Өнөөдөр тавдугаар сарын нэгэн. Майн баярын өдөр. Эрт дээр нэгэн цагт гэдэг шиг 20-иодхон жилийн өмнө мундаг баяр байлаа. Өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн баяр болоод өнгөрч байх шиг. Соц нийгмийн үед бол Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан болж “Майн нэгэн мандтугай, манай орон хөгжтүгэй. Бүх дэлхийн үгээгvй ядуу пролетари нар нэгдэгтүн” гэж ирээд л капитализмыг хараах хамгийн хүчирхэг ёслол байлаа. Угтаа утга нь өөр. 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын коммунистууд олныг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулж ажлын цагийг найм болгох, эмэгтэйчүүдэд адил тэгш эрх чөлөө олгох талаар анхлан тэмцсэн байдаг. Ажилчин ангийн тэмцэл хурцадсаар аргагүйн эрхэнд 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон тунхаглажээ. Ажилчин ангийн баяр “Майн нэгэн”-ийг 1890 оноос Орос оронд тогтмол тэмдэглэх болсон нь 1922 онд Монголд “халдварлаж” Хүрээний хөвгүүд охидууд тоос шороо бужигнуулан “Майн нэгэн мандтугай” хэмээн хашхиран жагсацгааж эхэлсэн. 1989 он хүртэл 67 жилийн турш улс даяар хөл хөдөлгөөн болж тэмдэглэв. АНУ-ын Чикаго хотоос анхны гараагаа эхэлсэн Майн нэгний жагсаал эдүгээ 138 дахь жилтэйгээ золгож өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийнхэн Чингисийн талбай дээр цуглаан зохион байгуулснаар Майн нэгнээ тэмдэглэх нь.
₮
Капитализмыг шүүмжлэх эрхгүй болсон болохоор Майн нэгнийг анхлан тэмдэглэх болсон шалтгаан болох хөдөлмөрчин хүний цалин хөлсийг зөв үнэлэх, ажлын байрны аюулгүй байдлыг хангах, иргэдээ ажлын байраар хангая, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлье гэх уриаг цангинуулна. Жагсаалд оролцогчдын үе үеийн уриаг ийнхүү нэхэн сануулна. Эрх баригчид аядуу зөөлөн хандана. Одоохон л цэнгэлийн манлайд хүрч болно гэж сэнхрүүлнэ. ҮЭ-ийн зарим удирдлагуудыг хүлээн авч ханцуй дотроо гар барилцана. Гурван талт хэлэлцээр /ҮЭ, Ажил олгогчд эзэд, Засгийн газар/ -ээр энэ бүх асуудлаа шийднэ гэнэ. Засаг тал засна, ажил олгогчид хөдөлмөрийн бүтээмж муу гэдгээр далимдуулаад цалин нэмэхгүй, ҮЭ үе үе жагсаал цуглаан, өргөх бичиг барьсаар хэдэн оныг үднэ. Тэмцэл нэг иймэрхүү болж замхраад ҮЭ-ийн тэмцэгчдийн толгойлогчид УИХ-д сууна. Бүх удирдлагууд нь УИХ-д ээлж дараагаараа сууцгаасан. Харин энэ залуу даргыг сандал ширээ рүү мацахгүй гэж найдна.
:
Монголд хамгийн ихээр зөрчигдөж байгаа эрх нь хөдөлмөрлөх эрх. Асар олон ажлын орон тоо бий. Ажил олгогч нар туршилт нэрээр хүнийг гурав дөрвөн сараар ажиллуулж байгаад “Уучлаарай, та манайд тэнцэхгүй нь” гээд явуулж орхино. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлөхгүй гээд гүрийчихнэ. Ажлын байрных нь хөдөлмөрийн аюулгүйн байдлыг хангахгүй. Ямар нэг байдлаар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдвөл ажил олгогч нар хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Хууль гууль болж байгаагийн хариуцлагыг энгийн хөдөлмөрлөгч хүртэнэ. Ажил хийж байгаа нь ял болж хувирна. Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд олон монголчууд гаднаас ирж байна. Харамсалтай нь амлаад байсан ажлын байр нь нэг иймэрхүү л дүр төрхтэй. Яаж энэ Монгол хөгжих болж байна аа. Монголчууд хөдөлмөрийн чадамж, бүтээмж муутай гэдэг. Яагаад гадаадад хамгийн сайн ажилчид нь монголчууд байна вэ. Энэ тухай эргэцүүлж ер бодохгүй төр нь шийдвэр гаргана. Төр лүүгээ халдах нь монголчуудын язгуур ухаанд тэр бүрий багтаад байхгүй. Гэхдээ Төр гэдэг эзэн биегүй сүр жавхланг хэдэн “хий сүг” төлөөлөөд байгаа энэ нөхцөлд шүүжлэхээс өөр арга байхгүй.
:
Төр өөрөө хариуцлагагүй байхад доод шатандаа яаж хариуцлагатай байх билээ дээ. Бид тунгалаг атлаа хариуцлагатай төрийг нийгмийн эд эс бүхэндээ нэхэж байна. Хувьсгалын тохироо нь ч энэ байж болох шүү. Буруу үйлдлийнхээ төлөө төрийн албан тушаалтны хэнбугай нь ч хариуцлага хүлээхгүй. Майн нэгэн шинэ утгаараа үүнтэй л тэмцмээр байгаа юм. Нэгийг нь түлхээд унагахаар нөгөө нь дарааллаараа нураад уначих ийм л тогтолцоотой болчихож. Нэг том даргын хамаатан нь томдуу зэргийн дарга, түүний хамаатан нь дунд зэргийн дарга, түүний хамаатан нь дундаас доош зэргийн дарга, түүний хамаатны хамаатан нь бага зэргийн дарга, бүр холын хамаатан нь дарганцар гээд явчихаар хариуцлага алдсан хэнийгээ халж эвгүйцэх билээ. Бүгд л даалууны дараалал болчихож. Эрхзүйн шинэчлэл хийх гэсэн Хуульзүйн сайдыг ямар гайхамшигтай тогтолцоогоор үгүй хийхийг хүсч байна даа. Хөдөлмөрлөх эрхийн төлөө тэмцэл засаглалын гажуудлыг үгүй хийж, хууль эрхзүйн таатай орчин үүсгэхээс эхлэх учиртай. Ингэж гэмээн сая цогц шинэчлэл болж чадна. Майн нэгнийг бялуу хуваах арга ухаан бус хөдөлмөрчдийнхөө эрхийг хамгаалсан тэмцэл болгоё л доо.
:
Н.Бадамжав
Уншиж байна |