Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын арын гэр хорооллын дунд 20 сая төгрөгөөр баригдсан хүүхдийн тоглоомын талбайн зураг. Сонгинохайрхан дүүргээс зарласан тендерт "СБУ" ХХК шалгарч, энэ хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг авчээ. Ингээд 2013 оны арванхоёрдугаар сард ажлаа дуусган, хүлээлгэн өгсөн байна. Ямартай ч ажил хийгджээ. Харин 20 сая төгрөг зарлагадаж, энэ тоглоомын талбайг байгуулсан нь арай л гомдмоор санагдаж, холбогдох хүмүүсээс лавлаж үзлээ. Эхлээд 30 дугаар хорооны Засаг дарга Ч.Гантулгатай холбогдож, ерөнхий мэдээллийг авав. Хөрөнгө нь орон нутгийг хөгжүүлэх сангаас гарсан гэнэ. Гүйцэтгэгчийг дүүрэг нь сонгон шалгаруулж, захиалагчийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тавьсан аж. Хөрөнгө санхүүг нь гаргасан байгууллага хяналт тавих үүрэгтэй ч хорооныхон зүгээр хараад суух учиргүй. Хийгдэж байгаа ажилд өдөр тутмын хяналтыг хорооныхон тавих ёстой. Ч.Гантулга даргатай 30 дугаар хорооныхон энэ үүргээ биелүүлсэн ч гүйцэтгэгчээс "зураг төсвийн дагуу хийгдэж байгаа" гэдгээс өөр үг сонсдоггүй байсан гэнэ. Тэгээд эцэст нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт албан тоот явуулж, тусламж хүссэнээр албаны хүн ирж үзээд "гүйцэтгэгч компанид шаардлага тавина" гээд явдаг тухай учирлаж байна.
6
Хорооны даргын ярианаас гүйцэтгэгч гэж хэтэрхий том толгойтой байгууллага бололтой гэсэн бодолтойгоор "СБУ" ХХК-ийн төлөөлөл Ганбаатар гэх хүнтэй холбогдож, ярилаа. Тэрбээр бухимдалтайгаар төрийн ажлын явуургүй завааныг тайлбарлаж, залхсанаа ярьж байна. "СБУ" ХХК энэ ажлаас нэг ч төгрөгийн ашиг олоогүй гэнэ. Хашаа, хүүхдийн тоглоом зэргийг нь хоёр, гурван удаа хулгайд алдсан. Алдах тоолондоо дахин дахин хийсээр ямар ч ашиг олоогүй. Тэнд хичнээн сайхан зүйл хийгээд нэмэргүй юм байна лээ хэмээн түмэн зовлон тоочив. Дээр нь хариуцах эзэн байдаггүй. Ажил өгсөн гэдэг нэрээр аж ахуйн нэгжийг дарамтлах гэсэн том том босс л ирдэг хэмээсэн нь төрийнхөн тэр дундаа хорооны удирдлагатай хэл амаа ололцоогүй нь илэрхий. Нийтдээ 20 сая төгрөгийн өртөгтэй гэж байгаа ч санхүүжилтийн 20 хувийг "СБУ" ХХК өнөөдрийг хүртэл аваагүй байгаа гэнэ. Хотын зүгээс хорооны даргаас албан бичиг авчир гэсэн шаардлага тавьдаг аж. Харин хорооны дарга нь албан бичиг өгдөггүй гэнэ. Ажил хийсэн хүнийг ялд унагадаг байдлаас залхаж буйгаа хэлж, бухимдлаа илэрхийлснээр бидний яриа өндөрлөв.
6
Ингээд гүйцэтгэгч компанийг түмэн зовлонд унагасан төрийн байгууллагатай холбогдож, учир байдлыг тодрууллаа. Тухайн үед энэ ажилд хяналт тавьж байсан нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилгын инженер М.Түвшинбаяраас тайлбар хүссэн юм. Тэрбээр хүйтэрсэн үед гэрээ байгуулсан учраас зарим ажлыг нь дулааны улиралд хийх шаардлага гарсан. Мөн хийсэн зарим ажил нь чанарын шаардлага хангахгүй байсан учраас санхүүжилтийг бүрэн гүйцэт олгоогүйг хэлж байна. Бас холбогдох хуулийн дагуу чанарын баталгааг хангуулах үүднээс санхүүжилтийн таван хувь нь барьцаа болгон үлддэг. Харин үлдсэн 15 хувийг нь ажлаа бүрэн гүйцэд, чанартай хийж гүйцэтгэсэн тохиолдолд л өгөх гэрээний заалттай аж. Тэгэхээр нийслэлийнхэн "СБУ" ХХК-ийн хийсэн хүүхдийн тоглоомын талбай чанарын шаардлага хангаагүй, дутуу дулимаг гэдгийг мэдэж, харж байсан гэсэн үг. Гэтэл аль хэдийнэ хүлээгээд авчихсан.
6
Одоо хэнтэй хариуцлага ярьж, хэнээс 20 сая төгрөгийг нэхэх вэ? Зохимжгүй газар, хулгайч нарын дунд ажил өгсөн гэж гомдоллох "СБУ" ХХК-ийг буруутгах уу? Эсвэл гүйцэтгэгчийн хийгээд өгсөн зүйлд хараа хяналт тавьдаггүй, бурууг бусдад тохож суугаа хорооны удирдлагатай хариуцлага ярих уу? Үгүй бол төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарж буйг зүгээр хараад, бүр хүлээн зөвшөөрсөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт бурууг тохох уу? Энэ мэтээр түмэн асуулт ургуулж болох ч хариулт өгч, хариуцлага хүлээх хэн ч байхгүй. Бие биенээсээ хариуцлага нэхэж, нэг нэгэн рүүгээ бурууг чихсэн хэсэг бүлэг хүмүүсийн дунд төсвийн мөнгө хог шиг хийссэн нь л туйлын үнэн. Тэр мөнгө 20 сая эсвэл 16 сая байх нь чухал биш. Гагцхүү та бидний халааснаас гарч буй төсвийн хөрөнгөний сохор зоос ч үнэ цэнэтэй байх учиртай.
:
5
В.Хэрлэн
Гэрэл зургийг Б.Бат