Хаврын синдром гудамжнаас төрийн ордонд шилжиж нэг нэгнээ баалж суух энэ л өдрүүдэд хөдөө аж ахуйн салбар гээгдээд байх шиг. Цагийн тавиунд мал сүрэг анх удаа 50 саяд хүрч мал төллөлт ч тун дажгүй дүнтэй гарлаа. Хэд хоногийн хаврын хавсаргаар цөөнгүй мал хорогдлоо. Голцуу ноолуурыг самначихсан ямаан сүрэг. Малчид ажиралгүйгээр цагийн хөтүүг давж байна. Малаа мянгад хүргэх үү, мянгын ашгийг зуугаас олох уу гэдгийг сайн мэддэг болжээ. Хөдөө аж ахуйн гол тулгуурын нэг мал аж ахуй сэргэж байгаа нь эдийн засгийн хямрал гэх таагүй дүгнэлтийг бага ч болтугай зөөллөж байна. Гэхдээ л мөнөөх төрийн амлаад байсан хөдөө аж ахуйн биржийн сүлжээ бий болоогүйгээс шалтгаалан хот суурингийнхан ченжүүдийн гараас тэнгэрт тулсан өндөр үнээр мах сүүгээ худалдан авсаар байна. Малчдын хотоос суурингийнханд хүрэхдээ хэд дахин өндөр үнэтэй болдог энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр малын тоо толгой өсөх, ашиг шим дээшлэх нь хэрэглэгчдэд огтоос хамааралгүй нь эргээд эдийн засагт хүндхэн цохилт өгсөөр байх болно. Хөдөө аж ахуйн бирж мах сүү, арьс шир, ноос ноолуурыг хэрэглэгч үйлдвэрлэгчдийн гар дээр хямд үнээр шуурхай хүргэхийн сацуу хөдөө орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрүүдийг бий болгох, түүхий эдээр хангаж нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлэх давхар үүргийг хүлээх ёстой байлаа.
:
Бид сайн ярьцгаана. Ялангуяа хаврын ид ажлын цагаар. Харин бэлчир дээрээ хэрэгжиж байгаа нь нэг иймэрхүү. Уг нь хөдөө аж ахуйн салбар монголчуудыг хэзээ ч өлсгөж байсангүй. Энэ салбарт өгөх дэмжлэг гол улирал бол хавар. Энэ хавар тариаланчдад илүү их дэмжлэг хэрэгтэй байна. Тавдугаар сарын эхнээс л тариалалт эхэлнэ. Атрын аяны хүрээнд газар тариаланг чамгүй дэмжсний үрээр өөрийнхөө хэрэгцээг хангахуйц хэмжээнд хүрсэн. Гадагшаа экспортлох талаар ч ярьж байлаа.
.
Өнгөрсөн жил таримлын сэлгээнд тосны ургамал рапсыг оруулж ирснээр улаан буудай тариалах хэмжээ 10 гаруй хувиар буурч 400 орчим мянган тонн улаанбуудай хураан авсан. Рапсыг урд хөрш рүү шууд гаргадаг болохоор тариаланчид дуртайяа тариалах болсон. Өнгөрсөн жил 400 орчим мянган га талбайд тариалалт хийснээс 76 мянган га-д тосны ургамал тарьсан байх юм. Нийт уриншийн талбайн 19 хувь. Хөрс голохгүй ургадаг, чамгүй ашигтай рапсын тариалалтыг аж ахуйн нэгжүүд илүүтэй сонирхох болж, улаан буудай, хүнсний ногоо тариалах халхавчаар ихээхэн хэмжээгээр рапс тариалсан. Рапс нь хөрс голохгүй ургахаас гадна арчилгаа багатай хэрнээ рапс тариалсан газарт ойрын хэдэн жилдээ өвс, ногоо дахин ургах, ургац авахааргүй болдог хөнөөлтэй. Тариалалтын талбайн 20 хувь ингээд ашиглалтаас гараад байвал тун удахгүй тариалах талбай ч үгүй болох нь.
.
Хаврын тариалалт тавдугаар сарын 1-нээс эхэлж 315.3 мянган мянган га талбайд, үүнээс улаан буудай 304.5 мянган га-д, төмс 15.5 мянган га-д, хүнсний ногоо 8.3 мянган га-д, малын тэжээл 10.3 мянган га-д, тосны ургамал 24.1 мянган га-д, нийтдээ 373.5 мянган га-д тариалалт хийх талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Одоо тариалалтад нийт 48 мянган тонн буудайн үр шаардлагатай бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн салбарын нөөцөөс шийдэхийн зэрэгцээ гаднаас тодорхой хэмжээний үр импортолно. Энэ жил 20 мянган тонн үрийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж, импортлохоор болсон. Өнөөдөр 3.5 гаруй мянган тонн үрийг оруулж ирээд байгаа ажээ. Гаднаас авчрах үрийг хадгалах элеваторыг одооноос бэлтгэж, тариалангийн ажилд шаардлагатай 20.1 мянган тонн шатахуун хэрэгтэй. Долларын ханш чангараад байгаа өнөөгийн нөхцөлд зардал төдийчинээ өснө. Харин бидэнд бэл бэнчин нь байгаасан бил үү.
:
Төрд уг нь хийх ажил бишгүй байгаа. Харамсалтай нь засаглалын хямрал тойрсон хэрүүлээс ангижирч чадахгүй сууна даа. Эдийн засгаа солонгоруулах хамгийн том шийдэл нь хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйгаас нийлүүлэгдэх түүхий эд дээр жаахан нэмүү өртөг шингээчихвэл хөгжлийн галт тэрэгний дорвитой түлш болохсон.
.
Н.Бадамжав
Уншиж байна |