээс олон зүйл шалтгаална. Х.Баттулгын нэрийг дараагийн Ерөнхий сайдад яригддагийг ч бас мартаж болохгүй.

g

Дан дээлтэй байсан түүх үгүй

1

Олон нийтийг залхтал яригдаж байгаа давхар дээлний асуудал хэсэг хугацаанд намжих нь. Учир нь уг хуулийн төсөл санаачлагч буюу Ерөнхийлөгчийн гар дээр буцаж очихоор боллоо. Энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх санал гишүүдийн олонхын дэмжлэгийг аваад байсан ч эцсийн хэлэлцүүлэгт унав. Санал хураалтад оролцсон нийт 74 гишүүнээс 39 нь татгалзсанаар "Хуулийн төслийг батлах шаардлагагүй" гэж үзсэн юм. Давхар дээл тайлахыг мөнхийн дэмжээстэй байсан МАН-ынхан дээр АН-ын эсэргүү дөрөв саналаа нэмэрлэсэн. Харин эцсийн хэлэлцүүлэг дээр УИХ-ын дарга З.Энхболд тэдний талд нэгдсэн нь сонин содон байлаа.

Энэ хууль батлагдвал Ерөнхийлөгч хориг тавина, Үндсэн хуулийн Цэц хүлээж авахгүй гэх мэтээр олон таамаг дэвшүүлж байсан ч тэр бүхэн энэ удаадаа талаар болов. Тэгэхээр 20 гаруй жилийн турш үргэлжилсэн давхар дээлтэй түүх цаашид ч гэсэн тодорхойгүй хугацаагаар үргэлжилнэ гэсэн үг.

g

Нэмэр дээр нэрмээс ч хэрэгтэй шүү

1

Сайд нарын давхар дээлийг тайлна, Хуульзүйн сайдыг огцруулан зэргээр шинэчлэгчдийн танхимд үүссэн ширүүн уур амьсгалын гадуур үлдэхийг хүсээгүй хүмүүс бол бие даагчид. Тэд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд харицлага тооцох асуудлыг хөндөх аж. Ингэхдээ түүнд нэг сарын хугацаа өгөх гэнэ. Энэ хугацаанд Ц.Баярсайхан сайдын хариуцсан салбарынхнаас нэг л алдаа гарвал бие даагчид зүгээр өнгөрөөхгүй гэдгээ хэвлэлийнхнээр дамжуулав. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Барилгын салбарын ажил эхлэнгүүт л өмнөх жилүүдийнхээ алдааг давтаж хар бараан мэдээллүүд тасрахгүй байгаа. Үүнээс үүдээд бие даагч гишүүдийн хувьд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Барилгын сайдыг огцруулах асуудлыг хөндөх байна. Гэтэл салбарын сайд нь Мэргэжлийн хяналтын даргад буруугаа нялзаагаад сууж байгаа нь юу гэсэн үг вэ” хэмээн сануулга өгөөд амжсан.

g

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарыг онилсон үг, үйлдэл цаашид хэрхэн үргэлжлэхийг харах нь сонирхолтой ч хариу үр дүн нь таатай зүйлийг авчрахгүй л болов уу.

а

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин