Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах тогтоолын төсөл УИХ-д өргөн баригдлаа. Улстөрчдийг олон жилийн турш маргалдуулж хүлээлт үүсгэсэн төмөр замын өргөн нарийн царигийн асуудал ийнхүү нэг тийшээ шийдэгдсэнээр дэд бүтцийн гацаа арилах нь. Энэ удаад нарийн, өргөн царигийг хоёуланг нь барихаар боллоо. Маршрут нь нэн тодорхой. Тавантолгой хүртэлх өргөн цариг тавигдаж цааш нь Оюутолгой, Гашуун сухайтаар дамжин урагш гарах зам нарийн байх нь. Хөөтөөс Бичигтийн боомтоор дамжсан зам нарийн царигтай болж таарч байна.
1
Хятадын хил дээр алдагдаж байгаа ачаа буулгалтын зардал Монголын талдаа үлдэнэ. Боломжийн л санал. Энэ нарийн царигийн замаар сэлгээний ачилтын зам алга болж байгаа юм. Өртөг өндөр, цаг хугацаа их шаарддаг гажуудал байхгүй болно. Зэсийн баяжмал, нүүрсээ дан автомашинаар зөөж байгаагаас асар их зардлаа хөрш рүүгээ цутгаад байгаа нь цэгцлэгдэнэ. Алдаа оноо бишгүй ч өртөг багатай гарцтай болох эхлэл тавигдаж байгаа нь сайшаалтай. Хоёр жилийн дотор л энэ гарц нээгдэнэ гэж албаныхан хэлж байгаа нь үнэн бол экспортын бүтээгдэхүүний маань өрсөлдөх чадвар сайжирч, нөгөө нүдний гэм болоод байгаа валютын урсгал нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ч огцом нэмэгдэнэ.
1
Засгийн газар тогтоолын төслөө өргөн мэдүүллээ. УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. Давхар дээлийн маргаан нь ид цэцэглэж байгаа УИХ улс төржилтөө хойш нь тавиад энэ асуудлыг шийдчихвэл хэтийн ирээдүйд тунчиг хэрэгтэй тогтоол юмсан. Эдийн засгийн сэргээх 100 хоногийн марафондоо Засгийн газар төмөр замын энэ бүтээн байгуулалтыг энэ ондоо багтааж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төмөр замын гарц бүхий гурван боомт дээр Гашуун сухайт, Бичигт, Нөмрөг, Шивээ хүрэн зэрэг боомтууд шинээр нэмэгдээд ирэхээр экспорт нэмэгдээд эхэлнэ. Экспортын 80 орчим хувийг эзлэж байгаа урд хөрш рүү ийнхүү анхаарлаа хандуулснаар бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ.
1
Гэхдээ асуудал байна аа. Тавантолгой, Хөөт, Сайншанд дээр сэлгээний ачилтыг хийх цогцолборыг хэрхэн хийх вэ /өргөнөөс нарийн төмөр зам руу/. Асар их зардал гарна. Уул уурхайн ордуудыг дайруулан татаж байгаа болохоор олборлолт муудаж саарсан тохолдолд энэ замын ашиглалтыг яаж хэвийн хэмжээнд барих вэ. Зөвхөн түүхий эдээ зөөсөөр байх уу. Аль эсвэл ачаа тээврийнх дээрээ нэмээд хүн тээврийн хосломол шугам бий болгох уу. Солонгосчууд төмөр замын өргөн нарийн царигийн алинаар нь ч вагон солихгүйгээр зорчиж чадах вагон тэнхлэг бүтээсэн. Галт тэрэг 200 км цаг хүртэл хурдлах бөгөөд цариг солигдох үед 30 хүртэлх км цагийн хурдтайгаар явсаар нарийнаас өргөн, өргөнөөс нарийн цариг руу шилжих болохоо тогтоолоо. Оросууд Транссибирийн замаа Хойд Солонгосоор дамжуулж урагш нь гаргах гээд дайны өрөө цуцлаж байна. БНАСУ хойд хөрш рүүгээ хандаж байна.
1
Төмөр замаа дагаад бид ч тэр их зах зээл рүү хөл тавина. Оростой бид асуудалгүй, өргөн замаараа л нийлчихнэ. Бидэн рүү дэд бүтэц дөхөөд байх юм. Умард Солонгосыг гатлан Оросоос дамжин Монгол руу тээвэр хийх маршрут гаргасан нь ч энэ төслөөр харагдлаа. Өргөн төмөр замаа барьдгаараа бариад дээр нь нарийн замаар уул уурхайн түүхий эдээ гаргаад байвал ирээдүйн өгөх ашиг тус нь зүйрлэшгүй их юм даа. Технологи өндөр хөгжөөд байна. Гарц маань улам бүр нээлттэй болж байна. Төмөр замынхан энэ технологийг ашиглаад замаа хөгжүүлж болно. Жаахан мөнгө хаячих. Өртгөө 15 жилийн дараа төлөөд ашигтай ажиллая гэж байна.
1
Саарал өдрүүдийн сайхан мэдээ шүү. Үнэ хөлсөнд нь ашигт малтмал, түүхий эдийнхээ ашгийг оролцуулья л даа. Өргөн цариг 1520 мм, нарийн 1435 мм-ийн хоорондох 85 мм-ийн зайг вагон ачиж буулгахгүйгээр яаж шилжүүлж болох талаар Австри, Солонгосчуудын шинэ технологийг туршаад үзэхэд гэмгүй л болов уу. Нэгэнт төр шийдвэрээ гаргах гэж байна. Өргөн царигийг дэмжсэн. Яаж вэ гэдэг гаргалгааг УИХ-д танилцууллаа. Одоо хэрэгжүүлье. Өргөн, нарийнаа ч барья. Бодох юм их байлаа ч гэсэн эдийн засгийн хүнд ачааг хөнгөлөх бидний цор ганц боломж байж болох шүү. Эдийн засгийн хөгжлийг тэргүүлэгч санал дэвшүүлж болно. Засгийн газар дэмжиж болно. Монгол төрийн ноён нуруу болсон нөхдүүд яах вэ. Орд газруудыг түшиглэхээс илүүтэй Могойн гол-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барина гэж төлөвлөгөөнд тусгажээ. Бас л сайхан санаа. Мөнгөө яаж босгох талаар л одоо УИХ бодох цаг болсон. Ийм боломж байгаа гэдгийг төмөр замынхан ярьж байна. Гэхдээ нөгөө л өртөг өндөр гэдэг шалтгаан. Мөнгө босгох дээрээ тулбал болно гэж төмөр замынхан хэлж байгаа юм.
1
Давхар дээлийн маргаан дууслаа. Ахиад хуулийн төсөл өргөн барихгүй бол шүү дээ. Улс төрийн хямрал цэгээ тавилж байх шиг. Жаахан азнаад унасан эдийн засагтаа анхаарлаа хандуулья. Хэвлэлийнхэн ч Хуульзүйн сайдын улыг ухаж, эдийн засгаа мартлаа. Ингэхэд намар болно, дараа дараагийн жилүүдэд хөгжил үргэлжилнэ гэдгийг бүгдээр ухаарахсан. Шогтож болно л доо. Гэхдээ шогтож боломгүй цаг үе ирээд байна.
1 Н.Бадамжав